"Ард түмэн урлагийн АЛДАРТНАА шүтэхээс бус ӨНДӨР КРАНЫГ гоё гэж хэзээ ч шүтдэггүй"
2016.03.28

"Ард түмэн урлагийн АЛДАРТНАА шүтэхээс бус ӨНДӨР КРАНЫГ гоё гэж хэзээ ч шүтдэггүй"

Бид бол нүүдэлчин эцэг эхээс төрсөн, хотын анхны хүүхдүүд 

Сэтгүүлч Б.Ганчимэг нэгэн нийтлэлдээ “Монголын Ардчиллын алтан үеийн тоотой хэдэн лидерийн нэг” хэмээн тодорхойлж байсан нэгэн эрхэмтэй ярилцлаа. 

Гэхдээ түүнийг улстөрч, бизнесмен гэхээсээ илүүтэй хувь хүн гэдэг үүднээс нь уншигчдадаа хүргэхийг зорьсон юм. 

Монголын улс төр, бизнест тод мөртэй энэ эрхэм бол УИХ-ын гишүүн Л.Болд.

Оюутан ахуйгаасаа өнөөг хүртэл Ардчиллын төлөө зүтгэж, “Бодь” хэмээх гар урлалын жижиг хоршоог группын хэмжээнд хүргэсэн эрхмийн аав бол орчин цагийн монгол хэл шинжлэлийн ухааныг олон салбар бүхий бие даасан цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэх үйлсэд бүхий л амьдралаа зориулсан Утга зохиол, гоо зүйн нэрт эрдэмтэн С.Лувсанвандан гэдгийг залуу үеийнхэн төдийлөн мэдэхгүй ч байж магад.

Аавынхаа нөлөө, өөрийн сонирхолдоо хөтлөгдөн урлаг, соёлтой салшгүй холбогдсон энэ эрхмийн хүүхэд насны дурсамж, ажил амьдралын гараа хийгээд энэ цаг үед юу хийж, зорьж яваа тухай хөөрөлдсөнөө хүргэе.

- Сэтгүүлч Л.Болормаа агсны хамгийн сүүлчийн бүтээлд таныг “Түүх бүтээсэн атлаа их даруухан хүн байна шүү” гэж хэлсэн байдаг. Нээрээ л “Би”-гээр өвчилсөн, тууз хайчилсан улс төрчдөөс та арай л чимээ багатай хүн шиг санагддаг.  

- Ер нь “чимээтэй” хүн л улс төр хийдэг л дээ. Гэхдээ би парламентад дөрвөн удаа сонгогдоход олны төлөө хийе бүтээе, үзэл бодлоо түмэнд хүргэе гэсэн эрмэлзэл маань “чанга” байж л сонгогдсон байх. Түүнээс биш би тийм юм хийсэн, ийм гавьяатай гээд өөрийгөө яриад явдаггүй.

Социализмын үед төрж өссөн бидний үеийнхэнд тийм хүн ч ховор доо. Ер нь цаг үеэсээ болдог ч байж магадгүй. Миний үеийнхэн чимээгүй талдаа шүү. 

Одоо үеийнхэн бол өөртөө их итгэлтэй. Хийсэн бүтээснээ өөрөө үнэлж чаддаг болж. Үүнд буруу юм байхгүй л дээ. 

-Улс төрчийн тань хувиар мэдэх ч хувь хүн гэдэг үүднээс уншигчдадаа танилцуулахыг зорьж байгаа юм. Тийм болохоор хүүхэд насны тань дурсамжаас хуваалцмаар санагдлаа. Танайх зусланд их гардаг айл байсан гэж сонссон. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би 40 мянгатын хүүхэд. Тэндэхийн айлууд шинэ үеийн анхны хотынхон байлаа.  Сэхээтэн, албан хаагч, ажилчин гээд Монголын өнцөг булан бүрээс цугларсан хүмүүс шинэ үеийн хотын иргэдийн бүрдүүлж байсан үе. Хотожсон Монголчуудын анхны төлөөлөл гэж хэлж болох юм даа. 

Бид бол нүүдэлчин эцэг эхээс төрсөн, хотын анхны хүүхдүүд. 

