Иргэдийн бүлгийн хүчээр 65 орчим сая төгрөгийн тохижуулалт хийсэн
БГД-ийн 21 дүгээр хорооны Засаг дарга Х.Өлзийтогтох
2016.02.24

Иргэдийн бүлгийн хүчээр 65 орчим сая төгрөгийн тохижуулалт хийсэн

Хороо бол иргэдэд хамгийн ойр засаг захиргааны нэгж. Vip76.mn сайт дүүргүүдийн зарим хорооны Засаг даргатай уулзаж, хорооны аж амьдралын талаар ярилцдаг. Энэ удаа Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Х.Өлзийтогтохтой уулзаж, тус хороонд шийдэх хэрэгтэй байгаа асуудал, мөн хорооны иргэдийн амжилт, бүтээлийн талаар товчхон ярилцлаа.

Иргэдэд үйлчлэхэд ямар хүндрэл, бэрхшээл байна вэ?

Одоогоор Монгол Улсад үйлчилж байгаа засаг захиргааны нэгжтэй холбоотой хууль, тогтоомжуудын хүрээнд нутгийн удирдлага бие даасан үйл ажиллагаа явуулахад төвөгтэй байдаг. Иргэдээс ирсэн саналыг дээд шатны байгууллагад уламжлах, хүсэмжлэх ажлыг голдуу хийж байна. Хорооны хэмжээнд бие даан шийдэж болохоор зарим ажлыг хийх гэхээр санхүүгийн боломж байдаггүй. саналд үндэслэж, шийдвэр гаргах гэхээр тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэх санхүүгийн боломж хязгаарлагдмал байдаг учраас хороо гэдэг зөвхөн иргэдийн сэтгэгдлийг сонсох, түүнийг холбогдох шатны байгууллагад уламжлах төдий ажил л хийж байна. Нөгөө талаас зөвхөн нийслэл, дүүргийн захиргаанаас хувиарласан төсвийн дагуу тодорхой ажлууд зохион байгуулдаг ч тэр нь иргэдийн хүсэл, сонирхолд төдийлөн нийцдэггүй болох нь ажиглагддаг.

... Тиймээс хорооны иргэд, оршин суугчид тулгамдаж буй асуудлаа нийтээрээ хэлэлцэж, хороондоо уламжилсны дагуу шийдвэрлэх боломжтой ажлаа хамтын хүчээр хөрөнгө мөнгө босгох, түүнд зориулж нийслэл, улсын төсвөөс санхүүжилт олгох нь зүйтэй санагддаг ...

Хороо өөрөө захиран зарцуулдаг ямар ч мөнгөгүй гэсэн үг үү?

Хороонд өгдөг мөнгө гэвэл үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зардалд зориулж дүүргээс сард 500 мянган төгрөг өгдөг. Энэ нь бидэнд их дэм болдог. Наад зах нь принтерийн хор, бичгийн цаас дуусах болгонд дүүрэг рүү бичиг цохож, мөнгө авах шаардлагагүй. Бусад дүүрэгт ингэж мөнгө өгдөг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол зөвхөн хорооны дотоод ажилд зориулсан мөнгө. Харин хороогоо тохижуулах зарим гадаад ажилд зарцуулах тодорхой хэмжээний санхүүжилт бий болгох хэрэгтэй байна. Ядаж хорооны харж хандах хүнгүй ядарсан хөгшин хүнд гар сунгах мөнгө хороонд байдаг баймаар.

Тэгвэл чухам ямар ажлуудыг хороонд даалгаж болох вэ?

Нэгэнт иргэдээ аюулгүй, эрүүл, цэмцгэр орчинд амьдруулах гэж зорьж байгаа л бол ногоон байгууламж нэмэгдүүлэх, хамгаалахад зориулсан тодорхой хэмжээний хөрөнгө байх ёстой.

... Жишээ нь бид Ерөнхийлөгчийн зарлигаар хавар, намар мод тарьдаг ч модоо цаашид арчлах асуудал орхигддог. Тэгвэл тэр модыг хариуцаж хамгаалж байгаа хүнд бага ч болов урамшуулал өгөх санхүү хороонд хэрэгтэй байна ...

Энэ мэтийн асуудлыг хороо өөрийн хүчин чадлаа ашиглан шийдэх бүрэн боломжтой.

Одоогоор ямар байдлаар иргэд саналаа хүргэж, тэр нь яаж ажил хэрэг болж байна вэ?

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэд амьдрах орчиндоо юу хийлгэмээр байна гэдэг дээр санал авдаг. Иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлээд хамгийн их дэмжлэг авсан саналыг хэрэгжүүлдэг. Энэ бол сүүлийн жилүүдэд хэвшил болоод байгаа нэгэн сайн зүйл. Одоо иргэд санаачилсан ажилдаа өөрсдөө гар бие оролцох хүсэлтэй болсон. Ингэснээр хорооны хөгжил цэцэглэлтэд сэтгэлээ гаргаж ажиллах бөгөөд хийсэн ажлаа иргэд өөрсдөө хариуцах, хамгаалах үүрэг давхар ногддог.

Иргэдийн санаачилгаар хийсэн ажил, амжилттай төслийн жишээнүүд байгаа юу?

Өнгөрсөн жил хорооны иргэдийн бүлгүүд "Эзэнтэй Монгол" хөтөлбөрийн санхүүжилтаар 65 орчим сая төгрөгийн ажлыг хороондоо хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжихээс өмнө бүлгүүдийг түр сургалтад хамруулж, сертификат олгосон юм.

... Иргэд өөрсдөө ажил гардан гүйцэтгэхдээ чанарыг эрхэмлэдэг гэдэг нь энэ ажлаас харагдсан ...

Хороо өөрөө ямар нэг байдлаар төсөв бүрдүүлэх боломж байхгүй юу?

Одоогоор хороо өөрөө төсөв бүрдүүлэх гэхээсээ илүү иргэдийн санаачилгатай, зорилтот бүлгүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хороондоо татан төвлөрүүлэх зарчмаар ажиллаж байна. Энэ нь илүү үр өгөөжтэй бололтой.

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэдийн бүлгүүдийн хийж гүйцэтгэсэн ажлууд: