Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
2016.04.14

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.04.13/ хуралдаан 14 цаг 58 минутад 52.6 хувийн ирцтэйгээр “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн

Парисын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг танилцуулсан юм.

Улсын Их Хурал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийг 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, уг конвенцийг хэрэгжүүлэх Киотогийн протоколыг 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус соёрхон баталжээ. Одоогийн байдлаар тус конвенцид 195 улс, Киотогийн протоколд 192 улс нэгдэж ороод байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенци нь агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох аюултай түвшинд хүрэхээргүйгээр тогтворжуулахад чиглэсэн конвенцийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилготой юм.

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд бүх улс орон дагаж биелүүлэх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталжээ. Энэ баримт бичигт улс орнууд гарын үсэг зурах Дээд хэмжээний ёслолын арга хэмжээг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулахаар тогтжээ. Талууд уг хэлэлцээрт нэгдэж гарын үсэг зурах арга хэмжээ нь дээрх ёслолын арга хэмжээнээс хойш нэг жилийн туршид үргэлжлэх юм байна.

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн суурь конвенцийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ үндсэн дээр дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалсан байна. Мөн агаарын хэмийн өсөлтийг бууруулах урт хугацааны дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалжээ.

Иймд газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү хэлэлцээрт цаг алдалгүй нэгдэн орж, олон улсын дэмжлэг туслалцаанд хамрагдах зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгааг сайд Н.Батцэрэг танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан манай улс уг хэлэлцээрт нэгдэж орсноор хүлээх хариуцлага, авах дэмжлэг туслалцааны талаар тодруулахад салбарын сайд “Парисын хэлэлцээрт 55 улс нэгдэж орсноор гэрээ хэрэгжиж эхлэх бөгөөд үүгээр Киотогийн протокол дуусгавар болж олон улсын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Манай улс энэхүү хэлэлцээрт нэгдэж орсноор хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, үүсч болох эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг авах, санхүүгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нээгдэнэ” гэсэн хариулт өгөв.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс санал гараагүй тул санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хэлэлцээрт нэгдэн орохыг дэмжиж, гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлт болон байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ

холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулсан юм.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 2015 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 76.1 хувийн биелэлттэй байна гэж дүгнэжээ. Эдгээр арга хэмжээнээс 27 нь 100 хувь буюу бүрэн биелсэн бол 23 нь 90 хувь, 20 нь 70хувь, 11 нь 50 хувийн биелэлттэй гарчээ. Харин 10 арга хэмжээ нь 10-30 хувийнбиелэлттэй, нэг арга хэмжээ хэрэгжээгүй гэсэн дүнтэй гарсан байна.

 

Засгийн газрын гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл тоон үзүүлэлтийн цаана чанар нь хэр байгаа, хэрэгжилт нь чанарын хувьд өмнөх оноос ахисан эсэх талаар аудитын байгууллага ямар дүгнэлттэй байгааг асууж тодруулсан юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд үндсэн чиглэлийн хэрэгжилтэд Засгийн газрын 2013 оны тогтоолоор баталсан үнэлгээний аргачлалаар үнэлэлт өгч байгаа, түүнчлэн Сангийн яам мониторинг хийдэг. Мөн Үндэсний аудитын газар хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргадаг. Эдгээр гурван байгууллага өөр өөрсдийн чиглэлээр хийсэн үнэлгээний зөрүүг арилгахаар ажилласан. Төлөвлөгдсөн нийт 91 арга хэмжээнээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх удирдлага, мэдээллийн системийг бий болгож, программ хангамж, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах гэсэн 1 арга хэмжээ үнэлэгдээгүй байгаагэсэн хариулт өгөв.

 

Харин Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа тус газраас хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 91 арга хэмжээг тоо, чанарын үр дүнгээр бүх үзүүлэлтээр нь дүгнээд 70 хувийн биелэлттэй байна гэсэн үнэлэлт өгсөн. Тэдгээрээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг Батлан хамгаалах яамны төлөвлөгдсөн арга хэмжээ 64 хувийн, Гадаад хэргийн яамны арга хэмжээний хэрэгжилт 90 хувьтай байна гэж үзсэн. Үндсэн чиглэлийн хэрэгжилт чанарын хувьд жилээс жилд сайжирч байна гэж дүгнэсэн гэдгийг хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцээд Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.