Нийслэлд хийх, эрчимжүүлэх ажил маш их байна. Үүний төлөө зүтгэнэ
“Улаанбаатарын хавар” баярын хүрээнд Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нийслэлд ажлуудаас есийг нь онцолж хэрхэн үнэлж буй, нийслэл Улаанбаатар хотоо илүү сайхан болгохын тулд цаашид ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуулга бүхий захидлыг гишүүд, дэмжигчиддээ илгээсэн билээ.
Нийслэлийн 300 мянга гаруй иргэн тухайн ажлуудыг үнэлж, саналаа ирүүлснийг Нийслэлийн Ардчилсан намынхан нэгтгэж дуусах шатандаа орж байгаа юм.
НИТХ-ын дарга Д.Баттулга урьдчилсан дүнг “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баяр үеэр танилцуулсан. Түүний танилцуулснаар нийслэлийнхэн “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэл, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, “Найрсаг Улаанбаатар” нийслэлийн аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөр, шинэ цэцэрлэг, сургууль барьсан ажил, цахим газар олголт гэсэн 9 ажлыг хэрхэн үнэлснийг хүргэе.
Гудамж төсөл, авто замын шинэчлэл, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ: 60 хувийн үнэлгээ авсан.
Зам шинэчлэх, сайжруулах, шинэ зам тавих, “Гудамж” төслийн хүрээнд замын уулзваруудыг өргөтгөн, шинэчилсэн ажил нийслэлийнхэнд маш их хүрсэн ажил. Дугаарын хязгаарлалт бол 2015 онд “Bloomberg” телевизээс авсан санал асуулгаар нийслэлчүүдэд хамгийн их таалагдсан ажлаар тодорсон. Уг нь, иргэдийнхээ жолоо барих эрхийг хязгаарласан ажил л даа. Хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлснээр замын түгжрэлээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэдгийг. Ямар ч байсан нам зогсохгүй бага хурдтай ч болов зорчих нөхцөл бүрдүүлсэн гэдэг утгаар хүмүүс ойлгож, дэмжиж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт: Энэ ажилд 49 хувь гэсэн үнэлгээ өгчээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд 40-өөд компани оролцож байгаа. Үүнээс 22 нь идэвхтэй ажиллаж байна. 5-6 компанийн үйл ажиллагаа хүнд байгаа. Бусдынх нь ажил зураг төслийн шатандаа яваа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэг хэсэг газар сайн, нөгөө хэсэг газарт дутагдалтай явж байгааг хүлээн зөвшөөрнө.
Дахин төлөвлөлтөд хамрагдахыг иргэд их хүсдэг болж. Яагаад манайхыг хамруулахгүй байгаа юм бэ гэсэн саналыг олон хүн бичсэн байсан. Сонгуулиас өмнө хамруулахгүй бол танайд саналаа өгөхгүй шүү ухааны юм яриад байдаг. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахыг иргэд хүсдэг болсныг, бас хүлээлт үүссэнийг харуулж байна.
Нийслэлийн захын буюу Налайх, Багахангай, Багануур дүүрэгт энэ ажил бүрэн дүүрэн хүрээгүй. Энэ нь эдгээр дүүргийн иргэд уг ажилд бага санал өгснөөс ч харагдаж байна. Гэсэн ч Улаанбаатарын хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 49 хувиар үнэлсэн нь иргэд энэ ажлыг дэмжиж байгааг илтгэж байна. Тиймээс бид энэ ажлыг цаашид эрчимжүүлэх, улам сайжруулах болно.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөр. 51 хувь гэсэн үнэлгээ өгчээ. Хотын төвийн дүүргүүдийн иргэдээс хамгийн олон санал авсан ажил. Улаанбаатар хотын түрээсийн орон сууц ирэх сард ашиглалтад орно. Удахгүй хуваарилалт хийгдэнэ. Засгийн газар түрээсийн төлбөрийг 280 мянган төгрөг байхаар шийдвэр гаргасан. Улаанбаатар хотод түрээсийн төлбөр 120 мянган төгрөг байдаг. Хоёр дахин бага. Бид хэлэлцээд хууль зүйн үүднээс шийдвэрээ гаргаад явна. Энэ бол их хүлээлт үүсгэсэн асуудал.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийг иргэд их дэмжиж байгаа. Нийслэлд 50 орчим мянган өрх түрээсийн орон сууцанд төлбөр төлж амьдардаг гэсэн судалгаа бий. Энэ бол маш том зах зээл, маш том тоо. Тиймээс энэ хөтөлбөрийг сайн хэрэгжүүлэхийн тулд цаашид дорвитой ажлуудыг хийгээд явна.
Ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэл: Урьдчилсан дүнгээр энэ ажилд 54 хувь гэсэн үнэлгээ өгсөн байна. Мөн л голдуу хотын төвийн дүүргийн иргэд сайн ажил болсон гэж үнэлсэн байгаа. Захын гурван дүүрэгт нэвтрүүлж, эрчимжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг асуулга харуулж байна. Нөгөөтэйгүүр ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврийн компаниудтайгаа нэлээн сайн хэлэлцэж, шийдэх ёстой асуудал бий. Ерөнхий зарчим, хандлага зөв тийшээ явж байгаа. Иргэдийн дэмжлэг ч үүнийг илтгэж байна.
Авлигагүй Улаанбаатар, төрийн үйлчилгээний нэгдсэн төв: Дээр дурдсан 9 ажлаас хамгийн өндөр үнэлгээ авсан ажил. 62 хувь гэсэн үнэлгээтэй байна. Энэ ажилд хамгийн өндөр үнэлгээг Баянзүрх дүүргийнхэн өгсөн байгаа. Учир нь тус дүүрэгт байрладаг Дүнжингарав худалдааны төвд Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Баянзүрхийнхэн их очиж үйлчлүүлж, ач тусыг нь мэдэрсэн.
Нийслэлээс гаргаж буй олон шийдвэр, хийж буй ажил, авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд иргэдэд их хүрч байна. Төрийн үйлчилгээ өмнө нь авлигын үүр уурхай байсан. Төрийн үйлчилгээг авахын тулд хүмүүс авлига өгдөг байсан. Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгож байна гэдэг нь авлигыг үгүй болгож байгаатай агаар нэг. Тиймээс хүмүүс 62 хувь гэсэн үнэлэлт өгчээ. Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг удахгүй Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нээнэ.
Хот тохижилт, цэцэгжүүлэлт: Энэ ажил 53 хувийн үнэлгээтэй байна. Их л улстөржсөн дөө. “Хэдэн зуун тэрбум төгрөгөөр нөхөр Бат-Үүл цэцэг тарьсан. Энэ цэцэг тарьсан мөнгөөр тэдэн сургууль, цэцэрлэг барих боломжтой” гэж баахан ярьсан. Нуугаад яах вэ. Энэ ажилд 250 сая төгрөг л зарцуулдаг юм шүү дээ. Энэ бол бага тоо нь биш нь үнэн. Хотод цэцэгжүүлэлтийн ажлыг бид хийх ёстой. Иргэдэд гоо сайхны мэдрэмж өгдөг, хотын тоосжилтыг багасгаж байгаа. Мөн иргэдийг давхар хариуцлагажуулж байгаа ажил.
Та нар яагаад гэж надаас асуу даа. Өнгөрсөн онд хотын цэцэгжүүлэлт өмнөх жилүүдээ бодвол нэмэгдсэн. Энэ жил ч бид хийнэ. Та бүхэн мэдэж байгаа байх, Чингисийн талбай дахь Сүхбаатарын хөшөөний эргэн тойронд цэцгийн мандалууд байдаг. Өнгөрсөн наадмын үеэр тодорхой хэлбэл, долоодугаар сарын 10-14-ний өдрийг дуустал “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбай дээр орой болгон арга хэмжээнүүд зохион байгуулсан. Хамгийн оргил арга хэмжээ рок, попынхны тоглолт 12-ны орой болсон. Талбай тэр чигээрээ хүнээр дүүрсэн.
Би Нийслэлийн Засаг даргатай 13-ны өглөө эрт түрүүлсэн бөхөд Японы “Тоёота” компанийн машины түлхүүр гардуулах арга хэмжээнд очсон. Очих замдаа “За, нөгөө цэцгүүд яасан бол. Баларсан байгаа” гэж бодсон. Очингуутаа хамгийн түрүүнд талбай дээр байсан цэцгүүдийг л харсан. Гэтэл тэр цэцэг дээр нэг ч гутлын мөр гараагүй байсан юм шүү. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хотынхон өөрсдийнхөө үйлдэлээр цэцэгжүүлэлтийг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгосон. Тийм учраас энэ ажлыг цааш нь улам сайн хийх ёстой. Сөрөг хүчин байна уу, дургүй хүмүүс нь ярьж л байг. Бид ажлаа хийж л байя.
