Тэтгэвэр, цалин, малчны зээлийн хүүг бууруулах  шаардлага тавилаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2016.01.12

Тэтгэвэр, цалин, малчны зээлийн хүүг бууруулах шаардлага тавилаа

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.

Бүлгийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Ардын намын засгийн үед орон сууцны зээл зургаан хувийн хүүтэй байсан. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг зургаан хувийн хүү нь орон сууцны үнийг хөөрөгДөж байгаа учраас гэсэн тайлбартайгаар найман хувь болгосон. Саяхнаас АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд энэ зээлийн хүүг таван хувь болгох амлалт өглөө.

Орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн  хүүг тав болгох асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцээгүй. Гэхдээ энэ асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл бий. Ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлэхэд 2.4 их наяд төгрөг хэвлэх үед орон сууцны үнэ өндөр байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр барилгын материалын үнэ нэлээд буурсан. Иргэд бага хүүтэй нэрийн дор хийсвэр үнэ өртөгтэй орон сууц худалдан авч хууран мэхлэлтэд орох вий гэсэн болгоомжлол  бий. Эрх баригч АН зээлийн хүүг бууруулж болдог юм байна гэсэн ойлголтыг өгч байна.

Энэ нь хуульд ямар ч нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтойг харуулж байна. МАН-ын бүлгээс сүүлийн хоёр жил ахмад настны тэтгэврийн болон малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах санал, шаардлагыг Засгийн газарт тавьсаар ирсэн. Энэ шаардлагаа ч бид дахин тавьж байна” гэж мэдээллээ.