Чаналгын үйлдвэрлэлдээ дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ
Монгол түмний уламжлалт баяр наадам болох сар шинийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Өвөг дээдсийн үеэс үе уламжлагдан ирсэн төрт ёсны хамгийн том баяр болох “Цагаан сар”-ын билэгдлийн нэг бол хэвийн боовыг сондгой тоогоор эгнүүлэн өрж зассан тавгийн идээ байдаг билээ. Гэвч хэвийн боовонд хүний биед сөрөг нөлөөтэй транс тос ихээр агуулагддаг гэх болгоомжлол иргэдийн дунд үүсээд байгаа нь нууц биш. Тиймээс ч манай сонины сурвалжлах баг Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-д зочилж, хэвийн боовны үйлдвэрлэлийн явцтай танилцсан юм. “Талх Чихэр” ХК-ийн хувьд өнөөдрөөс хэвийн боовны үйлдвэрлэлээ албан ёсоор эхлэх аж.
Бид юун түрүүнд тус компанийн хэвийн боовны чаналгын үйл явцтай танилцсаны зэрэгцээ Чаналгын үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Д.Гантөмөртэй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
Д.Гантөмөр: Бусдаас ялгарах хамгийн том онцлог нь шүүх технологи
/Чаналгын үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер/
-Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд тавгийн идээний хэвийн боовны эрэлт нэмэгдэж эхэлж байна. Танай компани хэвийн боовны үйлдвэрлэлээ хэзээ эхлүүлэх гэж байна вэ?
-Бичин жилийн хэвийн боовны үйлдвэрлэл албан ёсоор маргааш /өнөөдөр/ эхлэх гэж байна. Бэлтгэл ажил маань ерөнхийдөө дууссан. Үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий эд материал, ажилтнуудын мэргэжлийн сургалт, техник технологийн талын бүх бэлтгэл ажлуудаа бүрэн хангасан. Ерөнхийдөө ажил эхлэхэд бэлэн болсон гэж хэлж болно. Жил бүрийн энэ үед манайх үндсэн ажилтнууд дээр нэмээд түр ажиллах хүчнийг авч ажиллуулдаг. Нэмэлт ажиллах хүчний талаар дурьдахад жил бүр буюу 10 гаруй жил сар шинийн баярын өмнөх өдрүүдэд манай компанид ирж, ажиллаад, мэргэшчихсэн хүмүүс байдаг.
Мөн үйлдвэр маань ISO9001 стандартыг нэвтрүүлчихсэн. Тиймээс хэвийн боовны үйлдвэрлэлийг олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэмжээнд явуулах шаардлагыг хангахын тулд ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт оруулж, бусад техник технологийн талаархи мэдлэгийг олгож ажиллуулдаг.
-Энэ жилийн хувьд хэдэн нэр төрлийн хэвийн боовыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол?
-“Түмэн насан”, “Атар” брэндийн хэвийн боовыг үйлдвэрлэнэ. Өмнө нь “Ерөөл” нэртэйгээр хэвийн боов үйлдвэрлэж байсан. Тухайн үед “Ерөөл” гэдэг архи худалдаалагддаг байлаа. Одоо ч худалдаалагдаж байгаа байх. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө архинаас татгалзана гэсэн санаатайгаар “Ерөөл” нэрийг халж, “Атар” нэртэйгээр хэвийн боов үйлдвэрлэж эхэлсэн. “Атар” гурилыг “Милл хаул” компани үйлдвэрлэдэг. Эх орны хөрсөн дээр ургасан үр тариагаар гурилаа үйлдвэрлэж, түүнийгээ хэвийн боовны үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, үүгээрээ үндэснийхээ үйлдвэрлэлийг хөрснөөс нь эхлэн дэмжиж, ард түмэндээ хүргэнэ гэсэн санаагаар “Атар” брэндийг гаргасан.
Түмэн насан брэндийн хувьд төгсөшгүй үргэлжлэн жаргах түмэн насан хээг бэлгэдэг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ брэндийг монгол шар тосыг гуриландаа багсарч, ард иргэдийн хүндэтгэлийн хамгийн том идээг засахад зориулан бэлтгэн хийдэг юм. Жингийн хувьд 0.4 кг, 0.6 кг гэсэн хоёр төрлөөр гаргана. Харин савлагааны тухайд 15, 21, 25 гэсэн ялгамжтайгаар савлах болно. Мөн дээр тахилын боов гэж бий. Энэ жил савалгааг нь шинэчилсэн. Эдгээрийг суурь еэвэн урамшуулалд нь дагалдаж байгаа.
