Би хүүхдүүдээ гэрийн ажилд, манай хүн төрийн ажилд сургасан
Өндөр настан Г.Алтанцэцэг хүүгийн хамт
2016.03.09

Би хүүхдүүдээ гэрийн ажилд, манай хүн төрийн ажилд сургасан

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өдгөө 70 насны босго алхаж байгаа өндөр настан Г.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр залуу насаа Монгол Улс, тэр дундаа нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд зориулсан эгэл жирийн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.

-Юуны өмнө Танд Мартын 8-ны буюу эмэггэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

-Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе.

-Таны залуу нас нийслэлийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой өнгөрчээ. Тэр үеийн дурсамжуудаас ярилцлагаа эхлэх үү?

-Би угаасаа Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Засгийн газарт ажиллаж байсан болохоор тухайн үеийн Засгайн газрын цэцэрлэгт явж байгаад, нэгдүгээр сургуульд орсон.Тэндээсээ МУИС-д элсч, 1971 оны долоодугаар сарын 1-нд сургуулиа төгсч, 8-нд нь тухайн үеийн нийслэлийн Тээврийн удирдах газрын 28 дугаар баазад эдийн засагчаар ажилд орсон. Тэндээ гурван жил ажиллаж байгаад 1974 оны дөрөвдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Статистикийн товчооны тээвэр хариуцсан мэргэжилтэнээр тэтгэвэрт гартлаа ажилласан.

-Монгол Улсын хөгжилд 1960, 1970-аад он чухал үүрэгтэй байсан гэж ярьдаг. Тэр үед эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүүхэн  хөдөлмөрлөж явсан гэчихвэл хэтрүүлсэн болохгүй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бидний үед үйлдвэр сургалт гэж болдог байлаа. Тэгэхэд эрэгтэйчүүд мужааны цехэд, эмэгтэйчүүд оёдлын цехэд, зарим нь радио холбоон дээр дадлага хийдэг байлаа. Тэгж хөдөлмөрийн анхан шатны мэдлэг олгож байсан хэрэг шүү дээ. Хөдөлмөрийн хичээл гэж их үр өгөөжтэй хичээл ордог байв. Одоо тийм хичээл орж байгаа эсэхийг мэдэхгүй юм. “Би тийм юм оёх ёстой” гэж ирж байгаа хүүхэд манай ач, зээ дотор лав алга. Тухайн үед эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байсан. Арга ч үгүй, Монголын хөгжлийн бүтээн байгуупалтын их он жилүүд байлаа шүү дээ.

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Гүнжинлхам яг бидний үеийн төгсөлт. Ер нь тухайн үед эмэгтэй хөдөлмөрийн баатрууд олон төрсөн байдаг. Саальчин, оёдолчин, барилгачин гээд их олон салбараас эмэгтэй баатрууд төрсөн. Тэгэхээр эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй ачаа үүрч, хөдөлмөрийн фронт дээр ажиллаж байсан гэж би боддог. Тэгэхэд би Хотын захиргаанд ажиллаж байхад бас л их ажилтай байлаа. Тэр үед ажилгүйдэл гэдэг ойлголт бараг байгаагүй.

-Тэр тухай яг асуух гэж байлаа. Та статистикийн газар тоон мэдээлэлтэй их ойр байсан хүний хувьд тухайн үед ажилгүйчүүд, залхуурал гэх мэт үг хэллэг байв уу?

-Улиралд нэг удаа хөдөлмөрийн үзлэг гэж болдог байлаа. Хотын захиргаанд байгаа хүмүүс тийм ажилд их дайчлагддаг байлаа шүү дээ. Хөдөлмөрийн үзлэгээр ажилгүй хүмүүсийг дүүрэг дүүргийнх нь Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлээд, бүгдийг нь ажилтай болгодог байлаа. Тэгэхэд ажилгүй хүн, гуйлгачин гэдэг ойлголт байсангүй. Ажилгүй хүн гарах л юм бол тэр өдөртөө дүүрэг дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлээд, захиалгатай газрууддаа зуучилдаг байсан.

-Эмэгтэйчүүд амьдралын гол ачааг нуруун дээрээ үүрдэг гэж ярьдаг. Үр хүүхдээ ч өсгөдөг, ажлаа ч хийдэг. Яаж тэр болгоныг амжуулдаг байсан юм бэ?

-Тэр үед гурван цаг болоод хүүхдээ хөхүүлэх чөлөө өгдөг байсан юм. Тэгээд гүйж ирээд хүүхдээ хөхүүлнэ. Тэр үеийн цэцэрлэг, ясли гэж мундаг хариуцлагатай байжээ. Ажлаас гадна ямар их олон нийтийн ажил болдог байсан юм бэ дээ. Дугуйлан, хурал цуглаан гээд барагддаггүй байлаа. Тухайлбал, ажлын хүүхнүүд нийлээд нэхмэлийн дугуйлан ажиллуулж, бие биедээ зааж өгнө. Одоогийнх шиг зурагт үзэж суух завгүй байсан юмдаг. Тэр үед хөдөлмөр хөнгөвчлөх зүйлс цөөн байлаа. Амьдралын нэлээд боломжтой айл л хөргөгч, угаалгын машин авч хэрэглэдэг байсан. Ажлаасаа тарж ирээд орой болгон хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад маргааш нь индүүдээд амжаад л байдаг байсан юм.

