Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.13/ хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Авлигатай тэмцэх газрын дараагийн даргыг томилох асуудлыг хэзээ оруулж ирэх вэ хэмээн лавласан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, дараагийн дарга томилогдоогүй байхад гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хүний эрх зөрчигдсөн асуудал гарвал яах вэ гэж асуусан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, дараагийн даргыг хэзээ томилох асуудлаар яг одоо хариулт өгөх бололцоо алга.
Даруй томилох нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхийлөгчид уламжилья хэмээсэн. Мөн тэрбээр аливаа хэрэг шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулах бол прокурор, шүүхийн зөвшөөрөл, хяналтын дор явагддаг хэмээн хариулсан юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Авлигатай тэмцэх газрын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог гээд энэ хугацаа дуусахаас нэг жилийн өмнө чөлөөлөгдөж байгаа нь ямар учиртай вэ хэмээн асуусан. Тэрбээр Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалыг эрхлэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн үү, та бүхэн хүний эрхийг хангах талаар хуулийн хүрээнд ажиллаж чадсан уу гэж тодруулсан юм.
Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны гол шалтгаан нь ажлын нөхцөлөө өөрчилж, эрүүл мэнддээ анхаарах шаардлага гаргасантай холбоотой гэлээ. Тэрээр "Тэтгэврийн насанд хүрсэн учир хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгох бодолтой байна. Хүний эрхийг хуулийн хүрээнд хамгаалж ажиллахыг хичээсэн. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналтад явагдаж, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрээр авч, шалгаж ирсэн. Асуудлыг удирдлагын, прокурорын түвшинд ярилцаж шийддэг. Ажиллах үед 100 хувь хүний эрхийг хангасан гэж хэлэхгүй. Тухайн хэргийн нөхцөл байдлаас болоод төвөгтэй байдал үүсэх нь бий. Хэргийг тодруулах үүднээс таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүнээс болоод гомдол үүсэх явдал гардаг байсан" хэмээн хариулсан юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагыг алдаа завхралд хүргэхгүй байхын тулд хуулийн нарийвчилсан зохицуулалттай болгох ёстой. Авлигатай тэмцэх газрын даргын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагад олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн. Зан байдлын хувьд их зөөлөн, асуудалд нухацтай ханддаг нь харагддаг. Хуулийн байгууллагын толгойд асуудлыг хурдан шуурхай шийдэх гэж оролддог гэхээс илүү асуудалд нухацтай ханддаг хүн байвал хүний эрхийн зөрчил бага гардаг юм болов уу гэж боддог. Энэ байгууллагыг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох гэж нэр төртэй ажилласанд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлмээр байна гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажилласнаас хойш сүүлийн жилүүдэд олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улс 160 гаруй орноос 72 дугаар байрт бичигдэн урагшилсан. Авлигатай тэмцэх гэдэг амар ажил биш. Ганболд дарга сайн ажилласан гэж бодож байна гээд Авлигатай тэмцэх газрын даргаар таван жил ажиллах хугацаанд хүндрэлтэй зүйл байв уу хэмээн тодруулсан. Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Хүндрэлтэй асуудлын талаар шинээр томилогдох даргад дэлгэрэнгүй сайн хэлж өгнө гэж бодож байгаа. УИХ-аас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр сайн хуулиудыг баталсан. Хуулиудаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрх зүйн боломж бий хэмээгээд байгууллагын цалин 2 удаа буурсаныг цаашид анхаараасай гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Нямдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь чөлөөлөхийг дэмжлээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Цог танилцууллаа.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу өнөөгийн байдлаар 17554 нэхэмжлэгч 16 тэрбум 300 сая төгрөгийн нөхөх олговор аваад байгаа бол нөхөх олговроо авч чадахгүй хохирч байгаа хэлмэгдсэн иргэд 1000 гаруй байгаа аж. Овог нэр, нас хүйс, үндсэн захиргаа зөрөх, хүн амын тооллогын бүртгэл болон бусад лавлах материалд тухайн нэхэмжлэгч, хэлмэгдсэн хүнтэй садан төрлийн холбоотой эсэх нь тогтоогдохгүй байгаагаас дээрх хүндрэл үүсч буй юм байна. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдээд цагаатгагдсан хүмүүсийн нэрийг хэвлэл мэдээллээр зарлаж, хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/, үр, хүүхэд, эцэг, эх, ах, эгч, дүү зэрэг хуулиар нэхэмжлэх эрх бүхий иргэдэд нөхөн олговор олгож байгаа боловч нэхэмжлэгч тодорхойгүйн улмаас 10,000 гаруй хэлмэгдэгчийн ар гэрт нөхөх олговор олгох асуудал хүлээгдэж байгаа гэлээ.
Өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт, хэлмэгдсэн иргэдийн ахуй амьдралаас шалтгаалан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарчээ. Тухайлбал, Төсвийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн төсөвтэй хамааралтай хэсэгт өөрчлөлт оруулах, зарим байгууллагын нэр өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдал үүссэн байна.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн цагаатгуулах, нөхөх олговор олгохтой холбоотой 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалт 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд эдгээр заалт дахь хугацааг дараах шалтгаануудын улмаас 4-5 жилээр сунгуулах шаардлага гарчээ.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 23 дугаар зүйл дэх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон тэдний эхнэр /нөхөр/-т орон сууц олгох тухай заалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй, хэлмэгдэгчдийг дотор нь ялгаварлахад хүргэж байна хэмээн иргэд ихээхэн шүүмжилж, уг заалтыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлсээр байна.
Иймд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн ажлын хэсгээс 2011 оны 12 дугаар сарын сүүлчээр хугацаа нь дууссан тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан хугацааг сунгах, зарим хууль, байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан зарим зүйл, заалтыг өөрчлөхөөр төсөл боловсруулсан гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ
Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцэв. 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 91 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 11 хувь буюу 10 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 67 хувь буюу 61 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 22 хувь буюу 20 арга хэмжээ тусгагджээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5 бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээний биелэлт 2015 оны жилийн эцсийн байдлаар 76.1 хувьтай гарлаа хэмээн сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм. Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро эдийн засгийн бодлого 78 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.8 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 67.6 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 85.7 хувь, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 86.3 хувьтай гарчээ. 2015 оны үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үндсэн хуулийн цэц хууль зөрчин дүгнэлт гаргасан тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаан хийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Энэ бол их сонин маргаан болчихсон. Уг нь УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, яагаад ийм хуулиуд гарсан үндэслэлээ тайлбарлаж, маргаж, мэтгэлцэх ёстой. Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад, УИХ-ын ажил дуусаагүй, эцсийн найруулга сонсоогүй байхад Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байсан. Үндсэн хуулийн цэц өөрийгөө шүүх гэдэг. Шүүхийн үндсэн зарчим албан ёсоор хэвлэгдсэн хуулийг хэрэглэх заалттай. Гэтэл хууль хэвлэгдэх нь бүү хэл эцсийн найруулга сонсоогүй, Ерөнхийлөгчийн хориг тавих 5 хоног эхлээгүй байхад маргаан үүсгэсэн. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос энэ үйлдэл нь хууль бус байгаа учир хууль бус энэ үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байна. Тийм учир маргаан үүсгэсэн асуудлаа дахин хэлэлцэнэ үү гэсэн албан бичиг явуулсан. Үндсэн хуулийн цэцэд асуудлыг дахин хэлэлцэх эрх байгаа. Монголд анх удаа батлагдаагүй байгаа хуулиар маргаан үүсгэсэн цэцийн энэ шийдвэрийг УИХ хэлэлцэх боломжгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Р.Гончигдорж нар байр сууриа илэрхийлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэц хууль зөрчин дүгнэлт гаргасан учир уг дүгнэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учир холбогдох албан бичгийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай Хууль сахиулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мөн өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулсан юм.
Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 04 дугээр сарын 06-ны өдөр хийсэн бөгөөд гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, дахин хэлэлцэхээр тогтоод байсан юм. Ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр хуралдангишүүдээс гарсан саналуудыг нэгтгэн боловсруулсан болохыг ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулгадаа дурдсан.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар хийлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүдэд танилцуулав.
Төслийн “Хохирогчийн эрхийг хангах” гэсэн 8 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, төслийн 10 дугаар зүйлийн гарчгийн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд зөвлөл, түүний чиг үүрэг” гэснийг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэг” гэж өөрчлөхөөр тусгажээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сурталчилгааг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр нэвтрүүлэх, нийтлэх үүрэг хүлээхээр хуулийн төсөлд тусгах саналын томьёоллыг бэлтгэн боловсруулсан байна. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Байнгын хорооноос боловсруулсан Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.