Хууль зүйн байнгын хороо завсарлагагүй 10 цаг гаруй хуралдан таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.06/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай байлаа.
Үндсэн хуулийн цэц 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд УИХ-аас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үүний дараа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс 7 саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи саналуудыг дэмжсэн юм. Тухайлбал, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө хэмээн өөрчлөн найруулсан санал дэмжигдсэн.
Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно” гэж өөрчлөн найруулах санал дэмжлэг авсан. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хуралдаанд танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 6 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүдэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон байна.
Ажлын дэд хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрааас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж шаардлагатай зарим саналыг төсөлд тусгахаар санал боловсруулжээ. Ажлын хэсэг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж зарчмын зөрүүтэй 196. Найруулгын 189 саналыг гаргаж томьёолсон байна.
Ажлын хэсэг хуулийн төсөлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх хэмжээг хязгаарлаж, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч шалгах ажиллагааг өргөжүүлж, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд “сэжигтэн” гэсэн оролцогчийг байхаар тодорхойлжээ. Түүнчлэн хуулийн дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд ил болгох, зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нөхцөлийг төсөлд нарийвчлан зааж, анхан шатны шүүхэд хэргийн зүйлчлэл хүндрэхээр бол хэргийг прокурорт буцаадаг байхаар тусгасан байна.
Мөн Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцэх процедурыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай адил байх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Үүнд, Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг байхаар, Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог байх, уг хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалдаг байх зэрэг саналуудыг боловсруулжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж хариулт авсаны дараа Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 8 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал,дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон байна.
Ажлын дэд хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд дуурх хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлын хэсэг хуралдаж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 138, найруулгын 45 саналыг гарган томьёолсон хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүдэд танилцуулсан юм.
Ажлын хэсэг хуулийн төслийн нэрийг “Хууль сахиулах ажиллагааны тухай” гэж өөрчлөх, хуулийн төсөлд тусгасан баримт бичиг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэрэгжүүлэх этгээдийг тодорхой болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, хэрэглэх субьектийг тодорхой болгох чиглэлээр саналын томьёоллыг боловсруулсан байна.
Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй.
Тухайлбал галт зэвсэг хэрэглэх 11 үндэслэлийн тухайлсан 2 үндэслэлээр зохих сургалтад хамрагдсан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг хэрэглэдэг байхаар тусгахаар байгаа аж.
Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд зарчмын зөрүүтэй 138, найруулгын 45 саналаар санал хураалт явуулж дууссан юм.
Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. /Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан бөгөөд тус улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн дүнд шинэ тутам бий болсон харилцааг зохицуулах зорилгоор нийт 4 удаагийн өөрчлөлтийг оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна гэж хууль санаачлагч үзжээ.
Тухайлбал, Монгол Улсын төр, иргэн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог баталгаажуулсан, тус улс иргэнээ алддаг бус авч үлдэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн суурь зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлахгүй бол 1995 оноос өнөөг хүртэл хугацаанд /2015 оны 12 дугаар сарын байдлаар/ давхар харьяалал үүсгэсэн 16000 орчим насанд хүрсэн иргэн /тэдгээрийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд/, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсч байгаа аж.
Иймд Харьяатын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан“ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Иргэний харьяаллын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор өглөөний 09.50 цагт эхлэн завсарлагагүй хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 20.00 цагт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.