Бүтээн байгуулагч дүүрэг
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат
2015.11.10

Бүтээн байгуулагч дүүрэг

Бид энэ удаад нэгэн залуу даргатай бүтээлч яриа өрнүүллээ. Хийх, бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн түүний хувьд үйлчилгээний байгууллагууд төвлөрсөн Баянгол дүүрэгт ажилладаг. Дүүргээ хөгжүүлэхийн төлөө шийдвэртэй, зоримог алхмууд хийхийн сацуу дүүрэг төдийгүй нийслэл хот, улсын түвшинд шат шатны шийдвэр гаргагчтай хамтран ажиллаж байна. 

Баянгол дүүргийнхэн хэр бүтээлч, үр дүнтэй ажиллаж байна?

2012 оноос хойш Баянгол дүүрэгт 240 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн дүнтэй байна. Энэ нь урьд өмнө хийгдэж байгаагүй өндөр хэмжээний хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалт улсын төсөв, нийслэлийн төсөв, дүүргийн төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаас бүрдсэн.

"Дүүргийн хувьд нэг онцлог нь нийслэлийн татаасгүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг."

Үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхээс гадна тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг өөрийн эх үүсвэрээр хийдэг. Өнгөрсөн хугацаанд төсвийн эх үүсвэрийг бүрэн дайчлах чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажилласан.

Тухайлбал, хог хаягдлын хураамжийн тарифыг шинэчлэн тогтоож, төвлөрүүлэх механизмыг сайжруулаад байна. Үүний үр дүнд жилд дунджаар 1 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлдэг байсныг 3 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг болгож чадсан. Хог хаягдлын хураамжаа бүрэн төвлөрүүлдэг болсон. Ингэснээр тохижилт үйлчилгээний компанийхаа материаллаг баазыг сайжруулж, хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулснаар Баянгол дүүргийн хувьд тулгамдаад байсан хог хаягдлын асуудлыг 100 хувь шийдвэрлэж чадсан.

Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж, бүтээн байгуулалтын ажил хийхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ? 

Бид бүх шатанд хамтарч ажилласны л үр дүн. Баянгол дүүргийн хувьд бүх шатандаа буюу УИХ, нийслэл, дүүргийн гишүүд, төлөөлөгчид нь "Ардчилсан нам"-аас сонгогдсон шинэчлэлийн багийн төлөөлөл байдаг. Бид ажлаа байнга ярилцаж хэн нь аль шатандаа ямар асуудлыг шийдвэрлэхээ хуваарилан ажилладаг. Үүний үр дүнд дүүргийн өмнө тулгамдсан, олон жил хуримтлагдсан томоохон асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж чадсан. 

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт, санхүүжилтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын бодит ажлуудыг дурдаач?  

Энэ тухай ярихад урт жагсаалт гарна даа. Зарим нэг салбараар нь авч үзвэл тохиромжтой байх.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд дүүргийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шинэ шатанд гарсан. 2014 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар баригдсан 100 ортой болиниц, өдөртөө 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай амбулатори бүхий Баянгол дүүргийн "Эрүүл мэндийн нэгдэл"-ийн шинэ барилга ашиглалтад орсон. Энэ нь тухайн жилийн "Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт"-аар шалгарч байсан.

Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүй байсан бөгөөд манай дүүргийн хүүхдүүд ХУД, СХД-ийн хүүхдийн эмнэлэгт үйлчлүүлдэг байсан. 2013 онд анх удаа 35 ортой "Эмүжин" хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж, дүүргийн зарим хороодын хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 140 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгийнхээ нээлтийг хийгээд байна.

"Нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа нээгдэж буй томоохон хүүхдийн эмнэлгийг "Эрүүл мэндийн нэгдэл"-ийнхээ хуучин байранд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засвар хийж, иж бүрэн тоног төхөөрөмж шийдвэрлэсэн."

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд 100 ортой хүүхдийн эмнэлэг, 50 ортой ахмад настны эмчилгээ, сувилгааны төвийн 8 давхар барилгын ажлыг 2015 онд дүүрэг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг эмнэлэг ашиглалтад орсноор Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ 100 хувьд хүрч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж дээшлэх юм.

Боловсролын салбарт гэхэд энэ 3 жилийн хугацаанд 7 сургуулийн өргөтгөл, 6 цэцэрлэгийн байрыг шинээр, 3 цэцэрлэгийн өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн барилга нь актлагдаад удаж буй 38, 73 дугаар сургуулийн барилгыг улсын төсвийн концессоор барих гэрээ нь байгуулагдан ажил нь эхлээд явж байна.

Эдгээр ажилд иргэд хэр сэтгэл хангалуун байна, иргэдээс ихэвчлэн ямар санал хүсэлтүүд их ирж байна? 

Ажлынхаа явц, тайланг аль болох иргэддээ хүргэж ажиллахыг л оролдож байна. Үнэлэмж гайгүй байна л гэж бодож байна. Иргэдээс өөрсдийн амьдрах орчны тохижилт, нөхцөлтэй холбоотой санал хүсэлтүүд ихэвчлэн ирдэг.

Манай дүүргийн оршин суугчдын 74 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Эдгээр иргэдийн тулгамдсан гол асуудал нь дээврийн засвар, лифтний эвдрэл, хороолол доторх зам засварын асуудал байдаг. Өнгөрсөн хугацаанд олон жил засвар шинэчлэл хийгдээгүй 150 гаруй дээврийн засвар, ажиллагаагүй болсон 160 гаруй лифтыг солих ажлыг хийж гүйцэтгэсэн. Хороолол доторх замыг үе шаттай засаж байна.

"2015 онд 3 хорооны хороолол доторх замыг бүрэн засварлаж байна. Мөн 7 гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудлыг 100 хувь шийдвэрлэсэн."
Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц хэр байна?  

Баянгол дүүрэг 50 орчим мянган өрхтэй, үүний 25 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 4 хороонд явагдаж байна. 10, 11, 16, 23 дугаар хороонд сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниуд ажиллаж байна. Эхний ээлжийн орон сууц ирэх оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс гадна ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн ажил хэд хэдэн байршилд эхэлсэн явж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

Баянгол дүүргийн хувьд бүрэн шаталтат зуухыг 14 000 орчим өрхөд тараасан. Эдгээр өрхийг утаагүй түлшээр хангах асуудал хангалттай биш байна. Утаагүй түлшээр тохиолдолд утаа мэдэгдэхүйц багасах боломжтой. Урт хугацаандаа дахин төлөвлөлтийн ажлууд үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Ярилцахад таатай байлаа. Дүүргийн бүтээн байгуулалт, хөгжлийн ажилд амжилт хүсье.