-Таны үеийн эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл авдаг зүйл юу байсан бэ?

-Тухайн үеийн эмэгтэйчүүд бүгд хөдөлмөрч байсан. Эмэгтэйчүүдийн гоо сайхан талаасаа урлагийнхныг их шүтэн биширдэг байлаа. Тухайлбал, Цогзолмаа гуай байна.

-Таныг залуу явахад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүндлэх байдал ямар төвшинд байсан бэ?

-Энэ асуудал 1980-аад онд нэлээд сайжирсан. Олон хүүхэд төрүүлж өгсгөсөн эхчүүдэд одон медаль өгдөг болсон. Жил бүр нэг хүүхдэд 400 төгрөг өгдөг байсан. Өвгөнөө Москвад сурахаар явахад нь би багыг нь ой хэдэн сартай, томыг нь хоёрдугаар ангид байхад нь авч үлдэж байсан юм. Тэгэхэд хөгшчүүд байсан болохоор тус дэмтэй. Гэхдээ л тухайн үед мэдээ, тайлан их авдаг байсан болохоор статистикийн ажил их. Эмэгтэйчүүд бол хийе гэсэн юмаа бүрэн дүүрэн хийдэг улс гэж боддог.

-Та хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ, гэр бүлээ танилцуулбал?

-Би 1967 онд ханьтайгаа гэр бүл болсон. Бид дөрвөн хүүхэдгэй. Хоёр охин, хоёр хүүтэй. Хамгийн бага нь 41-тэй гэхээр бидний нас нэлээд явчихлаа шүү. Том охин Ц.Сэрээнэн гадаад хэлний сургуульд багш, дараагийнх нь Ц.Сандуй Хотын захиргаанд Засаг даргын орлогчоос авахуулаад төрийн ажил олон жил хийлээ. Бага хүү Ц.Сэргэлэн маань хувиараа бизнес эрхэлдэг. Бага охин Ц.Дуламсүрэн маань Австралид сургууль төгсөөд тэндээ амьдардаг. Миний ханийг хотынхон андахгүй дээ.

1968 оноос Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны харьяа Орон сууц, нийтийн аж ахуйн газарт ажиллаж байгаад, хотын захиргаанд очиж, тэндээсээ ахуйн үйлчилгээний газрын даргаар явж, дараа нь Хотын гүйцэтгэх захиргааны орлогч дарга болж, бас Хотын намын төв хороонд ажилласан гэх мэтээр 40 гаруй жилийн 20 гаруйд нь хотын системийн байгууллагад байсан Цэндсүрэн гэж хүн байгаа. Хамгийн сүүлд тэтгэвэрт гарахдаа Монголын ахмадын хорооны дарга байсан гэдгээр нь хүмүүс андахгүй дээ.

-Та болон танай гэр бүлийн хүн, дээр нь танай хүү хотын хөгжилтэй амьдралаа холбосон гэр бүл юм байна. 1990-ээд оноос өмнө манай нийслэл “Азийн цагаан дагина” гэж нэртэй байлаа. Нийгэм солигдсоиоос хойш хөгжлийн өөр шатанд гарч байх шиг байна. Та хотын хөгжлийг яаж хардаг вэ?

-Биднийг сургууль төгсч байхад хот маань жижиг байлаа. Намайг статистикийн хэлтэст байхад манай нийслэл 60-70-аадхан мянган машинтай байлаа шүү дээ. Одоо бол бүр 600 мянган машинтай гэж дуулдсан. 1990-ээд оноос хойш л маш ихээр өссөн шүү дээ. Манай өвгөнийг Хотын захиргааны орлогч дарга хийж байхад байшин хороолол гэдэг чинь яралзтал баригддаг байлаа. 3, 4. 12 дугаар хороолол гэх мэт. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд хань минь гар бие оролцож байсан. Дараа нь Хотын намын хороонд очиход ч гэсэн тээвэр холбоо гэх мэт хотын чухал үйлчилгээнүүдийг давхар хариуцан ажиллаж байсан.

-Та мартын 8-ныг яаж тэмдэглэдэг вэ?

-Хуучин бол байгууллагууд тэмдэглэдэг байлаа. Тэтгэвэрт гарснаас хойш хүүхдүүдтэйгээ хамт нэг өдрийг өнгөрөөдөг болсон. Хамт тоглолт үзнэ. Хотын захиргаанд байхдаа Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийдэг байлаа. 50 гаруй эмэгтэйг баярлуулах ажил зохион байгуулна. Тэр үед Монголын эмэгтэйчүүдийн гишүүн байгууллага болж ажилладаг байсан. Хотын захиргаанд ажиллаж байсан 20 жилийнхээ бараг 10-аад жилд нь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн зарга хийсэн.  

-Танай хүүхдүүдээс таныг гэнэт баярлуулсан, сэтгэлд байнга уяатай явдаг ямар дурсамж байдаг вэ?

