Баянголчууд маань монголын их буян хурсан газар амьдарч байгаа
Сэтгүүлийнхээ зочноор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хүн амны хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц нарыг урилаа. Энэ хоёр эрхэм Монголын шашин, соёл, үүх түүх болон Баянгол дүүргийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Ингээд Монголын төр нийгэм, шашны зүтгэлтнүүдтэйгээ уншигчдаа уулзуулъя.
-Баянгол дүүргийн хойморт орших Гандантэгчинлэн хийдийг байгуулсан үүх түүх сонирхол татаж байна л даа. Хамба та энэ талаар сонирхуулахгүй юу?
-Д.ЧОЙЖАМЦ:- V Богд анх энэ газрыг шинжиж, сонгосон гэдэг юм. Ер нь бол Гандантэгчинлэн хийд маань 20 гаруй удаа нүүж, суусны эцэст дөрвөн уулынхаа дунд тогтож суурьшсан түүхтэй юм шүү дээ. Анх Зүүн хүрээнд байж байгаад хар, борчуултай хэт холилдсоны улмаас Гандангийнхаа дэнжид нүүж ирсэн юм билээ. Энэ цагаас хойш нүүж, суусангүй. Мэдээж Бурханы шашинд газар, лусаа шинждэг тусгай ном байдаг. Дээдсүүд маань түүгээрээ шинжиж үзээд энэ газрыг сонгосон нь лавтай.
-Баянгол дүүргийн хувьд анх үүсгэн байгуулагдаж байсан цаг үеийг дурсвал...?
С.ЭРДЭНЭ:- 1965 оноос өмнө одоогийн дүүргүүд маань хороо хорины зохион байгуулалттай байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, дүүрэг, район гэж байсангүй. Нийтэд нь л “хороо” гэж нэрлэдэг байсан хэрэг. Бодвол нийслэл хот маань их л олон хорооноос бүрддэг байсан юм шиг байгаа юм. Энэ дотроос одоогийн Баянгол дүүрэг маань 20 гаруй хорооноос бүрддэг байж. Бидний аав, ээж, өвөө эмээ нар хороо хорины дарга, хороо хорины цагдаа гэж айхтар том эрх мэдэлтэй хүмүүс байсан гэж ярьдаг юм. Зүйрэлбэл, Улаанбаатар хот их олон хороотой, хороо болгон нэг том дарга, бас нэг сүрхий цагдаатай байж л дээ.
Ингэж байж байгаад 1965 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Улаанбаатар хотыг дөрвөн районтай болгож, шинэчлэн зохион байгуулжээ. Октябрийн, Найрамдлын, Ажилчны, Сүхбаатарын район гэж дөрөв хуваагаад тэд нь дотроо хорооны зохион байгуулалттай байхаар шийдвэрлэсэн юм билээ. Одоогийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг нийлээд тэр үеийн Октябрийн районыг бүрдүүлж байв. Нийслэл хотын хүн ам, газар нутаг, эдийн засгийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг энэ хоёр дүүрэг нэг район байлаа. Сүүлд Баянгол, Сонгинохайрхан гэж хоёр хуваагдахад Баянгол нь гал голомтоо сахиад үлдсэн. Сонгинохайрхан дүүрэг шинэ дүүрэг болон салж байлаа.
-“Октябрь” гэсэн нэршил нь тухайн үеийн үзэл суртал шингэсэн нэр шиг санагдлаа. Уг нь энэ дүүрэгт Гандантэгчинлэн хийд оршдог гэдэг утгаараа монголчуудын өв соёлын үнэт зүйлийн өлгий гэж хэлж болмоор санагдах юм?