Бидний аав ээжүүд хөдөө төрж өсөөд нас биед хүрч байж л хотод орж ирсэн. Нүүдэлчин ахуйтай байсан хүмүүс зун болонгуут хотоос гарч зуслан гардаг байлаа. Зусланд гурван сарыг өнгөрөөдөг тэр үеийнхний л жишиг юм. Зуслан гарахдаа бүх юмаа ачаад явна. Яг нүүж байгаа юм шиг. 

Хийе бүтээе, үзэл бодлоо түмэнд хүргэе гэсэн эрмэлзэл маань “чанга” байж л сонгогдсон байх.

Хотын хүмүүс байж бүх юмаа ачаад жилдээ хоёр удаа нүүдгийг гаднынхан хараад “Танай Монголчуудын амьдрал дэлхийд байхгүй сонин гэж” гайхдаг байж. 

Нэг ачааны машинд мебелиэ зулна, зурагт хөргөгчөө тавина. Бүх хогшил, аяга тавгаа ачаад дээр нь зургаан хүүхдээ суулгаад зуслан гардаг байлаа, манайх. Энэ бол бидний л түүх. 

Одоо ингэж зусланд гардаг хүн байхгүй биз. Аав ээж маань зуслангаас ажилдаа очихдоо бараг бүтэн цаг явж хүрдэг. Одоогийнх шиг өөрсдийн машинаар явна гэж байсангүй. Автобусанд зогсоод л явна шүү дээ. 

-Таны аав С.Лувсанвандан гуай хүүхдийн нэрийн жагсаалт бичиж үр хүүхдүүддээ үлдээсэн байдаг гэж сонссон. Бичиж үлдээсэн нэр нь бүгд “Билэг” гэдэг үг орсон байдаг гэж дуулж байсан юм. 

-Аав маань нэрний билэгдэл их боддог байсан юм шиг байгаа юм. Хоёр хүүдээ Болд гэдэг нэр өгөөд дөрвөн охиндоо Гэрэлтэй нэр өгсөн. Амьд сэрүүнд нь гурав дөрвөн ач нь төрсөн. Тэдэндээ дандаа Билэгтэй нэр өгсөн. 

Дараа төрөх шинэ хүмүүсдээ мөн л Билэг гэдэг үг орсон нэрнүүд бэлдээд тэрийг нь сугалж нэр хайрладаг болсон. 

-Тэгвэл аав нар нь шинэ хүндээ нэр бодох хэрэггүй, амар ч юм уу?

-Тийм. Нэр бодох шаардлагагүй. Гэхдээ зургаан хүүхэд үржсээр байгаад өвөөгийнх нь бэлдсэн нэрнүүд дууссан л даа. Сүүлд төрсөн хүүхдүүддээ аав нар нь нэр хайрлаж байгаа. Мөн л Билэг гэдэг үг орж байгаа. 

Манай гурван охин сүүлд төрсөн болохоор би өөрөө Билэг гэдэг үг орсон нэр өгсөн. 

-Таны эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаатай холбоотой БОГД, БОДЬ гэдэг нэрнүүд их дурдагдах юм. Энэ ямар учиртай үгнүүд юм бэ. Тайлбарлаж өгөхгүй юу? 

-Монгол газар нутаг, Монгол соёл, сэтгэлийг илэрхийлсэн үгнүүд л дээ. Яг ямар учиртай юм гэхээр манай аав Баянхонгор аймгийн Богд сумын хүн. Их Богд хайрханы хаяанд Бодийн хар ус, Бодь толгой, Бодийн хөндий гэсэн нэртэй газарт төрсөн юм. 

Бодь, Богд гэдэг үгнүүд нь гадаад хэлэнд шууд орчуулагдах боломжгүй Монгол илэрхийлэл болсон үгнүүд. 

Монголчууд бид эзэн Чингисээс эхлээд шүтэж, дээдэлдэг хүмүүсээ богд гэдэг. Бодь гэдэг нь зөвхөн Монгол хэлэнд байдаг үг. Энэ нэрийг аав маань өгсөн л дөө. Сүүлд Богд гэдэг  нэрийг хүүхдүүд нь өгсөн.

-Таны аав С.Лувсанвандан гуайг хүмүүс сайн мэднэ. Харин ээжийн тань тухай тэр бүр мэдэхгүй байх. Та ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Миний ээж бол үнэхээр сайхан Монгол ээж байсан. Найман хүүхэд төрүүлснээс зургааг нь өсгөж чадсан. Хүүхдээ алдахаар хүн чинь их айхтар болдог юм билээ. Бидний төлөө бүхнээ зориулсан. 

Эмч хүн байсан болохоор насаараа л эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Алдарт эхийн одонтой, тэр үеийн мянга мянган ээжүүдийн адил гайхамшигтай эмэгтэй байсан. 

Хөдөлмөрийн хүмүүжил гэж байдаг бол жинхэнэ хүмүүжүүлсэн газар маань Багануурын уурхай.

Ээж маань эмч мэргэжилтэй байсан нь биднийг эрүүл чийрэг өсөхөд их нөлөөлсөн байх. Эмч хүн чинь өөр шүү дээ. Хүүхдүүдийнхээ амьдралд зөв суурь тавьж өгдөг. 

Аав маань том эрдэмтэн, профессор хүн ч гэлээ сайхан эмч болох байсан юм гэж ярьдаг байсаннь бас сонин шүү. Тэгэхээр эмч хүн их нэр хүндтэй байсан байгаа биз.

-Таныг сургуулиа төгсөөд ажлын гараагаа Багануурын уурхайн Үйлдвэрчний эвлэлээс эхэлж байсан гэдэг. Жинхэнэ ажилчин ангиас ажлын гараагаа эхлэх ямар байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Тухайн үед төвийн системд заавал анхан шатанд ажиллуулдаг байлаа. Багануурт хуваарилагдаад, яг уурхай дээр үйлдвэрчний ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. 

Дараа нь томилолтоо дуусгаад эргээд хотод ирсэн чинь ахиад хөдөө яв гээд Сэлэнгэ аймагт барилгачнаар ажилласан. Ингээд бодоход хөдөлмөрийн гараагаа хоёр ажилчин ангийн дундаас эхлүүлж байж. 

Тэр үе бол амьдралын минь хамгийн сайхан дурсгалтай цаг мөч юм даа. Тухайн үед хэчнээн хэцүү байсан ч хөдөлмөрийн хүмүүжил гэж байдаг бол жинхэнэ хүмүүжүүлсэн газар маань тэр юм.

. Тусгаар тогтнолын тухай тэр үеийн сор болсон хүмүүсийн амнаас сонсож өснө гэдэг гайхамшиг 
-Таныг УИХ-ын гишүүд дундаа хэлний мэдлэгээрээ толгой цохидог гэж дуулж байсан юм. Өнөө үед хэлний мэдлэг зайлшгүй хэрэгцээний нэг болж. Та гадаад хэлийг хэрхэн сурч байв?

-23 дугаар дунд сургуулийг төгссөн нь гадаад хэлийг сурах маш том суурь болж өгсөн л дөө. Эх хэл шигээ гадаад хэлийг эзэмшсэн. Дараа нь Германд сургуульд сурсан. Тэгэхэд герман хэлийг маш хурдан эзэмшсэн. Урд нь гадаад хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн байхад дараагийн хэлийг сурахад маш амархан байдаг юм билээ. Харин англи хэлийг  орчинд нь сурч үзээгүй. Англи хэлний сургалтад ч хамрагдах бололцоо байгаагүй. Огт ярьж чадахгүй шахуу байж байгаад 1990 оноос хойш өөрөө сураад боломжийн хэмжээнд эзэмшиж болж байна. Франц хэлийг ч гэсэн би өөрөө оролдож байгаа. 

Эхний суурь бол их чухал юм билээ. Хүүхдэд аль нэг гадаад хэлийг эх хэл шиг нь эзэмшүүлсэн байхад дараагийн хэлээ сурахад их амар байдаг. 

Ер нь Монгол хүнд гадаад хэл зайлшгүй хэрэгтэй. Бид гадагшаа нэвтрэлцэж чадахгүй бол улс төр, эдийн засаг гээд бүх хүрээлэлд маш том хохиролтой хавчигдмал байдалд орно. Тийм учраас гадаад хэл гэдэг бол Монгол хүний хувьд зайлшгүй мэдлэгүүдтэй адил байх ёстой.  

