Байгаль орчны салбарын ахмадууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2016.02.04

Байгаль орчны салбарын ахмадууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ

Монгол түмний уламжлалт баярын нэг болох Сар шинийн баярын өдрийг угтаж УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг байгаль орчны салбарт он удаан жил, үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтад өндөр насныхаа амралтыг эдэлж буй салбарын 40 гаруй ахмад, азай буурлууд хүрэлцэн ирж, амар мэндээ эрж, хуучны сайхан дурсамжаа сэргээн санаж, хөөрөлдөн суулаа.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хүрэлцэн ирсэн ахмадууддаа урт насалж, удаан жаргахын ерөөл өргөөд ирж буй XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил нь муу бүхнийг хааж, сайн бүхнийг урин дуудсан их ажлын өрнүүн сайхан жил байх болно. Байгаль орчны салбарын чадамж, суурь бол та бүхний үргэлжлэл тул ахмад ажилчид та бүхний эхлүүлсэн ажлыг бахархан дурсаж, үргэлжлүүлэх болно. Удахгүй бид ахмадууддаа зориулж амралт, сувиллын газар байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Уг ахмадын сувиллын газрын асуудал шийдэгдсэн таатай мэдээг дуулгаад морилон ирсэн азай буурлуудынхаа үнэтэй сайхан сургаалыг сонсч, санаа бодлоо хуваалцлаа. Уулзалтын төгсгөлд БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ТЗУГ-ын дарга М.Чаминцэцэг нар ахмадууддаа гарын бэлэг өгч, дурсгалын зураг татуулсан юм.

XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, алд цэнхэр хадгаа өргөн дэлгэе, Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.