Үндсэн хуульд нийцүүлээд хуулийн төслүүдээ боловсруулсан, ондоо багтаагаад баталчих байх
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.12.23

Үндсэн хуульд нийцүүлээд хуулийн төслүүдээ боловсруулсан, ондоо багтаагаад баталчих байх

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа. 

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэж, үүнээс улбаалаад арилжааны банкууд зээлээ зогсоосон. Таныг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулаад өргөн барихад бэлэн болсон гэж сонслоо?

-Үндсэн хуульд нийцүүлээд Үл хөдлөх хөрөнгийн болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулаад Засгийн газраас санал авчихаад байна. Одоо УИХ-ын даргад өргөн барих тов тогтоолгохыг хүлээж байгаа. 

-Хуулиудад ямар өөрчлөлт оруулахаар төсөлдөө тусгасан бэ?

-Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой Цэцийн шийдвэр гарснаас хойш Монголын банкны холбоо найман хувийн ипотекийн зээлээ зогсоолоо гэж мэдэгдсэн. Монголын банкуудын холбоо эрх зүйн орчин байхгүй болчихсон нь маш их эрсдэл дагуулж байна гэж тайлбарласан. АН-ын бүлэг “Шударга ёс” эвслийн бүлэг хамтраад засч залруулах талаас нь ажиллахаа мэдэгдсэн шүү дээ. 2012 оноос найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш 75 мянган айл орон сууцтай болсон. Үндсэн хуулийн суурь ойлголтоор хүн өмчтэй байх, өмчөө барьцаалж зээл авах, эдийн засаг санхүүгийн баталгаа болдог эрх баталгааждаг. Иргэдийн хамгийн гол өмч бол үл хөдлөх хөрөнгө.

Хашаа байшин, газар, орон сууц  гээд зээл авах барьцааны эх үүсвэр нь болдог. Гэтэл үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах эрх зүйн орчин байхгүй болчихоод байгаа. Цаашдаа ч гэсэн найман хувийн хүүтэй ипотекийн зээл дэлхийн жишигт нийцэхүйц буюу 3, 4 хувь болох ёстой. Барьцаа болгож авч байгаа санхүүгийн байгууллагынхаа хувьд ч гэсэн өмч нь баталгаатай байх ёстой шүү дээ. Тиймээс аль аль талдаа эрх зүйн орчин нь таатай байх нь чухал. Одоогоор нийслэлийн 200-300 мянган айл орон сууцгүй байгаа. Энэ хүмүүст ч гэсэн орон сууцны зээлэнд хамрагдах боломж байж байх ёстой юм. Улаанбаатар хот утааныхаа асуудлыг шийдэх гарц орон сууцжуулах. Гурван жилд 75 мянган өрх орон сууцанд орчихож байгаа юм чинь дахиад 5-10 жилийн дотор иргэд орон сууцтай болж, Улаанбаатар утаагүй болох боломж бий. Мэдээж, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоод явбал шүү дээ. 

-Зээлээс гадна орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал маш их хүлээлт үүсгээд байна. Урьдчилгаа төлбөрийн 20 хувьд баталгаа гаргахыг Төрийн орон сууцны корпорацид хариуцуулах боломжтой гэж яригдаж байна. Энэ талаар ямар шийдэл байж болох вэ?  

-Хууль эрх зүйн орчныг нь л маш сайн хийж өгөхгүй бол замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй. Баталгаагүй, эрсдэлтэй нөхцөлд ипотекийн зээлийн хүү маш өндөр байдаг нэг жишээ бол ломбард байна. Тиймээс эхлээд эрх зүйн орчныг нь хурдан бий болгож, хэвийн байдалд нь оруулах ёстой. Үндсэн хууль зөрчихгүйгээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой. Үндсэн хуулийг үг үсгээр нь биш утга агуулгаар нь харах ёстой. 

-Таны боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд баталчихлаа гэж бодъё. Үндсэн хуулийн цэц дээр очоод уначихгүй байгаа. Тэр эрсдэлээ тооцож үзсэн биз дээ?

-Мэдээж, эрсдэлээ тооцож үзэлгүй яахав. Үндсэн хуульд нийцүүлээд хуулийн төслүүдээ боловсруулсан. Батлагдахдаа ч гэсэн УИХ дээр олон хэлэлцүүлгээр дамжина. Тэгэхээр шүүлтүүрээр ороод батлагдаад явах байх.
 
-Шинэ оноос өмнө УИХ-аар хэлэлцэж амжих болов уу?

-Амжуулна гэж бодоод явж байна. Надаас шалтгаалахгүй юм бас байна. Өөрөөс шалтгаалах бүгдийг л хийж байгаа.