20 мянган өрхийн амьжиргааны төвшинд нааштай өөрчлөлт гарсан
2016.03.22

20 мянган өрхийн амьжиргааны төвшинд нааштай өөрчлөлт гарсан

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг албан ёсоор танилцуулах уулзалт өнөөдөр ХАХНХЯ-ны 10 дугаар давхарт боллоо.

Тус уулзалтад НХҮЕГ-ын дарга Ц.Туваан,  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, нийт яамд хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцлоо. 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас 2012-2015 онд орлого багатай өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор  “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлсэн. Үүнд нийт  55 мянга гаруй  өрхийг хамруулж, тэдний 30 гаруй хувийн амьжиргаанд нааштай өөрчлөлт гарсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлагадаа үндэслэн ололт амжилтаа улам баталгаажуулж, цаашдаа тогтвортой хөгжлийн зорилт дахь ядуурлыг бууруулах талаар тавьсан зорилгын хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2016 оны 16 дугаар  тогтоолоор баталсан. 

Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, боломжид тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн мэдлэг олгох зэрэг үйлчилгээг багцлан хүргэх юм. Түүнчлэн зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулан амьжиргааны төвшинг нь тасралтгүй дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Энэ утгаараа бид зорилтот бүлгийг зөв оновчтой тодорхойлох, ингэснээр тэдгээрт үзүүлэх төрийн үйлчилгээг ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр шууд хүргэх боломжийг бүрдүүлэх зорилтыг тавьсан. 

Энэ хүрээндээ бид 2013 онд засгийн газрын 269-р тогтоолоор нийт өрх иргэний 91 хувь буюу 708 мянган өрхийг амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамруулсан. Үүний үр дүнд аль ч салбар яамдаас тухайн амьжиргааны баталгаа төвшин доогуур орлоготой өрхүүдэд үзүүлэх ямар нэгэн багцийн үйлчилгээг хэн нэгэн улстөрч буюу албан тушаалтны оролцоогүйгээр шууд тодорхойлж хүргэх боломжийг бүрдүүлж чадсан.

Өнгөрсөн дөрвөн жилд өрхийн амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд рүү чиглэсэн төрийн бодлогыг нэлээд нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  53 төрлийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол одоо 80 нэр төрөл болгож өргөжүүлсэн. Мөн өндөр өртөгтэй  зарим эмчилгээ, хагалгааны  үнэ өртгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болгосон” хэмээн ярьсан юм.