-Их, дээд сургуульд эсвэл сургалтын төвүүдэд сураад ч гадаад хэлийг өндөр хэмжээнд эзэмшиж чадаагүй жишээнүүд олон байдаг. Тэгэхэд та яаж бие дааж англи хэлийг сурав. Ер нь гадаад хэл сурах өөрийн туршлагаасаа хуваалцахгүй юу. Залуучуудад сонирхолтой байх болов уу?

-Хэл сурах хамгийн гол арга бол хэрэглэх. Тэгээд өдөр болгон сурах. Сурчихаад долоо хоног орхих юм бол байхгүй болно. Хэлний хувьд хамгийн гол нь дадлага. Байнга хэрэглэх, сонсох, унших, ашиглах. Ийм нөхцөлд хүн ямар ч хэлийг бүр 10 хэлийг ч зэрэг сурч болно. 

-Таны аавын нэрэмжит С.Лувсанвандан гэдэг сан бий. Энэ сан ямар үйл ажиллагаа явуулж байна вэ. Та их ажлынхаа хажуугаар хэрхэн ажиллуулж байна вэ?

-Аавынхаа ажиллаж байсан, амьдарлаа зориулсан тэр салбаруудыг дэмжих зорилгоор С.Лувсанвандан санг байгуулсан. Соёл урлаг, Монгол судлал гээд ер нь авьяасыг дэмжих, Монголын гэсэн өвөрмөц соёл иргэншлийг дэмжих маш том зорилготой. Уран бүтээлчдийг, уран бүтээлийг, залуу үеийг дэмжих тодорхой нэг материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 

-Сангийн тань үйл ажиллагаанаас “Миний ном” театр, урлагийн наадам их сонирхол татлаа. Хүүхдүүд гар утас, компьютерээс салахаа байсан өнөө үед нүдээ олсон үйл ажиллагаа юм гэж бодлоо. “Миний ном” театр, урлагийн наадмын талаар ярихгүй юу?

-Ном уншаад, түүнийгээ жүжигчилсэн байдлаар тайзан дээр тоглож бусдадаа үнэлүүлнэ гэдэг соёл урлаг, сэтгэхүй, бие биетэйгээ харилцах, уран бүтээл бий болгох гээд тухайн хүүхдийн хувьд маш эерэгээр үлдэх зүйл юм. Энэ арга хэмжээг бид улс орон даяар дэлгэрүүлж, түгээхийг зорьж байгаа. 

Гадаад хэл бол Монгол хүний хувьд зайлшгүй мэдлэгүүдтэй адил байх ёстой.  

Уг наадмын шагнал нь ч гэсэн хүүхдийн номтой нөхөрлүүлэхийг зорьсон агуулгатай. “Миний ном” театр, урлагийн наадамд түрүүлсэн сургуульд уран зохиолын кабинетыг нь тохижуулж өгдөг. Энэ бол соёлт ертөнцөд зайлшгүй байдаг зүйл. 

Мөн сан маань зохиолч, уран бүтээлч нарын зохиол, бүтээлийг дэмжих сурталчлах, гадаад  дотоодод үзэсгэлэн гаргах ажлуудыг их хийдэг л дээ. Хамгийн сүүлд гэхэд Б.Ринчен гуайн ой болсон. Ойн жил нь түүний зохиол бүтээлийн 10 боть болгон гаргасан. Уншигчид маш талархан хүлээж авсан, сайхан ажил болсон. 

-Таны аав соён гэгээрүүлэх чиглэлд насаараа зүтгэсэн хүн. Соёлын яамны сайдаар ч ажиллаж байсан. Гэтэл Монгол Улс өнөөдөр бие даасан Соёлын яамгүй болчихсон байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монгол Улс амьдралын үндэс болсон гол юмаа татан буулгачихаад байна. Нэг л сайхан төсөл, тендер хөөцөлдсөн улс болчихоод байдаг. Уг нь аж ахуйн яамдуудаасаа Соёлын яам чухал юм шүү дээ. Замын тендерийг аль нэг хувийн компани, барилгын тендерийг барилгын компани нь хариуцаад явж болмоор байгаа юм. Энд төрийн хяналт л байхаас биш юм болгонд оролцоод баймааргүй байгаа юм.

Одоогийн Засгийн газрын бүх яам нийлээд Соёлын яамны хэмжээнд хүрэхгүй.