-Д.ЧОЙЖАМЦ:- Аливаа газар, усны нэр тухайн цаг үе, нийгмээ дагаж явдаг байсны нэг жишээ нь “Октябрийн район” гэсэн нэр юм. Ардчилсан хувьсгал ялсны дараагаар дүүргүүдийн нэрийг сольж, тахьдаг уул, усныхаа нэрээр нэрлэх болсон. Энд нэг зүйлийг хэлэхгүй бол боломгүй санагдлаа. Түүхээс харвал социализмын он жилүүдэд монгол хүний хамгийн их шүтэж биширч ирсэн газруудад нь хог, шороо аваачиж хаясан байдаг юм. Баянхошуу, Хамбын овоо, Шар хад гэдэг ч юм уу. Монголчууд асар нарийн нандин гэж үзэн байгалийг нь эрхэмлэж, хэдэн зуунаар тахиж шүтэж ирсэн тэр газрыг нь хог хаядаг, хүн тавьдаг, цаазалдаг газар болгосон доо. Энэ бол өнгөрсөн зууны Монголын томоохон эмгэнэлүүдийн нэг байв. Ардчиллын үед энэ бүхэн буцаж хэвэндээ орох шатандаа ороод явж байгаад лам хувраг, сүсэгтэн олон талархаж явдаг юм. Бод л доо. Богд уул маань л гэхэд жигтэйхэн сайхан модтой байлаа. Туул голоор маань сал урсгадаг байлаа шүү дээ. Гэтэл комунистууд Богд нэдэг нэрээс нь болоод “Феодал уул” гэж нэрлээд мод, ургамлыг нь их л тасчиж хаясан даа. Түүнээс болж Туулын ус татарч багассан гэж хууччуул ярьдаг юм.
С.ЭРДЭНЭ:- Хамбын хэлсэнтэй санал нэг байна. Бид өв соёл, уламжлалаа уландаа гишгэх зүйл олныг хийсэн нь харамсавч барашгүй. Гэхдээ энэ бүхнийг сэргээж, шинэчилж, хадгалж хамгаалж авч явах нь хойч үеийнхний маань хүлээх үйл хэрэг. Ардчилсан хувьсгал энэ бүх өв соёл уламжлал, Монголоо Монголоор нь авч үлдэх боломжийг хойч үедээ авчирсан. Тийм учраас залуус маань ахмадынхаа үгийг сонсдог, үндэснийхээ уламжлал, өв соёлыг дээдэлдэг байгаасай гэж хүсдэг. Тэгэхгүй бол энэ бүхэн нэг л өдөр буруугаар эргэх магадлалтай. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг ямар хэврэг зүйл болохыг бид дэлхий дахинд өрнөж байгаа олон жишээнээс харж болно.
Өнөөдрийн 25 настангууд энэ талаар тэр бүр сайн мэдэхгүй байж болох юм. Жишээ нь, хүүхэд, залуусын амарч, цэнгэж зугаалах дуртай Зайсан толгой дээр зориуд Зөвлөлтийн дайчдын хөшөө барьсан юм шүү дээ. Уг нь Зайсан толгой бол Богд уулын зүрхэн уул байсан гэж ярьдаг юм билээ. Бүр Богд хааны зарлигаар “Зайсан” гэдэг цол өгсөн гэдэг байх аа. Энэ мэтчилэн Монголын түүх, соёл янз бүрийн байдлаар дарагдаж, гуйвуулагдсан юм их бий. Ер нь түүх харж байхад Хамбын хэлдэг шүтлэгтэй тахилгатай, хүн очиж хар буруу юм хийдэггүй. Онгон дагшин газруудад тухайн үеийн эрдэмтэй номтой лам хувраг, сэхээтэн, төрийн түшмэдийг аваачиж цаазалдаг, залхаан цээрлүүлдэг газар болгосон байдаг юм билээ.
-Түүх бидэнд алдаа, оноо, сургамж үлдээсэн. Энэ бүхэнд дүгнэлт хийж зөв сонголт хийх нь ирээдүй хойч үеийнхний сонголт байх. Эргээд Баянгол дүүргийнхээ талаар ярихад хойморт нь Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд оршдог. Өөрөөр хэлбэл, буян ном хурсан газар гэдэг утгаараа энд амьдардаг хүмүүст буян хишгээ харамгүй л хайрладаг байлгүй. Шашин номын нөлөө бас байна биз дээ?