-Үйлдвэрлэлдээ монголдоо үйлдвэрлэгдсэн гурил хэрэглэж байна уу, эсвэл импортын гурил хэрэглэдэг үү?
-Эх орны хөрсөнд ургасан үр тариагаар гурилаа бэлтгээд хэвийн боовны үйлдвэрлэлдээ хэрэглээд явж байгаа ч, бидний бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх цавуулагийн тодорхой үзүүлэлт гэж байдаг. Эдгээр үзүүлэлтээс хамаараад тухайн гурилын цавуулгийг өөрсдийн технологидоо зохицуулахын тулд гаднаас импортын гурил авдаг. Тэр нь Алейка, Цесна. Манайх үйлдвэр дээрээ итгэмжлэгдсэн лабораторитай. Тэр лабораторийнхаа шинжилгээнд үндэслэж, түүхий эдээ сонгож, тодорхой харьцаагаар хольж, үйлдвэрлэлдээ хэрэглэдэг.
-Хүний биед хортой транс гэх тос хэвийн боовонд ихээр агуулагдаж байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Танай компанийн хувьд хэвийн боовоо чанахдаа ямар тос хэрэглэдэг вэ?
-Манайх далдуу модны тосыг хэвийн боов үйлдвэрлэлдээ ашигладаг. Үйлдвэрийн дарга, Үйлдвэрийн гүйцэтгэх захирал, Үйлдвэрийн технологичид өөрсдөө Малайз улсын далдуу модны тос үйлдвэрлэгч компаниудад очиж, газар дээр нь судалгаагаа хийсний үндсэн дээр сонголтоо хийж, тосоо “Та Чи” гэсэн өөрийн үйлдвэрийн брэнд нэрээр хаяглуулан Монгол руу тээвэрлэн авчирдаг юм. Далдуу модны тос нь өөрөө шингэн тос. Үүнд транс тос байхгүй. Үүнээс гадна 2013 оноос чаналгын үйлдвэрт техник технологийн шинэчлэлтийг хийх бодлого хэрэгжлүүлсэн. Энэ хүрээнд Италийн Canol фирмийн урсгал шугамыг оруулж ирсэн. Мөн Cepi брэндийн гурилын систем зэрэг иж бүрэн урсгал шугам тавигдсан. Энэ урсгал шугамд тосыг явцын дунд нь маш нарийн технологиор шүүдэг механик шүүгч, тунгаан шүүгч гэсэн хоёр төхөөрөмжийг угсарч суурилуулсан. Энэ бол манай үйлдвэрийн бусад үйлдвэрээс ялгарах хамгийн том онцлог гэдгийг зориуд тодотгон хэлмээр байна.
Монголд эрүүл аюулгүй хэвийн боов үйлдвэрлэгч цор ганц үйлдвэр
...Хүний бие сөрөг нөлөөгүй, эрүүл аюулгүй, баталгаат хэвийн боовыг Монгол Улсад үйлдвэрлэн гаргаж буй цор ганц үйлдвэр бол “Талх Чихэр”. Бусад өрсөлдөгч компанийг нь үгүйсгэхийг хүссэнгүй. Гэхдээ тус компанийн хэвийн боов үйлдвэрлэлийн явцтай танилцсаны дараа ийм бодол төрснөө нуугаад яах вэ.
Чаналгын үйлдвэрийн дарга Д.Гантөмөрийн дээрх ярилцлагадаа дурьдсан хэд хэдэн зүйлийг энд дахин онцлохыг хүслээ. Нэгдүгээрт, эх орны хөрсөнд ургасан үр тариагаар үйлдвэрлэсэн гурилыг хэвийн боов үйлдвэрлэлдээ ашигладаг байна. Хоёрдугаарт, Малайз улсаас сайн чанарын далдуу модны тосыг тээвэрлэн авчирдаг аж. Харин бусад компаниудаас ялгарах хамгийн том онцлог нь Италийн Канол брэндийн урсгал шугам юм билээ. Энэхүү урсгал шугамд хэвийн боов чанасан тосыг явцын дунд нь маш нарийн технологийн дагуу шүүдэг механик шүүгч, тунгаан шүүгч гэсэн хоёр төхөөрөмж бий. Эдгээр шүүгч нь цаасан шүүлтүүрийн тусламжтайгаар тосыг шүүж, цэвэрлэдэг гэж ойлгоход болох аж.
