Хятад хятаддаа найз биш
Цай Ин Вэнь
2016.02.03

Хятад хятаддаа найз биш

Энэ оны нэгдүгээр сард Тайваньд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан дэвшилтэт намын гишүүн Цай Ин Вэнь 56 хувийн саналаар ялалт байгуулж, тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон билээ. Гэвч түүний ялалт Хятад, Тайваний харилцааг улам хямрааж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Цай Ин Вэнь нь улс төрийн үзэл бодлын хувьд өмнөх ерөнхийлөгчөөс тэс өөр. 1949 онд коммунистууд Хятадын эх газарт засгийн эрхэнд гарч Чан Кайши Тайваний арал руу зугтан гарсан. Тэр цагаас хойш Бээжин, Тайбэй хоёр нэг нэгнээ хүлээн зөвшөөрөлгүй, өөр өөрийгөө бүх Хятадын цорын ганц албан ёсны нйислэл гэж үзсээр ирсэн.  Гэсэн ч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас болж байнга хамтарч ажилладаг.

Хатагтай Цай Ин Вэнь болон түүний намын нөхдүүд 1949 онд бий болсон Тайванийн арлын статусыг үндсээр нь өөрчлөх бодолтой байна.

... 65 жилийн дотор Тайваньд хэд хэдэн үе солигдож, өнөөдөр арлын олонхи оршин суугчид, ялангуяа залуучууд өөрсдийгөө хятад хүн биш гэж үздэг. Түүгээр барахгүй тэд Тайвань бол эх газрын Хятадтай түүх, эдийн засгийн холбоотойгоос хэтрэхгүй бөгөөд бие даасан тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөхийг шаарддаг ...

Мэдээж ийм уур амьсгал Бээжинд таалагдахгүй. Хятадын эрх баригчид Тайванийг Хятадын бослого гаргасан муж гэж үздэг. Гэхдээ “босогчдыг” тэвчсэн хэвээр. Тайваны шинэ удирдлага арлын статусыг өөрчлөх тухай идэвхтэй ярьж эхэлсэн нь Хятадын хувьд ямар ч хамаагүй аргаар, тэр тусмаа цэргийн хүчээр Тайванийг хяналтандаа оруулах аятайхан шалтаг болно гэж ажиглагчид харж байна. Цэргийн хүчний хувьд саяхныг болтол Тайвань Хятадаас дутуугүй бэлтгэгдсэн байсан ч хятадууд сүүлийн жилүүдэд цэрэг армидаа асар их мөнгө цацсаны үр дүнд давуу тал олж авсан.

Тайваний шинэ ерөнхийлөгч нь Хятадын занганд орж Тайваний хувь заяагаар тоглох хүн биш. Цай Ин Вэнь сонгогдсон даруйдаа Хятад, Тайваний эрх баригчдаас сонгогчдын саналыг хүндэтгэхийг уриалсан. Ардчилсан дэвшилтэт намын Жозеф Ву Вашингтонд очихдоо Хятад, Тайваний харилцаа хэвийн байна, нэгдэх, эсвэл тусгаар тогтнох тухай ярих нь утгагүй гэж хэлсэн.

Гэсэн хэдий ч саяхан Хятадын төв телевиз Тайваний хойгийн эрэг дэх Сямэнь хотод байрлаж буй цэргийн ангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг цацжээ. Уг мэдээлэлд Хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүд агаарын дэмжлэгтэй довтолгоонд орох хээрийн сургуулилт хийсэн талаар дурджээ. Хээрийн сургуулилтад дайны пуужин ашигласан байна.

Цай Ин Вэний сонгуулийн сурталчилгааны ролик: