Бид том зорилт дэвшүүлсэн бол түүн рүүгээ тууштай, нэгдсэн зохион байгуулалттай явах нь зүйтэй
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2016.02.16

Бид том зорилт дэвшүүлсэн бол түүн рүүгээ тууштай, нэгдсэн зохион байгуулалттай явах нь зүйтэй

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030” баталсан. Та энэ баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан хүний нэг. Манай Монгол Улсын хөгжил сайнгүй байгаа нь урт хугацааны хөгжлийн бодлого байхгүйтэй холбоотой гэж улстөрчид болон эрдэмтэн судлаачид ярьдаг болсон. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Тийм ээ. С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Н.Батцэрэг нарын гурван бүлгийн даргын ахалсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Өөрөөр хэлбэл зөвшилцөж хамтран гаргаж буй баримт бичиг гэж хэлж болно. УИХ-аас уг баримт бичгийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэж нэрлэсэн нь өнгөрөгч оны намар батлагдсан НҮБ-ын “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” баримт бичигтэй уялдаа холбоотой юм.

Энд нэг зүйлийг цохон тэмдэглэе. УИХ 2015 оны сүүлээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль”-ийг баталсан. Энэ хуулийг бас бидний хамтын бүтээл гэж ойлгож болно. Учир нь хуулийн төслийн анхны эхийг С.Баярын Засгийн газрын үед боловсруулсан юм билээ. Уг Төлөвлөлтийн хууль, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хоёр нь хоорондоо харилцан уялдаатай. 

Монгол Улс цаашид урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөний ундсэн дээр хөгжих болж байна. Тийм учраас сая баталсан УИХ-ын тогтоолд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбаруудын дунд болон богино хугацааны зорилт, хөтөлбөрүүд энэ үзэл баримтлалд нийцсэн байх ёстой гэж заасан. Товчхондоо Монгол Улс 15 тав, нэг жилийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжих бөгөөд цаашид УИХ-ын гишүүд улсын төсвийн төслийг хэлэлцэх үөд дур зоргоороо ярих нь үүгээр хязгаарлагдаж байгаа гэж ойлгож болно.

-Та “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн үндсэн гол агуулга, зарчмыг дэлгэрүүлж ярихгүй юу?

-Таны асуултад товчхон хариулахыг хичээе. Нэгдүгээрт, Хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг тоогоор илэрхийлэх боломжтой байлгахыг хичээсэн. Яахав зарим нэгчанарын үзүүлэлтүүд бий л дээ. Хөгжлийн үзэл баримтлалын хамгийн эхэнд бичигдсэн 10 зорилт, түүний дараагийн хуудсанд байгаа 18 үзүүлэлтийг сайн тогтож харах хэрэгтэй. Хоёрдугаарт, Хөгжлийн үзэл баримтлалд  эдийн засгаа дунджаар 6.6  хувийн өсөлттэй авч явах, нийгэмд орлогын тэгш бус байдлыг  арилгаж, чинээлэг дундаж болон дундаж давхарга хүн амын 80 хувийг эзэлж, ядууралгүй орон болох, байгаль орчны үзүүлэлтүүдээр дэлхийн шилдэг 30 орны нэг болох гэх мэт зорилтуудыг дэвшүүлсэн.

-Та энэ удаа хөгжлийн бодлогоо илүү тодорхой томьёолсон гэж хэлэх гээд байна уу?

-Тиймээ. Би илүү тодорхой, хэмжих бололцоотой болсон гэж бодож байна. Манай ажлын хэсгээс гадна дэд ажлын хэсэг, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хамт олон хоёр жилийн турш уг баримт бичгийн төсөл дээр ажилласан. Түүнээс гадна хөгжлийн үзэл баримтлалын төслийг нэлээн олон удаа эрдэмтэн мэргэд, салбар бүрийн мэргэжилтнүүд, Засгийн газрын холбогдох яам, агентлагууд, төрийн бус болон боловсролын байгууллагуудаар хэлэлцүүлсэн. Улс төрийн бүх нам оролцсон хэлэлцүүлэг бас зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн шалгуураар оруулахыг хичээсэн.

-Энэ удаа бодлогын уламжлал хадгалагдаж байгаа юм уу, эсвэл цоо шинээр томьёологдож байгаа юм уу?

-Мэдээж бодлогын уламжлал ямар нэг байдлаар хадгалагдана. Түүнээс өөр арга ч байхгүй. Яагаад гэвэл эдийн засгийн салбарууд маань байдгаараа л байгаа, хөгжлийн гол түүчээ болсон хувийн хэвшил маань ч мөн адил байдгаараа л байна. 

-Тэгвэл 2030 он хүртэл Монгол Улс яг ямар салбарт, ямар чиглэлээр хөгжих боломжтой гэж үзсэн юм бэ?

-Монгол Улс буурай хөгжилтэй, хөгжлийн гараан дээрээ байгаа орон болохоор таны асуултад шууд хариулахад бэрх. Яагаад гэвэл эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хүмүүнлэгийн бүх салбарт хөгжлийн том том зорилтууд дэвшүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид бүх талаар хөгжих зорилттой байх хэрэгтэй. Гэвч аливаа асуудлыг шийдэхэд “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэг зарчим үйлчилдэг болохоор хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд тохирсон зорилтуудыг дэвшүүлэх шаардлагатай болсон.

Бид эдийн засгийн салбаруудаа эрэмбэлэхийг хичээсэн. Одоогийн байдлаар хөгжлийн хуримтлал бий болгох гол салбар нь уул уурхайн салбар болохоор түүнд илүүанхаарал хандуулах нь ойлгомжтой. Гэхдээ энд би хоёр зүйлийг тэмдэглэе. Нэгдүгээрт, манай эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай болсныг 2030 он гэхэд өөрчилсөн байх зорилт дэвшүүлсэн. Хоёрдугаарт, уул уурхайн олборлох салбараа уул уурхайн боловсруулах салбар болгож хувиргах зорилт дэвшүүлсэн.  Ер нь манайд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтод харьцангуй нийцэх хоёр салбар байгаа нь хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар юм. Энэ хоёр салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгсөн.

Би бас нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Улс орны өмнө 1990-ээд оны үед тохиолдсон хүндрэл бэрхшээлийг мал аж ахуйн салбар, малчид, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн хамт олон нуруун дээрээ үүрч гарсан гэж манай ахмадууд ярьдаг. Өнөөдөр ч гэсэн үүнтэй бараг ижил төстэй нөхцөл байдал үүсээд байна гэж би боддог. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бол уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шилдэг жишиг гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга гэх мэт уул уурхайн салбар дахь том төслүүд өнөөдөр ч гэсэн Эрдэнэт үйлдвэртэй адилхан ачааны хүндийг үүрнэ.

-Та энэ төслүүдэд нэлээн шүүмжлэлтэй ханддаг байсан. Ялангуяа Оюу толгойн төсөл, Дубайн гэрээтэй холбогдсон асуудлаар чуулганы хуралдаан дээр шүүмжилдэг байх аа...

-Үгүй. Би бүгдэд нь шүүмжлэлтэй ханддаггүй. Эдгээр төслүүд манай эдийн засгийг сэргээх, хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдгийг би УИХ-ын чуулган, байнгын хороод дээр тэмдэглэн хэлж байсан. Манайхан заримдаа сайныг нь сонсохоосоо илүү мууг нь шүүрч авч өчүүхэн шуугиан үүсгэх юм байна шүү дээ. 

Одоо яая гэхэв. Тийм цаг үе юм байлгүй. Би С.Баяр даргын Засгийн газрын үед Оюу толгойн гэрээг хийсэн явдлыг эхний чухал алхам болсон гэж үздэг. Харин Оюу толгойн гэрээг сайжруулах, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг уг гэрээнд сайн суулгаж өгөх асуудал бол Монгол хүн бүрийн санааг зовоосон асуудал. Би УИХ-ын гишүүний хувьд сонгогч олон түмнийхээ сэтгэлийн зовиурыг УИХ-ын танхимд илэрхийлэх үүрэгтэй. Би түүний дагуу ажилласан.

Оюу толгойг Эрдэнэттэй харьцуулж их ярьдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээ, хэлэлцээрийг хэд хэдэн удаа өөрчилж шинэчлэхдээ Монгол Улсын эрх ашгийг байнга сайжруулж ирснийг манай ард түмэн сайн санаж байгаа гэж би бодож байна. Гэтэл Оюу толгойн төсөлтэй холбогдсон “Дубайн төлөвлөгөө” нь Монголын талын ашиг сонирхлыг муутгасан. Энэ талаар УИХ дээр хангалттай үндэслэл гаргаж ярьсан.

-Аль ч цаг үед, аль ч улс оронд хөгжлийн хөдөлгөгч хүч нь хүн гэсэн ойлголт байдаг. Энэ талаар үзэл баримтлалд хэрхэн авч үзсэн бол? 

-Би танд гол төлөв эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийг ярилаа. Гэтэл дэлхийн үлс орнууд хөгжлийн зорилтоо тодорхойлохдоо хүний хөгжлийг шалгуур болгодог болсон. Бид ч уг шалгуурыг баримталсан. Товчхондоо Монгол Улсаа 2030 он гэхэд Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болгоно гэж томьёолсон.

-Хүний хөгжлийн зорилт гэснээс УИХ-ын чуулган болон байнгын хороод дээр жирийн коэффициент, боловсролын олон улсын стандартын талаар асуултууд гарч байсан. Та энэ тал дээр нэмж тайлбар өгөхгүй юу?

-Жирийн коэффициент бол орлогын тэгш, тэгш бус байдлыг илэрхийлдэг үзүүлэлт. Бид нэгэнт 2030 онд орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувийг дундаж болон чинээлэг дундаж ангилалд багтсан байх зорилт дэвшүүлж байгаа болохоор энэ үзүүлэлт чухал ач холбогдолтой болж байгаа юм. Хүний хөгжлийн хэдэн зорилтуудыг хэлье. Хөгжлийн үзэл баримтлалд тусгахдаа 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг 17.500 ам.долларт, монгол хүний дундаж наслалтыг 78-д, суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэх, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан. Мөн нийт хүүхдийн 90 хувийг цэцэрлэгт хамруулах, ЕБС-ийн бүх сургуулийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамруулах, тогтвортой хөгжлийн зорилтод шууд чиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь ний хегжлийн асуудлыг нэн эргүүнд тавьсныг илэрхийлж байгаа юм.

-Манай орны хувьд ууль, эрхзүйн орчин тогтвортой биш. 2030 оныг хүртэлх урт хугацааны хөтөлбөрөө баталлаа гэхэд дараа дараагийн Засгийн газрууд гарч ирээд өөрчлөлт хийгээд явчих юм биш биз гэсэн болгоомжлол байна. Ямар нэг хууль гаргачихаад араас нь үгүйсгэдэг жишиг тогтчихсон мэт санагддаг...

-Дээр би хэлсэн. Хөгжлийн бодлого, телөвлөлтийн хууль гарсан. Мөн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ыг баталсан УИХ-ын тогтоол гарсан. Эдгээр хууль, тогтоомжийн дагуу үе үеийн Засгийн газрууд ажиллах ёстой. Зах зээлийн нөхцөл эайдал, зарим цаг хугацааны хүчин зүйлүүдээс болоод урт хугацааны бодлогод эөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д алс хэтийн зорилтуудыг ерөнхий байдлаар, аль болох базсан үзүүлэлтүүдээр илэрхийлсэн болохоор зарчмын том өөрчлөлт орохгүй гэж бодож байна. Түүнчлэн УИХ-ын энэ тогтоолд Монгол Улсад хөгжлийн стратегийг тодорхойлдог, авч явдаг институци бий болгохыг Засгийн газарт даалгасан. Энэ бол маш чухал заалт.

-2030 он гэхэд Монгол Улс ядуу иргэнгүй болно гэсэн заалт байнгын хороод дээр нэлээн анхаарал татаж байсан. Сонсоход сайхан ч нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна гэдгийг гишүүд хэлж байсан шүү дээ?

-Тийм ээ. Олон хэлэлцүүлэг дээр зарим хүн энэ зорилтод эргэлзэж байгаагаа хэлж байсан. Ажлын хэсэг, дэд хэсэг энэ асуудлыг олон удаа авч хэлэлцсэн. Тэгээд НҮБ-аас тавьсан зорилтыг шууд авч томьёолохоор шийдсэн. Дэлхийн бүх орон 2030 онд ядуурлын бүх төрлийг эцэс болгох зорилт байсан. Тэгэхээр Монгол Улс ганцаараа бид чадахгүй, манайд бүтэхгүй, болохгүй гэж ярих нь зохисгүй л дээ. Гэхдээ энэ нь бодитой юу гэсэн асуулт зайлшгүй гарна. Бодитой болгох нь бидний үүрэг. Богино хугацаанд хурдацтай хөгжиж, ядуурлаас ангижирсан орон дэлхий дээр олон байна.