Монголд цор ганц үйлдвэр л энэ технологийг ашиглаж байгаа нь тэд. Энэхүү технологийг тус үйлдвэрийн дарга, техникчид, санхүүгийн албаныханаас бүрдсэн баг Европын орнуудаар явж, судалгаа хийсний дүнд Италид үйлдвэрлүүлжээ. Харин шүүгч машинд хэрэглэгдэх цаасан шүүлтүүрийг Герман улсаас авдаг аж. “Маш нарийн технологитой төхөөрөмжийг ашиглахад, өртөг өндөртэйн дээр давхар давхар зардал их гардаг. Гэхдээ хүний эрүүл мэндийн төлөө, мөн дээр нь эрүүл хүнс үйлдвэрлэнэ гэсэн том зорилгыг өмнөө тавьж ажилладаг болохоор манай компани энэ тал дээр мөнгө харамладаггүй. Өнгөрсөн оноос эхлэн энэ технологийг хэрэглэж эхэлсэн” хэмээн Д.Гантөмөр дарга бидэнд бахархан ярилаа. Тос шүүгчийн ажиллагаа нь ч их онцлогтой юм билээ.
Тос бохирдсон байгаа үед шүүгч машин автоматаар ажиллаж, шүүгч цаас нь эргэлдэж эхлэх бөгөөд харин тос бохирдоогүй үед шүүгч цаас нь эргэхгүй зогсчихдог байна. Нэг үгээр хэлбэл, тосны бохирдлыг уг төхөөрөмж мэдрэгчээр мэдэрч, цаасан шүүлтүүр нь автоматаар ажилладаг юм байна. Өмнө нь шүүгч төхөөрөмжийг нэвтрүүлж эхлээгүй байхад тогооныхоо ёроолоос их хэмжээний хар тосыг шавхан авч, хэдэн тонноор нь хашаан дотроо хураадаг байсан тухайгаа ч Чаналгын албаны дарга биднээс нуугаагүй юм. Тэрбээр “Тогооны ёроолд үлдсэн тосыг авах, хаях ч газар олддоггүй байлаа. Харин үйлдвэрлэлийн процессыг шинэчилснээр цэвэр үйлдвэрлэлийн зарчим руу шилжсэн. Үйлдвэрлэлээс гарах хог хаягдал, ашиггүй зардлууд буурсан. Зөвхөн тосны талаар дурьдахад, хэвийн боовны үйлдвэрлэлийн бус, энгийн үйлдвэрлэлийн үед гэхэд сардаа 5-6 тонн тос бохирдож хаягддаг байсан. Нефтийн үлдэгдэл шиг л тос хаягдана гэсэн үг шүү дээ. Харин одоо ийм тос гарахгүй болсноор байгальд ч ээлтэй болсон” хэмээсэн юм.
Зуурмаг бэлтгэх автомат машин
“Талх Чихэр” ХК-ийн хэрэглэгчиддээ барьсан бас нэг чанарын дэвшил нь зуурмаг бэлтгэх технологи. Энэ жил урьд урьд жилүүдээсээ илүү онцлогтойгоор хэвийн боовны зуурмагаа бэлтгэх аж. Өмнө нь шуудайтай гурил, элсэн сахараа гараараа өргөн хийж зуурмагаа бэлтгэдэг байсан бол энэ жил энэ үйл явц бүрэн автоматчилагджээ. Хэчнээн кг гурил, элсэн сахар хийх ёстой тухай командыг автомат удирдлагад өгөх бөгөөд харин зуурмагт хэрэглэгдэх халуун хүйтэн усны тохиргоог автомат доозлогч машинд хийдэг байна. Ингэхээр бүх үйлдэл нь автоматчилагдсан гэж хэлж болно. Ингэснээр хүний гаргадаг боломжит алдаанууд 100 хувь буурчээ. Иймээс бүтээгдэхүүний орц найрлагад алдаа гарах магадлал буурсан байна.