Гэтэл Монгол хүн гэсэн уураг тархи, соёл, түүх, агуулга нойл болсон. Энэ бол Монголын эсрэг, тусгаар тогтнолын эсрэг хамгийн том дайралт юм. 

Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг болчихож. Бүх зүйлийг мөнгөөр хэмждэг. Нийгмийн ач холбогдлыг нь төсвөөр хэмждэг болж. 

Гэтэл одоогийн Засгийн газрын бүх яам нийлээд Соёлын яамны хэмжээнд хүрэхгүй. Ард түмэн соёл урлагийн алдартнаа л мэдэж шүтэхээс бус тэнд нэг гоё өндөр кран байна гэж хэзээ ч шүтдэггүй. Энэ бол зүгээр л хөдөлмөрийн багаж шүү дээ. 

Ийм л харамсалтай гажуудал сүүлийн жилүүдэд үүсчихээд байна. Үүнийг арилгахын тулд бид их зүйл хийх хэрэгтэй. Улс төр талаас нь ч хувь хүн талаас нь ч янз бүрээр оролдож байна. 

-Та нэгэн ярилцлагадаа “Бидний үеийнхэн эхийнхээ сүүтэй ижил амталж өссөн ойлголт маань тусгаар тогтнол байсан юм” гэж хэлсэн байсан. Таны аав болоод тухайн үеийн сэхээтнүүдийн үзэл санааны үнэт зүйл нь тусгаар тогтнол байжээ гэж ойлгож байлаа. 

-200 гаруй жил тусгаар тогтнолоо алдсан улс Ардчилсан хувьсгалаар л бүрэн тусгаар тогтнолоо олсон шүү дээ. Үүний төлөө 100 шахам жил, хэдэн үеийг хамарсан тэмцэл, драм өрнөсөн. Юугаар ч сольшгүй, ямар ч амьдралын жаргалаас татгалзахад бэлэн ганцхан юмны төлөө тэмцэж байсан нь тусгаар тогтнол. Энэ тухай тэр үеийн сор болсон хүмүүсийн амнаас яг дэргэдээс нь өдөр болгон сонсож, мэдэрч өснө гэдэг гайхамшиг. 

Бид яг үүнийг дараа үедээ өгмөөр байна. Залуу үе маань бэлэн тусгаар тогтнол дээр бойжсон болохоор үнэ цэнийг нь мэдэхгүй байна л даа. 

Тийм болохоор 21 дүгээр зууны оюутан залуус босоосой, эх орноо гартаа аваасай. Энэ бүхэн одоо тэднийх шүү дээ. 

-Тусгаар тогтнол гэдэг ойлголтыг хойш үедээ өвлүүлэх үүднээс мөн таны Батлан хамгаалахын сайд байсан үе ч тэгж таарсан байх. “Тусгай салаа” гэдэг олон ангит кино МҮОНРТ-ээр гарч, үзэгчдийг байлдан дагуулсан. Энэ кино хийх санааг та гаргасан юм билээ. 

-Нэг талаас соёл урлагтай холбоотой хүний хувьд тийм санаа төрсөн байх. Нөгөө талаас бүх урлагаас хамгийн хүчтэй кино урлаг гэдэг тодорхойлолт их нөлөөлсөн. Учир нь Батлан хамгаалах салбарт хэн ч очихгүй гэж голдог байсан. Хоёрхон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай яам болоод тэгдэг байсан биз. Дээр нь цалин, хангамж муу. Цэргийн нэр хүнд ч таагүй болсон байсан. 

Би сайдаар очоод янз бүрийн аргаар үзсэн дээ. Гэвч хүний зүрхэнд хүрэхгүй байсан юм. Кино бол хүрэх юм байна, энэ салбарынхныг ойлгуулах юм байна гэж бодсон. 

Гадаад харилцаа гэхээр л Гадаад Хэргийн яаманд ажиллах эсвэл аль нэг улсад Элчин сайдаар суухыг хэлдэггүй.

Үүний дүнд өмнө нь хэнтэй байлдах юм, энэ олон цэргээр яадаг юм гэж ярьдаг хүмүүсийн ойлголтыг өөрчилж чадсан. Одоо бол залуучуудыг бүгдийг нь цэргийн алба хаалга гэдэг болоод байна. 

Хөрөнгө оруулалтын төсөв нь гэхэд бараг 50-60 дахин нэмэгдсэн байна. 

