Швейцарь: Иргэн бүрт, сар болгон тэтгэлэг өгье
Швейцарийн Берн хотын Холбооны Зөвлөлийн байрны өмнө найман сая ширхэг зоос асгасан байна.
2016.02.05

Швейцарь: Иргэн бүрт, сар болгон тэтгэлэг өгье

Швейцарь нь сар бүр иргэддээ суурь тэтгэлэг тараадаг дэлхийн анхны улс болж магадгүй байна. Энэ оны зургадугаар сард болох ард нийтийн санал асуулгаар энэ асуудлыг шийднэ.

Бүх хүнд тэтгэлэг олгох практик хүн төрөлхтний түүхэнд эртнээс улбаатай. Эртний Ромд л гэхэд иргэддээ үнэгүй талх тараадаг байв. Ромын Эзэнт гүрэн дэлхийд ноёрхож байсан учир ромчууд өөрсдийгөө бусад ард түмнээс давуу, наад зах нь гэдэс цатгалан, мөр бүтэн явах ёстой гэж үздэг байв.

Эртний Ромоос хойш хүн төрөлхтөн хэд дахин баян болсон. Өнөөдөр дундаж эдийн засагтай орон ч гэсэн хүн амаа үнэгүй хүнсээр хангах чадалтай. Тэгвэл баян орнууд илүү даацтай дэмжлэг үзүүлэх болжээ.

Швейцарь бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр (82 000 ам.доллар) нэгдүгээрт ордог дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Тиймээс иргэдээ хангалуун амьдруулах мөнгө бий.

... Зургадугаар сард болох ард нийтийн санал асуулгаар иргэд өөрсдөө тэдэнд сар бүр суурь тэтгэлэг олгох санааг дэмжвэл Швейцарийн насанд хүрсэн иргэн бүр сард 2500 швейцарь франк (4,8 сая төгрөг), хүүхэд 625 швейцарь франкийн (1,2 сая төгрөг) тэтгэлэг авна ...

Үүнтэй төстэй хуулийн төслийг өнгөрсөн онд Финландын парламент хэлэлцэж, сард 800 еврогийн (1,7 сая төгрөг) суурь тэтгэлэг олгох талаар ярьж байсан ч дэлхийн болон Европын эдийн засгийн таагүй байдлаас болж хойшлуулсан байна. Урьдчилсан судалгаагаар финландчуудын 69% уг санааг дэмжиж байжээ.

Швейцарийн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу иргэдийн гарын үсэг бүхий 100 000 саналын хуудас бүрдүүлэх ажлыг 2012-2013 онд гүйцэтгэсэн байна. Суурь тэтгэлгийн санаачилгийг сурталчлахын тулд ер бусын арга хэмээнүүд зохиожээ. Жишээ нь  Берн хотын Холбооны Зөвлөлийн байрны өмнө найман сая ширхэг зоос асгасан байна. Гэхдээ орон нутгийн удирдлагууд уг санаачилгийг дэмжихгүй байна. Түүнчлэн урьдчилсан санал асуулгаар Швейцарийн иргэдийн 56 хувь нь сар бүр баталгаажсан суурь тэтгэлэг олгохыг дэмжихгүй байгаа нь харагдав. Харин дөнгөж хоёр хувь нь тэтгэлэг авч эхэлвэл шууд ажлаа хаяна гэж мэдэгджээ.

Суурь тэтгэлэг хэрэгтэй юу?

Хэнийг ч ялгалгүй бүх хүнд сар бүр мөнгө өгөх нь сайн уу муу юу гэдэг дээр хэд хэдэн хандлага бий.

Хэдийгээр сонин сонсогдох ч суурь тэтгэлэг олгох нь мөнгийг хэмнэдэг гэж зарим эдийн засагчид үздэг. Ингэж үзэх үндэслэл ч бий. Учир нь барууны орнуудад хүн амын эмзэг хэсгийг дэмждэг халамжийн тогтолцоо нь маш ээдрээтэй, учрыг нь олоход бэрхшээлтэй. Энэ тогтолцоог ажиллуулахад асар их захиргаа, хяналтын ажил гүйцэтгэх мэргэжлийн төрийн албан хаагчид хэрэгтэй. Мэдээж тэдэнд зарцуулах мөнгийг төсвөөс, өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдийн халааснаас гаргадаг. Харин суурь тэтгэлэг тараах нь хялбар бөгөөд бага хүч шаардана. Ингээд эцэст нь халамжийн тогтолцооны зардал, бүх иргэнд тараасан суурь тэтгэлгийн хооронд том ялгаа гарахгүй.

Суурь тэтгэлэгийг дэмждэг дараагийн нэгэн шалтгаан бол технологийн хөгжил. Сүүлийн үед дэлхийн улс орнууд, ялангуяа хөгжингүй орнуудад үйлдвэрлэлд хүний оролцоо багасаж, үйлдвэрлэлийн үйл явц автоматжиж эхэлсэн. Үүнээс болж олон хүн ажлын байраа алдаж байна. Хийх ажил улам багасаж байгаа ч хүн ажилгүй сууж чадахгүй.

... Харин тэтгэлэгтэй болсноор иргэд зөвхөн амь зуухын тулд ямар нэгэн ажил хийх бус, хүссэн чиглэлдээ хөдөлмөрлөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Сар бүрийн баталгаажсан орлоготой хүн сайн дурын ажил, эсвэл уран бүтээл хийснээр энэ бүхэн нь эцэстээ нийгэмд ач тустай үйл хэрэг болно ...

Суурь тэтгэлэг олгодог орон нь иргэншил авч, улсаас мөнгө аван амар хялбар амьдрах гэсэн хүсэлтэй цагаачдаар дүүрэх аюултай. Үүний нэгэн жишээ нь өнөөгийн Европ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгал юм.

Түүнээс гадна тухайн улсын төрөлх иргэд олноороо гадаадад гарах магадлал өндөр. Ялангуяа Швейцарьт амжиргааны өртөг өндөр учраас ажил хийдэггүй, тэтгэлэг авдаг хүмүүс өртөг доогуур оронд амьдрахыг илүүд үзнэ. Өөрөөр хэлбэл улсын мөнгө гадагшаа урсана гэсэн үг.

Ямартай ч зургадугаар сарын 5-нд швейцарьчууд суурь тэтгэлэг авах эсэхээ шийднэ. Хэрэв иргэд санаачилгийг дэмжвэл дэлхийн эдийн засгийн түүхэнд нэгэн сонирхолтой туршилт эхлэх нь ээ.