Үүнээс гадна тус үйлдвэрийн үйлдвэрлэн гаргах “Түмэн насан” брэндийн зуурмагт шар тос багсарч хийдэг. Өмнө нь бүтээгдэхүүндээ хэрэглэх шар тосоо эднийх зах зээлээс нарийн шалгуургүйгээр авах тохиолдол байсан бол одоо тус брэндэд тусгайлан зориулсан шар тосыг хангамжийн албаны явуулсан судалгааны үр дүнгийн дагуу тогтмол нэг хүнээс авдаг болжээ. Хэрэглэгчдийн дунд үүсээд буй болгоомжлолыг арилгах хоёр онцлог төхөөрөмжийн талаар уншигчиддаа дуулгахад ийм байна. Харин тус компанийн сар шинийн хэвийн боовны үнэ өртөг ямар байгаа талаар бид Маркетингийн албаны дарга А.Мөнхбаяртай уулзаж, тодруулсан юм.
А.Мөнхбаяр: “Атар” иж бүрдэлийг МобиКомын 60 Candy-гээр 6000 төгрөг хямдруулж авах боломжтой
-Сар шинийн хэвийн боовны үнэ өртөг ямар байна вэ. Энэ талаар тодруулаач?
-Энэ жилийн хувьд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, Монголын эдийн засгийн хямрал зэргээс үүдэлтэйгээр манай компанийн хувьд хэвийн боовныхоо үнийг эргэн харах шаардлагатай тулгарсан. Мөн зах зээлийн үнийн судалгааг ч гэсэн бид байнга хийдэг. Үүнтэй холбоотойгоор хэвийн боовны үнээ энэ сарын 25-ны өдрийг хүртэл 2000 төгрөг болгон хямдруулсаныг дуулгахад таатай байна. Ердийн үед хэвийн боовыг 2300 төгрөгөөр худалдаалдаг. “Түмэн насан” брэндийн хувьд үнэ нь өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй. Бүтээгдэхүүн өөрөө өндөр технологиор үйлдвэрлэгдэж, ажилтнаас маш их ур чадвар, хөдөлмөр их шаарддаг тул үнийг буулгах боломжгүй байгаа. Энэ хэвийн боовны хувьд үнэ нь 3500 төгрөгөөр худалдаалагдана.
-Урамшуулал юу байна. Манай уншигчдад сонирхуулаач?
-Урамшууллын хувьд өнгөрсөн жил дагалдуулж байсан урамшууллууд хэвээрээ байгаа. Харин энэ жил шинээр нэмэгдсэн урамшууллын тухайд гэвэл Мобиком компанийн сүүлийн үед хүчээ авч буй “Candy” үйлчилгээгээр урамшуулал олгохоор болсон. Манайх “Атар” , “ Түмэн насан” гэсэн иж бүрдэлийг гаргаж буй.
Улмаар 71 мянган төгрөгний үнэтэй “Атар” иж бүрдэлийг МобиКомын 60 Candy-гээр 6000 төгрөг хямдруулж авах боломжтой. Харин “Атар” брэндийн 21 ширхэгээр савлагдсан 88 мянган төгрөгийн үнэ бүхий иж бүрдэлийг 80 Candy-гээр 8000 төгрөг хямдруулан авах боломжтой байгаа. “Түмэн насан” иж бүрдэл 119999 төгрөг байдаг. Үүнийг 99 candy-ээр 9999 төгрөг хямдруулж авах боломжтой. Хэрэглэгчид 505 дугаарт мессеж илгээж, улмаар ирсэн хариуг нь тухайн худалдагчиддаа харуулаад л хөнгөлөлт эдэлж болох юм.
...Эцэст нь тэмдэглэхэд, 30 гаруй жилийн турш Хүнсний манлай үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-ийн үнэнч хэрэглэгч байж ирсэн ард иргэддээ эрүүл, аюулгүй, чанартай хэвийн боовыг үйлдвэрлэн хүргэхэд бэлэн болжээ. Ажилдаа сэтгэл зүрх, ур чадвар бүхнээ шингээн үйлдвэрлэдэг хамт олны хөдөлмөр сэтгэл шингэсэн амт, чанартай сар шинийн идээгээ өөр хаанаас гэж зөвхөн “Талх Чихэр”-ээс сонгоорой гэж зөвлөх байна.