Түүн шиг мундаг хүүхэд энэ хорвоод байхгүй
Дэд бүтцийн яамны дэргэдэх Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар ажиллаж байлаа.
Яамны маань Сайд Жигжид гээд мундаг хүн байлаа. Олон жил Сайд дарга хийсэн туршлагатай хүн. Би тэр хүнээс их юм сурсан даа. Бичиг цаас их засна. Чиний гарын үсэгтэй бичигний утга агуулга алдаа найруулгаас чамайг хэн бэ гэдгийг дүгнэнэ гэж хэлдэг байлаа. Би ч явуулж байгаа албан бичгээ аль болох хянаж байхыг хичээнэ. Хэрэндээ л засна. Нэг өдөр урьд урьдаас илүү алдаатай найруулга муутай бичиг орж ирлээ. Тэр өдөр үдээс өмнө завгүй байгаад оройхон ширээн дээр тавьсан хавтастай бичиг баримттайгаа танилцсан юм. Нэлээд хэдэн явуулах бичиг байна. Уншаад үзсэн болдоггүй ээ. Заслаа. Бүгдээрээ санаанд таарсангүй.
Үүдэн дэх туслахаа дуудаад зарлал бич.
Ерөнхий боловсролын сургууль, аравдугаар ангиа Монгол хэл, уран зохиолын хичээл дээ онц сайн сурсан, монгол хэлний дүрэм найруулгадаа сайн хүүхдийг даргын туслахаар авна.
Дарга Ж.Бат-Эрдэнэ гэж бичээд үүдэн дэх мэдээллийн самбар дээр хадчихаарай гэж хэлээд гарлаа. Туслах маань “за” гээд үлдэв. Маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь доор самбар дээр нөгөө зарлал алга. Ороод туслахаа дуудаад “нөгөө зар яасан” гэлээ. “Энэ байна” гээд бариад ороод ирж. Дуу муутайхан "даргаа тэгээд би яахийн" гэж байна. Олон юм ярилгүй одоохон наадахаа аваачаад наачих гэв.
Үдээс хойш Тээврийн хэлтсийн дарга анкет бариад ороод ирлээ шүү. “Өө ёстой гайхалтай сайн хүүхэд байна гэнэ. Аравдугаар ангиа нуль онц төгссөн” л гэнэ. “За судалъя” гээд анкетыг авлаа. Дараа нь дахиад нэг нь ороод ирлээ. Бас л “Онц сурдаг хамаатных нь хүүхэд” гэнэ Магтаж, магтаж гарлаа.
Удалгүй төрийн захиргаа удирдлагын газрын дарга “Б” ороод ирлээ. Би түүнийг л орж ирэхийг хүлээгээд байсан юм. Боловсон хүчин хариуцсан дарга л даа. “Даргаа та зар тавиа юу” гэв. “Тийм ээ” гэлээ. Тэгтэл “Манайхан надад хүн санал болгоод байна. Надад бол яг таарсан хүүхэд байгаа шүү. Саяхан багшийн дээд онц төгссөн” гэнэ. Би “Өө тийм үү, тэгээд тэр чинь тийм онц хүүхэд үү” гэж асуулаа. “Аравдугаар ангиа бас дээд сургуулиа алтан медальтай төгссөн” л гэнэ. “Бичиг цаас боловсруулах, дүрэм найруулгадаа сайн уу” гэтэл “түүн шиг мундаг хүүхэд энэ хорвоод байхгүй” гэнэ дээ.
Би “Тэгье тэгье, тэр хүүхдийг чинь ажилд авъя” гэж хэлэв. Гэтэл өөдөөс “Даргаа тэгээд тэр хүүхэд чинь юу хийх юм бэ. Орон тоо байхгүй шүү дээ” гэж байна.
Тэгж хэлээд миний ширээний нөгөө өнцөгт сууж байгаа “Б” даргадаа би “Тэгээд юу гэж, тэр хүүхэд та нарын оруулж ирсэн албан бичгийг хянаж засаад надад өгч байхгүй юу л гэв. Б дарга “аан” гэж дуугараад над руу гайхан харж байснаа, “Өө дарга аа, гэснээ нүүр нь улайгаад үг дуугүй өрөөнөөс гараад явлаа. Орой нь ажил тараад гэртээ харихаар өрөөнөөсөө гартал туслах маань ч юм хэлсэнгүй, доод давхарт нөгөө зар ч байсангүй. Ингээд маргаашнаас нь албан бичгүүд маань аятайхан болсон доо. Сүүлд сонсох нээ “Б” дарга маань газрын дарга нараа өрөөндөө цуглуулж "шараа" болцгоосноо ярьж цаашид анхаарч ажиллахаар болсон гэдэг. Сайхан хамт олон байсан шүү.