-Д.ЧОЙЖАМЦ:- Шашин шүтлэгтэй хүний үүднээс авч үзвэл яах аргагүй тийм. Гандангийн дэнж бол Бурхан шашны өч төчнөөн ном хурсан газар. Эцэг өвгөдийн үеэс шүтэж ирсэн шүтээнүүд бүгд Гандандаа л залаастай байна шүү дээ. Бүр комунизмын үед ч хурал номоо хурсаар ирсэн газар. Ер нь долоохон жил л хурал ном нь тасалдсан юм штээ. Бусад цаг хугацаанд бол тасралтгүй л номоо хурж байлаа. Энэ утгаараа баянголчууд маань Монголын их буян хурсан газар амьдарч байгаа улс. Жишээ нь, Увсын Хяргас байна л даа. Түүний хажууд Дэжээлин гэж том хийд байсан. Тэр хийдийн эргэн тойронд байгаа хүмүүс их дөлгөөхөн зан ааштай улс байдаг. Харин хийдээсээ жаахан алслагдсан газар амьдарч байгаа иргэд нь жаахан өөр маягтай. Нэлээн хөдөлгөөн хурцтай харагддаг юм билээ. Юу гэхээр буян номын газар ойр байгаа хүмүүсийнхээ зан төлөвт эергээр нөлөөлдөг болов уу гэж бодох юм.
С.ЭРДЭНЭ:-Би хувьдаа Гандантэгчинлэн хийд маань Баянгол дүүргийнхээ хойморт оршдог гэдэг утгаар нь билэгшээж, сүслэж явдаг юм. Дүүргийн маань сүлд, хийморь нь ч Жанрайсиг бурхан шүү дээ. Бас дүүргийнхээ сүлд дуундаа Бурхан шашнаа оруулах гээд олон талаараа Бурхан шашнаа дээдэлж, хүндэтгэсээр л яваа. Энд нэг зүйлийг хэлэхэд, Баянзүрх дүүрэг “Баянзүрх хайрхан”, Чингэлтэй “Чингэлтэй хайрхан” гэхчилэн бүгд тахьдаг, шүтдэг уул усаа бэлгэдлээ болгосон байдаг. Харин манай дүүрэгт тийм асуудал байхгүй. Тийм учраас би хэдэн жилийн өмнө Д.Чойжамц хамбад хадаг барьж очоод “Жанрайсиг бурханаа дүүргийнхээ сүлд, хиймор болгоё” гэсэн санал тавьж байлаа.
Хамба маань үүнийг цааргалалгүй хүлээж авч, баянголчуудад маань буян хишгээ хайрласанд одоо ч талархаж явдгаа энэ дашрамд уламжилъя.
Манай Баянгол дүүрэг бусад дүүргээ бодвол илүү хөгжсөн, иргэдийнх нь амьжиргааны түвшин боломжийн, басхүү оюунлаг хэсгийнхэн их суурьшсан. Сэхээтэн голдуу залуучууд, дундаж насныхан оршин суудаг, оюунлаг дүүрэг гэх юм уу даа. Ийм л дүүрэг байгаа юм. Энд бас бурхан шашны маань төв Гандантэгчинлэн хийдийн буян заяа байдаг байлгүй дээ гэж сүсэгтэн хүний хувьд бэлгэшээж явдаг даа.
С.ЭРДЭНЭ: МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИН ИЛҮҮ ТӨГӨЛДӨРЖСӨН
-Бурханы шашин бол Монголын соёлыг тодорхойлогч хүчин зүйл гэдэгтэй та бүхэн санал нийлэх үү.