Жишээлбэл, Катар улс. Би нэг зүйлийг дандаа боддог. Тэр нь юу вэ гэвэл бид том зорилт дэвшүүлсэн бол түүн рүүгээ тууштай, нэгдсэн зохион байгуулалттай, чанга дэг журамтай, сахилга баттай явах нь зүйтэй. Манай улстөрчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид Норвеги, Чили, Катар, Ботсван гэх мэт олон орны хөгжлийн жишээг дурдах,дуртай. Гэхдээ тэд хамгийн чухал нэг зүйлийг орхиод байна уу даа гэж би боддог. Тэр нь урт хугацаанд дэвшүүлсэн зорилт руугаа тууштай, хатуу чанд дэг журам, сахилга баттай явах явдал. Ер нь хөгжлийн төлөөх хариуцлага бол намуудын төлөвшлийн шалгуур юм л даа.

-Монгол Улсын хувьд алтан дундаж нийгмийг бий болгоход боломж нөхцөл хэр байгаа юм бол. МАН-аас зарласан илтгэлийн уралдаанд хөгжпийн бодлого судлаач М.Найданхүү Норвегийн жишээн дээр “Алтан дундаж нийгмийг цогцлоон байгуулах” сэдвээр илтгэл бичиж оролцсон нь олны анхаарлыг татаж байсан. Энэ мэтчилэн гадны жишээ Монголын хөрсөнд буух УУ?

-Би боломжтойгоор барахгүй, шаардлагатай гэж үздэг. Норвеги бол амьд, гайхамшигтай жишээ. М.Найданхүү ах үүнийг гоё тайлбарладаг. Би түүнтэй санал нэг байдаг. Норвегийн эдийн засаг өнөөдөр бас хүндхэн байгаа. Тэд олон жил хичээж бий болгосон баялгийн сангаасаа мөнгеө авч хүндрэлийг давж байна. Норвеги 40 жилийн өмнө баялгийн сан, төсвийн сахилга бат, хөгжлийн зорилт зарчмуудаа тодорхойлсон. Хамгийн гол нь улс төрийн намууд, улс төрийн зүтгэлтнүүд нь энэ зорилго, зарчмыг үйл ажиллагаандаа тууштай баримталсан. Бид ч бас энэ хариуцлагын жишгийг туршлагатай нь хамт авах ёстой гэж би боддог.

-Энэ үзэл баримтлалд хөгжлийн зорилтоо 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэж ангилсан байна. 2016-2020 он бол нэг сонгуулийн жил. Хэрвээ энэ хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын хугацааг таван жил болговол энэ хөгжлийн хөтөлбөр бас өөрчлөгдөх үү?

-Би бол үгүй, тэгэх ёсгүй гэж хариулна. Учир нь Үндсэн хууль бол төрийн болон нийгмийн тогтолцоог, бүрдүулэхэд баримталдагт зарчмуудыг заадаг. Харин үзэл баримтлал бол хөгжлийн алс хэтийн зорилтыг тодорхойлж байна. Тийм учраас Үндсэн хуулийн институциуд хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгож болно. Салбаруудын хөгжлийн зорилтыг илүү тодорхой болгох үүднээс тав, таван жилээр зорилтуудыг ангилсан юм. Энэ нь бас хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай холбоотой.

-2007 онд хөгжлийн бодлого бас гарч байсан юм билээ. Энэ бодлогыг баримтлаад явах боломжгүй байсан юм уу?

-УИХ 2007 оны эцсээр “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг баталсан байдаг. Энэ бодлогыг цаашид мөрдөх боломжгүй болсон. Яагаад гэвэл нэгдүгээрт, НҮБ-ын гишүүн орнууд 2016-2030 оны хөгжлийн зорилтуудаа шинээр томьёолсон. Түүнийгээ “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” гэж нэрлэсэн. Хоёрдугаарт, Үндэсний хөгжлийн цогц бодлогын эхний үе шат 2015 оноор дууссан. Гуравдугаарт, ҮХЦБ-д дурдсан зарим зорилт биелэгдэх, хэмжих боломжгүй болсон учир хөгжпийн ШИНЭ хөтөлбөр гаргаж байгаа юм.

-“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д зарим асуудал тусгагдаагүй орхигдсон байх магадлалтай юу. Жишээлбэл, Парис хотноо гарын үсэг зурсан “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх баримтлал” тусгалаа олж чадсан уу гэдэг асуулт гарч байсан?

-Чадсан. Нью-Йорк болон Парис хотноо болсон дээд хэмжээний уулзалтуудын үр дүн, мөн түүнчлэн УИХ 2014 онд баталсан Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн гол зорилтууд манай үзэл баримтлалд тусгалаа олсон. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бол урт хугацааны бодлогын баримт бичиг. Үүнд урт хугацааны зорилтуудыг л тодорхойлсон. Харин хөгжлийн илүүтодорхой зорилтууд дунд хугацааны хөтөлбөрүүдэд тусгагдах ёстой.