Мэндчилгээ
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд Монгол цэргийн баярын мэндийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хамт олон болон хувиасаа дэвшүүлж байна.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан ахмад дайчдаа Монгол цэргийн баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас ахмад дайчдад зориулан хууль эрх зүйн болон нийгэм эдийн засгийн олон чухал асуудлыг шийдвэрлэсэн ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Бид цаашид ч ахмад дайчдын нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхааран ажиллах болно.
Монгол цэргийн залгамж халаа болсон халуун эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай !
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
САЙД С.ЭРДЭНЭ