Халх голын чөлөөт бүсийг малчид дэмжжээ
2016.03.23

Халх голын чөлөөт бүсийг малчид дэмжжээ

Саяхан зүүн бүсийн малчдын зөвлөгөөн Төрийн ордноо болжээ.

Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 120 гаруй малчид оролцжээ. “Хөдөө аж ахуйн хөгжил-Зүүн бүсийн гарц” сэдэвт зөвлөгөөнд оролцсон малчид зүүн бүс нутаг дахь малын эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуйн загвар, зүүн бүсийн аялал жуулчлал гэхчилэн өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ч хамгийн их анхаарал татсан асуудал нь Халх голын чөлөөт бүс байжээ. Нэгэн үе нутгийн иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэж байсан чөлөөт бүсийг хөгжүүлэх нь зөв гэдэг санаачлагыг энэ удаа малчид гаргасан гэж салбарын яамнаас мэдээлж байна.  

Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол  гарч, тухайн бүс нутгийн үржил шим сайтай хөрс, бэлчээр, ХАА-д тохиромжтой дулаан чийглэг уур амьсгал, олон зах зээлтэй холбогдох боломж зэрэг хөдөө аж ахуйн хувьд өндөр үр өгөөжтэй байдлыг харгалзан үзэж чөлөөт бүс байгуулахаар болсон юм. “Халх гол” чөлөөт бүсийг байгуулснаар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, бараа бүтээгдэхүүнийг экспортлох цоо шинэ цонх бий болно хэмээн мэргэжилтнүүд харж байна. Мөн зүүн бүсийн малчдын орлого өсч, орон нутагт үсрэнгүй хөгжил авчрах боломжтой гэж үзжээ.