Техникийн байдлаас шалтгаалсан замын осол гардаггүй
Автотээврийн үндэсний төвийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Мөнхбаяртай тээврийн хэрэгслийн бүрэн байдал, түүний замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.
Монгол Улсын хувьд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт олон улстай харьцуулахад ямар түвшинд байдаг вэ?
-Манай Автотээврийн үндэсний төв 2016 онд техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг ISO стандартын шаардлагын дагуу итгэмжлэлд хамруулна гэж зорилт тавин ажиллаж байна. ISO стандартын шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг итгэмжлэлд хамруулж үйл ажиллагааг нь улам боловсронгуй болгосноор автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах ач холбогдолтой гэж үзэж байна.
Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хэдэн хувь нь техник, насжилтийн хувьд олон улсын түвшинд нийцэхээргүй байна вэ?
.. Өнгөрсөн 2015 оны байдлаар техникийн хяналтын үзлэгт 740 мянга орчим тээврийн хэрэгсэл хамрагдсанаас техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгсэл 17190 байна ...
Үүнээс, 3060 буюу 18 хувь нь агаар бохирдуулах утаа гаргадаг, 6350 буюу 37 хувь нь өнгө үзэмж муутай, 6693 буюу 39 хувь нь тоормосны систем шаардлага хангаагүй, 7350 буюу 43 хувь нь жолоодлогын систем муутай, 6437 буюу 37 хувь нь гэрлийн тохиргоогүй, 174 буюу нэг хувь нь дуу чимээ ихтэй гэсэн шалтгаанаар үзлэгт тэнцээгүй.
Техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадал, үзлэг хийх горимын талаар танилцуулаач?
Автотээврийн үндэсний төвөөс Улаанбаатар хот болон 21 аймагт техникийн хяналтын үзлэгийг жилийн турш 25 байнгын цэг, зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 24 машинаар тээврийн хэрэгслийн үзлэг хийж байна. Технологийн горимоор суудлын автомашинд 15 минут, ачааны автомашин болон автобусанд 20 минут үзлэг хийдэг. Нэг шугамаар хамгийн багадаа нэг цагт 10-15 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх боломжтой. Түүнчлэн Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн дөрвөн төвийг уртасгасан цагаар ажиллуулж, ажлын өдрүүдэд 08.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд 355 хоног ажиллуулж байна.
... Өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 1500, жилд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай ...
Энэ жил дунджаар 50 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 10 орчим мянган тээврийн хэрэгсэл хасагдаж, шилжиж байгаа тул энэ онд 320 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдах тооцоо байна. Одоогийн байдлаар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүд хүчин чадлынхаа 70 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм. Нэг аймагт хамгийн ихдээ 20 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнд техникийн хяналтын үзлэгийн төвийн хүчин чадал хангалттай хүрэлцдэг. Тиймээс ойрын 4-5 жилийн хугацаанд Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр нэмж ажиллуулах шаардлагагүй, хүчин чадал хангалттай байна.
Импортоор оруулж ирдэг хуучин авто машины урсгалыг хянах боломж байдаг уу? Гаднаас орж ирсэн эвдрэлтэй авто машинд техникийн хяналтын үзлэг хийхэд хүндрэлтэй байдаг уу?
-Импортын тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг Япон, Солонгосынх эзэлдэг. Тухайн улсуудад ашиглаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулж, стандартын шаардлага хангасны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно гэж Автотээврийн тухай хуульд заасан. Манай байгууллага хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгодог.
... 2014 онд манай улсад 61 мянга гаруй тээврийн хэрэгсэл, өнгөрсөн 2015 онд 51 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, улсын дугаар авсан ...
Өнгөрөгч оны үзүүлэлттэй харьцуулахад бүртгүүлсэн тээврийн хэрэгслийн тоо багассан гэсэн үг. Гаднаас орж ирж буй хуучин автомашин болгон эвдрэлтэй байдаг гэж ойлгож болохгүй. Хятадад гэхэд нийтийн тээврийн насжилт 5-7 жил байдаг. Харин манайх 12 жил. Жижиг тэрэгний тухайд аль ч улсад он оны машин унадаг. Гол нь техникийн шаардлагуудаа хангасан байх ёстой. Үүнийг хориглох боломжгүй. Нийтийн тээвэр олон хүний амь настай холбоотой учраас насжилтын хэмжээг тогтоож өгсөн. Ер нь хяналтын үзлэг хийдэг болсноос хойш харьцангуй өнгө үзэмж, чанар нь дээшилсэн.
Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осол, зөрчил гаргасан тохиолдол байна уу?
Цагдаагийн байгууллагын судалгаагаар жил бүр зам тээврийн ослын тоо нэмэгдэж байгаа ба 2015 онд манай улсад 429 хүн зам тээврийн ослын улмаас нас барсан байна. Энэ бол маш том тоо. Онцгой анхаарах ёстой асуудал.
... 2015 онд улсын хэмжээнд бүртгэж шалгасан 45 мянга орчим зам тээврийн ослын 96,5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 3,4 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0,1 хувь нь замын нөхцөлөөс болж гарсан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага гаргасан байна ...
Энэ мэдээллээс харахад техникийн шалтгаанаас гарсан зам тээврийн осол бүртгэгдээгүй байгаа нь сайн үзүүлэлт, манай жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчид техникийн хяналтын үзлэгт тогтоосон хугацаандаа хамрагдаж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалдаа байнга анхаарч байгаагийн илрэл гэж бодож байна.