Төрийн нарийн бичгийн даргын хууль бус тушаалыг сайд хүчингүй болгох эрхтэй
БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
- Уучлаарай, Таныг салбарынхаа газар, хэлтсийн дарга нарыг халж, өөрсдийн хүнээр багаа бүрдүүлсэн гэх мэдээлэл цацагдсан байсан. Сонины мэдээллийн мөрөөр танаас хэдэн зүйл тодруулах гэсэн юм...
- Болноо. БХБЯ-нд ажиллаж байсан газар, хэлтсийн дарга нар өмнөх хамтарсан Засгийн газар байгуулагдах үед томилогдсон албан тушаалтнууд байсан. Тийм учраас тэд өөрсдийн намын бодлогыг бариад, хамтарч ажиллаж чадахгүй гэдэг үүднээс өөрсдөө өргөдлөө өгөөд гарсан. Түүнээс бус хэвлэлд мэдээлсэн шиг салбарынхаа газар, хэлтсийн өмнөх дарга нарыг сургалтад суулгах нэрээр халсан асуудал байхгүй. Хоёрдугаарт 2016 оны төсөв батлахад дэд сайдын орон тоог байхгүй болгосон. Тиймээс дэд сайд маань өөрийн томилсон хүнтэйгээ явсан. Тэр хүнтэй нь хамтарч ажиллах талаар санал болгосон. Харамсалтай нь шинэ хүүхэдтэй болж бүлж нэмж байгаа, хүүхдээ харна гэдэг үндэслэлээр ажлаасаа өөрөө чөлөөлөгдсөн. Гэх мэт үндэслэлгүй зүйлүүдийг хэвлэлд мэдээлсэн байна лээ.
-Яамны ажилд танай намын даргыг оролцдог гэж бичсэн байсан?
-Надтай холбоотой мэдээлэлд МАХН-ын дарга Н.Энхбаярыг оролцуулсан байна лээ. Н.Энхбаяр дарга яаман дээр нэг ч удаа ирж байгаагүй. Томилгоонд оролцдог хүн биш. Манай нам өөрөө мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн алтан сантай. Газар, хэлтсийн дарга нараар мэргэжлийн хүн ажиллах зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, Яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа Н.Бурмаа гэхэд л үл хөдлөх хөрөнгийн зах зээлээр мэргэшсэн доктор хүн. Энэ мэтчилэн мэргэжлийн хүмүүс томилогдсон. Өмнөх хамтарсан Засгийн газрын үед манай яаманд томилогдсон албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээний мэргэжлийн багийг би энд бүрдүүлэн ажиллаж байгаа.
- Нийтлэлд З.Баянсэлэнгэ сайд Төрийн нарийн бичгийн даргатайгаа таарч тохирдоггүй, ажлаас нь хална гэж дарамталсан. Энэ нь тус яаманд албан тушаалтан томилогдохтой холбоотой асуудлаас үүдэлтэй” гэж бичжээ.Юу болсон юм бол?
- Яамны Газрын харилцааны бодлогын газрын дарга Ууганбаярыг Төрийн нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь өөрөө хууль бус тушаал байсан. Яамны бүтэц, орон тоонд өөрчлөлт ороогүй. Бүтэц, орон тоонд өөрчлөлт ороогүй байхад Газрын даргыг солиод, чөлөөлсөн албан тушаалд дахин хүн томилох нь байж болохгүй асуудал. Гаргасан тушаал нь хууль бус учраас салбарын сайд нь хүчингүй болгох эрхтэй. Энэ үүднээсээ гаргасан тушаалыг нь хүчингүй болгосон.
- Таныг БХБ-ын яамыг намынхаа сонгуулийн санхүүжилтийг босгох хэрэгсэл болголоо гэх мэтээр бичсэн байсан?
- Манай яам 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн жилийн төсөвтэй. Тодорхой хийгдэх ажлуудтай. Яамнаас хийгдэх бүх ажлыг худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж байгаа. Тиймээс надад энд өөрөө тендэр зарлаж, будлиан хутгах шаардлага байхгүй. Хэвлэлээр цацагдсанчлан би барилгын компанийн удирдлагуудыг дуудаад манайд ийм тендэр байна, хамтраад ажиллая гэж яриад сууж байдаг дүүрчихсэн амьтан биш шүү. Ер нь энд нэг зүйлийг тодотгож хэлье. Намайг УИХ-ын гишүүн болсон цагаас минь л элдвээр бичиж, гоочилдог байсан. Тэр бүү хэл эмэгтэй хүний минь хувьд ч янз бүрээр хэлж доромжилж байсан. Би тэвчдэг. Намайг яаж ч доромжилж болно. Гэхдээ мөнгөтэй холбоотой асуудалд намайг гүтгэхийг би зөвшөөрөхгүй.
Би найз нөхөддөө “мөнгөнд хэт ач холбогдол битгий өгч бай, амьдралд түүнээс илүү сайхан үнэт зүйлс зөндөө байна” гэж би хэлдэг юм. Тэр нийтлэлд бас 10 жилийн өмнө цагдаагийн байгууллагаас хөөгдөж байсныг минь бичсэн байна лээ. Амьдралд алддаггүй хүн гэж байхгүй. Найздаа тусалж байгаад алдаа гаргасан гэдгээ өмнө нь хэлсэн. Энэ бол шинэ сэдэв биш. Харин үүнийг ухаж, төнхөж, архиваас олоод ач холбогдол өгөөд явж байгаа нь инээдтэй. Амьдралд ажил хийж байгаа хүн бүр алддаг. Алдаан дээрээ суралцдаг. Залуу нас гэдэг туршлагагүй, омголон байдаг шүү дээ. Үүнийг насны алдаа мэт дөвийлгөх шаардлагагүй болов уу.