-Таны хүүхэд насны мөрөөдөл дипломатч болох байсан гэдэг. Хүсэж байсан мэргэжлээ эзэмшиж чадаагүй ч түүнээс ч илүү хувь тохиож Гадаад Хэргийн сайдын албыг хашиж байсан. Таныг энэ албыг хашиж байх үед хоёр хөршийн маань удирдагч хоёулаа манай улсад айлчилж, Монголын нэр хүнд олон улсад нэлээд ахисан түүхэн үйл явдал тохиож байсныг санаж байна. 

-Дипломатч болж чадаагүй ч гадаад харилцаанд би оюутан байхаасаа эхлээд зүтгэсэн. Оюутны холбоо ч бай, компани ч бай, Батлан Хамгаалах яам ч бай бүх шатанд гадаад харилцаа байсан. 

Гадаад харилцаа гэхээр л Гадаад Хэргийн яаманд ажиллах эсвэл аль нэг улсад Элчин сайдаар суухыг хэлдэггүй. Энэ ойлголтыг эвдэх “Иргэн бүр Элчин сайд” хөтөлбөрийг дэмшүүлж, хэрэгжүүлэх гээд гүйцээж амжсангүй. Гэхдээ үүнийг цааш нь үргэлжлүүлнэ. 

Монгол Улсын идэвхтэй иргэн бүр дипломат байх ёстой. Тэгж байж өнөөдөр дэлхийн улс болно. Дипломат байна гэдэг нь улсаа төлөөлнө, улсынхаа нүүр царай болно гэсэн үг шүү дээ. Гаднаас сайн юмыг нь авчирч, дотоодынхоо сайн зүйлийг гадаадад сурталчилна. 

Намайг сайд байх үед манай улсад хамгийн олон айлчлал болсон тоо баримт байдаг. Хамгийн гол нь чанарын хувьд хоёр хөршийн маань тэргүүн долоо хоногийн зайтай анх удаагаа айлчилж ирсэн. 

Энэ айлчлалуудаар дандаа том асуудлууд яригдсан. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах тухай, ОХУ-тай визгүй зорчих асуудал, БНХАУ-тай эдийн засгийн шинэ түвшний иж бүрэн түншлэлийн асуудал гээд олон чухал асуудлын эхлэлийг тавьсан. Дараа дараагийн хэдэн уулзалт ч энэ уулзалтыг ач холбогдлыг гүйцэхгүй. 

Сайхан цаг үед олон хөдөлмөрч хүмүүсийн хамт гадаад харилцааны салбарт хувь нэмрээ оруулсан түүхээрээ бахархдаг.

 Том бизнест хувь нийлүүлэгч улс төрд явна гэдэг хүндрэлтэй 

-Таныг JCI Монгол байгууллагын анхдагчуудын нэг гэж сонссон юм байна. Тухайн үед MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, С.Зориг агсан гээд олон хүмүүс JCI байгууллагатай холбогдож байсан байх аа?

-Би ер нь Олон улсын холбоотой их олон зүйл дээр анхдагч байсан. JCI байгууллага, Хүний эрхийн “Эмнести интернэшнл”, Ротари гээд олон улсын байгууллагын анхдагч. Эдгээр байгууллагууд бол Монголыг олон улсад гаргах гүүр юм. 

1990 онд би олон улсын оюутны холбооны удирдлагаар сонгогдож байлаа. Монголын төрийн бус байгууллага анх удаа олон улсын холбоог тэргүүлсэн жишээ л дээ.  

-JCI байгууллагын Ерөнхийлөгчийн ажлаа MCS группын Ерөнхийлөгч Ж.Оджаргалд шилжүүлж байсан гэж сонсож байсан юм байна.

-Тийм. Ж.Оджаргал JCI-ийн идэвхтэй гишүүн байсан. Их олон арга хэмжээнд бид цуг орж байлаа.

-Л.Болд гэдэг хүний нэртэй “Бодь” групп байнга цуг явдаг. Энэ группыг үүсгэн байгуулсан түүхийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Таны аав логог нь зохиож ээжийн тань байгуулсан хоршооноос үүсэлтэй гэж сонсож байсан юм байна?