С.ЭРДЭНЭ:- Шашны хувьд хамба багш маань илүү сайн ярих байх. Миний хувьд шашны ялгаа одоо л хүмүүст ойлгогдож эхэлж байна уу гэж харж байгаа. Нэг хэсэг бид лам, бөөгөө ч ялгахгүй шахуу байлаа. Дээр нь Христ, Католик нь ямар учиртай, хүнд юугаараа тустай юм гэдэг нь сайн ойлгогдохгүй. Бүр ураг, өвгийн ёс заншлаа ч ойлгохгүй нэг хэсэг явсан шүү дээ. Одоо бол хүмүүс Бурханы шашин гэж юуг хэлээд байгаа юм. Бөө нь ямар юм гэдгээ ялгаж салгадаг болжээ. Миний бодлоор бол Бурханы шашин гэдэг филисофийн шашин шүү дээ. Их шинжлэх ухаанч, юмны зүй тогтлыг нарийн харж, бясалгадаг. Бөөгийн шашин бол илүү тэнгэрлэг, байгаль дэлхийтэйгээ их харьцдаг юм болов уу. Би Буддын шашинтай хэд хэдэн орноор явж үзсэн л дээ. Шашны мяндагтан биш ч гэлээ миний ажигласнаар Манай Монголын бурханы шашин илүү төгөлдөржсөн юм шиг байгаа юм. Илүү байгаль дэлхий, юмс үзэгдэлтэйгээ уялдсан. Жишээ нь, Бөөгийн шашны зан үйл манай Бурханы шашинд их орсон байдаг.
Бурханы шашны зан үйл нь ч Бөөгийн шашиндаа наалдсан байдаг. Жишээ нь, бөөлж байгаа хүний зан үйлд бурханы шашны маань зан үйл явж байх жишээтэй. Манай Бурханы шашныхан дотор уул овоо тахихаас өгсүүлээд Бөөгийн шашны юм нэлээн бий байх, тийм үү Хамба аа. Би үүнийг Монголын ард түмний хэдэн зуунаар, мянганаар бий болгосон өв соёл нь яваандаа уусаад болж бүтэх зүйлүүд нь нийлээд, болж бүтэхгүйнүүд нь хоёр тийшээгээ болсон юм уу гэж харж байгаа. Миний сонссоноор бол дээхнэ үед Бурханы их мундаг номтой жаягтай лам нар том том бөө нартай их ном хаялцдаг байсан гэдэг. Одоо ч хаа нэг ганц нэг юм байдаг сураг сонсогддог шүү. Би бас нарийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ л манай Бурханы шашин бол их бодит юм руугаа буусан шашин гэж харагддаг.
-Д.ЧОЙЖАМЦ:- Энэ талаар яривал цаад тал нь хоёр дахь мянгантай жилийн үүх түүх сөхөх юм болно. Бидний өвөг дээдэс буюу Хүннү, Сьянбигаас Монголын эзэнт гүрэн хүртэл Бурханы шашныг ямар нэгэн хэлбэрээр дэмжиж ирсэн байдаг юм. Яриад байвал Монголын үе үеийн төрт улсуудад Бурханы шашин ямар нэгэн хэлбэрээр оршиж л байсан. Чингис хаан маань ч бурханы шашныг сонирхож, үр ач нартаа захиж үлдээсэн юм бий. Харамсалтай нь, комунист дэглэм Бурханы шашинд дэндүү загнасан даа. Бурханы шашинтнуудыг өнгөрсөн үед шороонд булаастай, эсгийд боодолтой, явж ирсэн гэсэн ойлголтыг түгээсэн. Тийм ч байгаагүй юм аа. Чингис хаан, Өгөөдэй хааны үед ч Бурханы шашныг шүтэж, Хубилайн үеэс бүр ч илүү шүтэж ирсэн. Түүнээс хойш Тогоон төмөр хааныг хүртэл 16 хааны үеийг хүртэл шүтэж ирсэн байдаг юм. Эзэн хаадад маань сонголтууд байсан уу гэвэл байсан. Күнз, Дао, Муслим, Христ гэх мэт. Тэр бүхэнд Монголын их хаадууд нээлттэй хандаж ирсэн байдаг юм. “Та бүхэн Буддын лам нартай адил мэддэг чаддаг бүх юм аа үзүүл ээ. Хэрэв тэднээс илүү байвал бид та нарыг хүлээж авахад бэлэн байна” гэх зэргээр асуудалд хандаж ирсэн байдаг юм. Шашин шүтлэг бол хүчээр шийддэг, тулгадаг асуудал биш юм. Тухайн ард түмний л сонголт байдаг.
Ард түмэн л сонгож шүтсэн бол тухайн ард түмний шүтлэг болдог. Бурханы шашны сүүлийн дэлгэрэлт бол Түмэдийн Алтан хааны үеэс эхлэлтэй. Дараа нь Автай сайн хан, Өндөр гэгээн гээд явна. Энэ юуг харуулж байна гэхээр Монголын ард түмний соёл зан заншилд Бурханы шашин нэвт шингэсэн байдаг. Өнөөдөр залуучууд “би огт шашин мэдэхгүй” гэж үзэж байж болох юм. Тэгвэл хөдөлгөөн бүр чинь бурханы шашинтай холбоотой байдаг гэж хэлье. Жишээлбэл, Христийн шашин шүтдэг хүн хоёр гараа энгэртээ зөрүүлж “Х” хэлбэр үүсгэдэг. Ярьж байгаа, хүнтэй харьцаж байгаа. Идэж ууж байгаа нь хүртэл шашныхаа тусгалыг агуулсан байна даа. Монгол хүн бол хөгшин, залуу гэлтгүй хүнд найрсаж байгаа, нүдний харц нь дөлгөөн гэх мэтээр Бурханы шашинтны хэв шинжийг агуулсан байдаг. Европ хүмүүс бол ерөнхийдөө хурц ширүүн төрх, хөдөлгөөнтэй, нүдний харц нь цаанаа л нэг гунигтайдуу харагддаг шүү дээ. Сургаал номонд нь гардагчлан Ертөнцийн эзнийхээ зарлигийг Адам, Ева хоёр нь зөрчсөн учраас шийтгэгдэж байгаа маягтай харагддаг. Исламчууд бол хурцдуу, эргэлдсэн нүдтэй байдаг. Харин Буддын шашинтай улс руу ороод ирэхээр хүмүүс нь юм л бол инээх гээд, найрсах гээд эхэлдэг шүү дээ.
С.ЭРДЭНЭ:- Тийм шүү. Дорно зүг рүү болоод ирэхээр хүмүүсийнх зан төрх, нүний харц, хүнтэй ярьж байгаа нь хүртэл ондоо болоод явчихдаг шүү дээ. Аливаа асуудалд найрсаж, инээхийг урьтал болгоод байдаг нь анзаарагддаг.
Д.Чойжамц:- Тэгэлгүй яахав. Яагаад шашин гэдэг зүйл ард түмнүүдэд хэрэгтэй юм бэ гэдэг чинь л энэ байхгүй юу. Уламжлал, сэтгэлгээнд нь нөлөөлж ард түмнийг бий болгож байдаг үнэт зүйл бол шашин юм. Монголын хувьд Бурханы шашин бол үүнийг бий болгогч хүчин зүйл нь байсан, байсаар ч байх болно. Тийм учраас дэлхийн улс орнууд шашнаар ард түмнээ нэгтгэдэг. Америкт ерөнхийлөгч нь Библи дээр гараа тавьж байгаад тангараг өргөдөг бол Английн хатан хаан гэхэд “Ертөнцийн эзний ивээлд байдаг учраас хатан хааныгаа хэн ч доромжлох эрхгүй” гэхчилэн хуульчилсан байдаг. Монгол Улс ч гэсэн шашинтай холбоотой өөрийн үнэт зүйлсээ тодорхойлсон байдаг. Жишээ нь, Үндсэн хуульд “шашин нь төрөө дээдэлж, төр нь шашинаа хүндэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ бол Хубилайн үеэс гаралтай үг юм шүү.
-Сонирхолтой сэдвээр ярилцсан та хоёрт баярлалаа. Төгсгөлд нь баянголчууддаа хандаж үг хэлэхгүй юу?
-Д.ЧОЙЖАМЦ:- Баянголчууддаа ч тэр, нийт монголчууддаа ч тэр хандаж хэлэхэд эв нэгдэлтэй байцгаая. Амгалан тайван амьдрахад юу хэрэгтэй вэ гэхээр эв нэгдэл хамгийн түрүүнд хэрэгтэй. Монголчууд эртнээс таван зүйлийг эрхэмлэж ирсэн. Хамгийн түрүүнд урт наслах хэрэгтэй, урт насаллаа гээд өвдөж хавдаад байвал ямар хэрэг байх билээ. Тийм учраас өвчингүй явах хэрэгтэй. Энэ хоёр зүйл хүний хувьд хамгийн чухал зүйл. Энэ хоёр эрхмийг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан багш биендээ зохицуулж идэж уу, хөдөлгөөнөө зохицуул гэсэн байдаг. Дээрээс нь энэ хоёр байлаа ч Бачид гэж юм байх юм бол амьдрал хэцүү.
Тийм учраас худал, хулгай, архи тамхи зэрэг янз бүрийн бузар муу зүйлээс холуур явах хэрэгтэй. Энэ гурав байлаа ч эд таваар байхгүй учраас хүн жаргаж өгдөггүй зовлонтой. Тийм учраас хүн өөрийн амьдралд хүрэлцээтэй хэмжээний эд таваарыг бий болго. Үүний төлөө боловсрол мэдлэг эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж явах нь зүйтэй. Үүн дээр байгаль дэлхийгээ шүтдэг монгол хүний гайхамшигтай уламжлал бий. Түүнийгээ дээдэл. Байгаль гэдэг өөрөө сав. Энэ саван дотор хор орчихсон бол хэчнээн сайхан айраг, сүү хийгээд ч нэмэргүй. Өвчин, үхлийн шалтгаан болно. Тиймээс ижил байгаль дэлхийгээ хордуулж болохгүй. Байгаль дэлхий хордох юм бол хүн урт нас, өвчин зовлонгүй байх талаар яриад ч нэмэргүй. Бидний амьдралын зохилдох шалтгаан бол байгаль өвс, ургамлаа цэвэр байлгах. Түүн дээр оршин байгаа бүхэн цэвэрхэн байж байж бид сайхан амьдарна. Баянголчууддаа энэ таван зүйлийг эрхэмлэж, урт настай удаан жаргалтай, өвчин зовлонгүй, бачидгүй мэнд сууж эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд нь өнөр өтгөн, байгаль дэлхий нь цэвэр, ган гачиггүй сайн сайхан байх болтугай гэж ерөөе.
С.ЭРДЭНЭ:- Хамба маань баянголчуудад хандаж ерөөлийн дээдийг хэллээ. Танд баянголчуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд маань Баянгол дүүргийнхээ хойморт заларч, Бурхан шашныхаа үйл хэргийг дэлгэрүүлж, Монгол Улсынхаа ирээдүйн сайн сайхны төлөө буян номоо хурж байдагт монголчууд талархаж явдаг гэдэгт итгэлтэй байна. Энэ сайхан Монголын их буян хурсан газар амьдарч байгаа баянголчууд маань илүү бурханлаг, илүү нигүүлсэнгүй, оюунлаг байдаг болов уу гэж боддог юм. Түүнчлэн дүүрэг маань энэ онд 50 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Ойгоо угтсан их ажлын хүрээнд дүүрэг маань сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өнгө засч, их хотынхоо нүүр царай болж яваад баяртай байна. Үүнийг дагаад Гандантэгчинлэн хийд маань ч шинэчлэгдэж байгаад баяртай байдаг.Энэ бүхэнд иргэдийн маань оролцоо өндөр байсан юм шүү. Бид хамдтаа үүнээс илүү ихийг хийж бүтээж чадна гэдгийг “Шинэчлэлийн баг”-ийнхаа нэрийн өмнөөс хэлэх байна. Ингээд Д.Чойжамц хамбынхаа ерөөснөөр Монголчууд маань бурханы шашнаа илүү ойлгож судалдаг, түүнээс авах юмаа авч чаддаг. Дагаж мөрдөх зүйлийг нь дагаж мөрдөж чаддаг байх юм зөв амьдарч, илүү хөгжиж чадна. Үүний төлөө хамтдаа хичээцгээе.