-Мартын 8-наар ээжийгээ баярлуулна гээд бүгд хормогч зүүчихсэн, өөрсдөө бялуу хийчихсэн, тэрүүхэндээ хөөрхөн ширээ засчихсан байж билээ. Тэгэхэд том нь гуравдугаар анги л байсан юм уу даа. Үр хүүхдүүд минь өөдөсхөн чинээхэн атлаа ээжийгээ баярлуулах гэж тэгж их хичээснийг хараад үнэхээр их баярласан. Энэ дурсамж миний хань бид хоёрын сэтгэлд үргэлж уяатай явдаг.

-Орчин цагийн бүсгүйчүүдийг хараад юу гэж бодогддог вэ?

-Одоогийн хүүхнүүдийн нийгмийн идэвх маш өндөр болсон, бие даах чадвар нь ч их өндөр болсон юм уу гэж боддог. Нийгэмд манлайлж байгаа эмэгтэйчүүд олон байна. Эрчүүдээс дутах юм ер алга. Боловсрол нь ч өндөр болсон юм даа. 1970-1980-аад оноос эмэгтэй хүүхдээ илүү боловсролтой болгоё гэх болсон. Тэр хэмжээгээр манай хүүхнүүд боловсролтой мундаг болжээ.

-Ямар ч дээд сургуульд олгодоггүй боловсролыг амьдрал, ахмад буурлууд бидэнд өвлүүлдэг. Амьдралын ухаанаас суралцах, түүнийг амьдралдаа мөрдлөгө болгоход эмэгтэй хүн яаж анхаарах ёстой юм бэ?

-Эмэгтэй хүн амьдралын ухааныг эцэг эхээсээ их өвлөж авч байгаа юм. Монгол эмэгтэй хүний дайчин чанар бол удмынх. Одоо харж байхад манай эмэгтэйчүүд их хүчирхэг болсон шүү.

-Одоо ач, зээгийн хөлд дарагдаж байна уу?

-Бид анх зургуулаа байснаа одоо 20-уулаа болсон. Удахгүй зээнцрээ үзэх гээд л байж байна.

-Хүн нас тогтохоор өөрийнхөөс илүү хүүхдийнхээ хүүхдэд амь болдог гэдэг.

-Тэр үнэн үнэн. Би 1991 онд тэтгэвэрт гарсныхаа дараа том охиныхоо хүүхдийг харж байгаад жижиг бизнес хийлээ. Нарийн боовны цех, цайны газар ажиллуулаад гурван томынхоо хүүхдийг өсгөхөд бага үүрэгтэй оролцсон. Харин хамгийн бага охиныхоо хүүхдийг өсгөлцөхөд туслах гэж жил бүр Австрали явдаг юм. Тэднийгээ харахаар л аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг.

-Баярын өдөр бүгдээрээ ирдэг үү?

-Ирнэ. Бүгдээрээ зэрэг ирвэл гэрт багтахгүй шүү дээ. Том хүүгийнх маань дөрвөн хүүхэдтэй, бусад нь хоёр хоёр хүүхэдтэй.

-Уугуул нутаг хаана вэ?

-Би бол унаган Улаанбаатарынх. Аав Сэлэнгийнх, ээж Ховдын хүн. Их залуудаа хотод ирж суурьшсан юм билээ. Би эхээс тавуулаа байсан, одоо гурвуулаа үлдсэн. Аав маань хурандаа цолтой цэргийн комиссар хүн байлаа. Улсад 30 гаруй жил ажиллахдаа 10 гаруй жил нь төрийн байгууллага, үлдсэнд нь цэргийн байгууллагад ажилласан хүн байв. Цэргийн хүн учраас тушаалаар л явна. Цэргийнх нь амьдралын талаар би бага мэддэг юм. Манай хань ч гэсэн хотод төрсөн. Аав ээж нь Дорноговийн улсууд. Манай өвгөн хар нялхаасаа удирдах ажил хийсэн учраас хүүхдүүд хүмүүжил сайтай. Хүүхдүүдээ би гэрийн ажилд, манай хүн төрийн ажилд сургасан. Манай хүүхдүүд бүгд мундаг ажилтай байсан. Хуучин цагт цайны газарт ордог хүн гэж бараг байхгүй байлаа. Цайны цагаар гэртээ ирэхэд манай хүүхдүүд лавшаа хийчихээд байж байна. Бүр жижүүртэй. Тэр хуваариараа хоолоо ээлжилж хийж, гэрээ цэвэрлэдэг байсан.

-Эмэгтэй хүний тухай олон сайхан үг байдаг. Таны сэтгэлд ямар нь илүү ойр байдаг вэ?

-Зөв үлгэр дуурайллаар аав ээж маань биднийг өсгөсөн. Тэр чанараар ч бид үр хүүхдээ өсгөсөн. Хэлсэн ярьсандаа хүрдэг, хийсэн ажлаа үр дүнд хүргэдэг байгаасай гэж хүсдэг. Хүүхдүүд маань ч тэр ёсоор амьдардаг гэж би боддог.