-1980-аад сүүлээр Монголд хоршоо байгуулагдаж эхэлсэн. Түүнээс өмнө бизнес эрхэлбэл эрүүгийн гэмт хэрэг хийсэнд тооцогддог байлаа шүү дээ. Зөвхөн улс л баялаг үйлдвэрлэх эрхтэй, хувь хүн баялаг үйлдвэрлэвэл маш том гэмт хэрэгт тооцогддог байсан үе.

Анх хоршооллыг гар урлалын хэмжээнд зөвшөөрсөн. Тэгээд анх “Бодь” хоршоо гэж байгуулсан.Хоршоо маань түрээсийн подвалд хэдэн оёдлын машинтай, 2-3 оёдолчинтой үйл ажиллагаагаа эхлүүлж байв.

Мөн орон сууцнуудын нэг давхарт жижүүр амьдардаг хэсэг байдаг даа. Тийм талбайг түрээсэлж лангуу ажиллуулан, жижиг наймаа хийдэг байлаа.

-Би бизнест том акул байж чадахгүй гэж хэлсэн байсан. Энэ нь улс төрийг сонгосонтой тань холбоотой юу?

-Би нийгмийн ажилтан, улстөрч хүн л юм байна. Угаасаа миний сонирхол бүх юм тэгж явсан юм билээ. Бизнест аргагүйн эрхэнд орсон. Нийгэм өөрчлөгдөхөд хэн ч надад ажил өгөхгүй. Тийм болохоор аав, ээжийнхээ жижиг хоршоог аваад ажиллуулсан. Түүнийгээ хөгжүүлээд явсан. Би бизнесээ яг олон нийтийн байгууллага шиг л явуулсан.

Капиталист нийгэмд байсан бол би тэр дороо дампуурах байсан.  

Гэтэл акулууд чинь тэгдэггүй юм байна. Ашгаа хатуу аваад, няц дараад л гараад явцгаадаг. Миний хувьд тийм чадвар байхгүй юм билээ. Капиталист нийгэмд байсан бол би тэр дороо дампуурах байсан байх. Манайх социалист нийгмээс дөнгөж салж байсан болохоор олон түмний сэтгэлийн оролцоо, хамтраад ажилладаг хүмүүсийн олон санаа харин ч улам босгож ирсэн юм билээ.

-Таныг одоо хэр нь хүмүүс “Голомт” банк, хүүхдийн парктай холбоотой гэж ойлгодог юм билээ. Угтаа бол эдгээр асуудалтай нэр холбогдохоо байсныг тань хүмүүс төдийлөн мэдэхгүй яваад байх шиг.

-Тийм. Одоо бол ямар ч холбоогүй болсон. Бид хамтраад Монголын банкны салбарын томоохон төлөөллийг байгуулаад явж байлаа. Аливаа бизнес хамтрах ч  байна тус тусдаа бие даах ч байна. Одоо бол тусдаа гарцгаасан.

-“Бодь группыг орхисон нь улс төрийн тавилангаа сонгосон гэсэн үг” гэж хэлж байсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-“Бодь” групп бол өөрөө маш том бизнес болсон. Ийм том бизнест хувь нийлүүлэгч улс төрд явна гэдэг бол энэ цаг үед хүндрэлтэй. Бүх л газарт “Голомт” банк, “Бодь” группын асуудал босч ирж байна. Тэр бүхнийг улстөрчтэй шууд холбож ярьдаг. Гаднынхан ч гэсэн үүнийг таатай хүлээж авдаггүй.

Манай гэр бүлийн одоогийн бизнес их томорчихвол би улс төрд байх хэцүү. Энэ чинь онцгүй шүү дээ. Том корпорацийг улстөрч төлөөлөх нь сайн гэж үздэггүй. Дээр үед бол байсан л даа. АНУ-д гэхэд топ 500 компаниас нэг л компанийн захирал парламентын гишүүн байна гэсэн судалгаа хэдэн жилийн өмнө гарсан байх жишээтэй.

Энэ нь өөрөө энэ цаг үеийн эрүүл шаардлага л даа.

-“Хамтдаа хөгжинө” гэдэг зарчмаар бизнесээ цэцэглүүлсэн гэж сонсож байсан юм байна. Таны бизнест баримталдаг алтан зарчим юу вэ?

-Бүгд хожно. Зөвхөн эзэн биш бүгд хожиж, бүгдийнх нь амьдрал сайжирч, бүгд ашиг орлоготой байна гэсэн сэтгэл ханамжийн асуудал гол байдаг. Тэгээд л би олон нийтийн байгууллага шиг гээд байгаа байхгүй юу.

-“Бодь” группын нэрийн хуудас гэж хэлж болох “Бодь тауэр” Монголын хамгийн өндөр бас хамгийн анхны ухаалаг барилга гэгдэж байлаа. Тэр үед хүмүүс ухаалга барилга гэхээр их сонирхож байсан байх даа.

-Бид ухаалаг гэдэг үгийг орчуулж ядаж байлаа.  Бусад оронд бол 20-30 жил болоод хэвшчихсэн. Монголд л байхгүй байсан. Нэгэнт ухаантай юм чинь ухаалаг гэхгүй яахав. Одоо бол ухаалаг гэдэг үгэнд дасчихаж байгаа биз дээ.

Вкусгүй, худлаа үнэн юм өлгөж эсвэл баахан гэрчилгээнүүд л ханандаа нааж байна.

Монгол л ганцаараа хоцрогдсон, бүдүүлэг, ирээдүйгүй байх ёстой юм уу гэж бодсоны үндсэн дээр залуучуудтай хамтраад хамгийн орчин үеийн барилга барих санаа төрсөн. Яг л дэлхийн хамгийн сүүлийн үеийн стандартаар баригдсан. Өнөөдөр хүртэл стандартаа алдаагүй байна. Хамаагүй илүү хожиж байгаа биз. Харин тэр үед хуучнаараа байсан барилгууд бүгд устаад алга болж байна.

-“Бодь тауэр”-ийг чимж байгаа нэг зүйл нь С.Лувсанвандан арт галерейн үзмэрүүд юм байна. Энэ галерейд ямар бүтээлүүд хадгалагдаж байна вэ?

-Манай аав урлагийн бүх холбоодын удирдлагад байлаа шүү дээ. Аавынхаа нэрэмжит уран зургийн галерейг Монгол урлагийн талбар болгох зорилготой байгуулсан. Цаашдаа Монголын амьдралын салшгүй нэг хэв маяг болгох зорилготой юм.

Германд байшин барихад барилгын өртгийн нэг хувь нь тухайн барилгыг тохижуулах урлагийн бүтээлд зарцуулагдаг төсөвт сууж өгдөг. Байшин барихад ямар ч эргэлзээгүйгээр хана нь зурагтайгаа байна гэсэн үг.

Уран бүтээлчдээ ингэж дэмжиж байна. Уран бүтээлч бол цөөхөн. Тэгэхээр бүтээлийнх нь үнэлгээ өснө. Өрсөлдөөн бий болно.

Гэтэл Монголд бол ийм зүйл байхгүй. Вкусгүй, худлаа үнэн юм өлгөөд эсвэл баахан гэрчилгээнүүд л нааж байна. Тэр гэрчилгээ ямар хэрэгтэй юм бэ.

Ийм соёлыг бий болгохын төлөө манай галерей зүтгээд байгаа юм. Барилга барина гэдэг чинь уран зураг автоматаар авна гэсэн үг.

-Таны тэргүүлдэг Монголын хөнгөн атлетикийн холбоо өнгөрсөн жилийн “Бөртэ чоно” наадмаас шилдэг холбоогоор шалгарсан байсан. Спорттой тэр дундаа хөнгөн атлетиктай хэрхэн холбогдсон бэ?

-Би багадаа гүйх их дуртай байсан. Бас боксоор хичээллэдэг байлаа.

Одоо бол чөлөөт цагаараа фитнес, явган аялалд явдаг. Манай хөнгөн атлетикийн холбоо Налайх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн замтай болсон. Энэ хавар дуусгаад ашиглалтад өгнө.

Тэрбум гаруй төгрөгийн үнэтэй энэ замыг бид хөөцөлдөж байгаад олон улсын байгууллагаас авсан юм. Жилд нэг удаа зөвхөн нэг улсад өгдөг юм билээ. Тэрэнд нь бид багтаж чадсан нь олон хүний хөдөлмөрийн үр дүн.

Хотод чинь газар олдохгүй болчихсон юм билээ. Тэгээд л Налайхад байгуулахаар болсон.