“Найрсаг Улаанбаатар” Нийслэлийн аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөр: 49 хувь. Бид уг нь энэ ажлыг 50-иас дээш үнэлгээ авчихна даа гэж бодож байсан. Гэтэл ийм дүн гарсан байна. Энхцэнгэл даргатайгаа ярилцаж байгаад үүний учрыг олно доо.
Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийж байгаа. Энэ бол нийслэл Улаанбаатар хотыг дэлхийд таниулах том хөтөлбөр. Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх том арга хэмжээ. Аялал жуулчлал хөгжүүлснээр нийслэлийн төсвийг бүрдүүлэх, бизнесийн орчныг цэцэглүүлнэ. Нэг жуулчин ирлээ гэхэд зорчих тээврийн хөлсөө төлнө, зочид буудалд хоноглоно, гуанз ресторанаар орж хооллоно, дэлгүүр хоршоонд орж худалдан авалт хийж төлбөр төлнө. Ингэснээр бизнесийн орчин сайжирна. Энэ утгаараа нийслэлийн төсөвт мөнгө орно гэсэн үг. Энэ нь нийслэлийн хөгжил цэцэглэлт, нийслэлийн нэр хүндийн асуудал. Үүнийг бид цааш нь эрчимжүүлэх ёстой гэж үзэж байгаа.
Шинэ сургууль, цэцэрлэг: 55 хувийн үнэлгээ авсан. Нэг тоо хэлье. 2008-2012 онд 37 цэцэрлэг, сургууль баригдсан байдаг. Тэгвэл 2012-2015 онд 96 цэцэрлэг, сургууль барьсан. Гурав дахин илүү. Шинээр барьсан сургууль, цэцэрлэгийн тоог 120, 130 хүргэх боломж бидэнд байсан. Харамсалтай нь, газар чөлөөлөх асуудлаас болж ажил удааширсан. Гэхдээ 96 гэдэг бол чамлах тоо биш Шинээр сургууль, цэцэрлэг барих ажил маш их хүлээлттэй байгаа. Бид 96-г барилаа гээд сэтгэл ханахгүй. Цаана нь хэрэгцээ ч их байна. Олон хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Олон сургуулийн бага ангиуд 2-3 ээлжээр хичээллэж байгаа. Олон сургуулийн бага ангиуд 2-3 ээлжээр хичээллэж байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн асуудал цаашид ч бидний анхаарлын төвд байх болно.
Цахим газар олголт: Энэ ажил 59 хувийн үнэлгээтэй байна. Газар олгох, өмчлөх асуудал ямар байлаа гэдгийг та бүхэн мартаагүй байгаа байх. Өмнө нь газар олголтын ажил хөшигний цаана явагддаг байсан. Жирийн иргэд газар авч чаддаггүй байсан шүү дээ. Дарга нарт ойрхон, авлига өгдөг, мөнгөтэй хүмүүс л газар авдаг байсан. 2000 оноос хойш зарим газрыг дуудлага худалдаагаар оруулахгүйгээр анхны дуудлага худалдааны үнээр нь өгөөд байсан бол 26, 9 их наяд төгрөг нийслэлийн төсөвт оруулах боломжийг алдсан. Энэ бол 8 “Чингис” бонд, 5 жилийн улсын төсөвтэй тэнцэх мөнгө.
Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ажилд 24 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байдаг. Гэтэл бид 26 их наяд төгрөгийн боломжийг алдсан байна. Энэ боломжоо ашигласан бол 2012 он гэхэд 2030 онд хүрэхээр төлөвлөж байсан түвшинд хүрэх боломжтой байсан. Нийслэлийн хөгжил 20 жилээр ухарсан гэсэн үг. Үүнийг бид мартаж болохгүй. Үүнийг хэлэх ёстой. Үүнийг цаашид давтахгүй байх ёстой.
Цахим газар олгох ажлыг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 70 орчим мянган хүн газар өмчилж авсан байна. Цаашид энэ ажлын хоёр дахь, гурав дахь давалгааг нь эхлүүлнэ. Монгол Улс маань агуу уудам газар нутагтай. Гэвч нийслэл хотод маань газар өмчлүүлэх хэсэг бага байна. Тийм учраас Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт газар олгож байгаа. Энэ гурван дүүргийн иргэд баяртай байгаа байх гэж бодож байна. Багахангай дүүрэгт гэхэд нийслэлийн 12 мянган иргэн газар өмчилж авсан. Багахангай дүүргийг дэмжээд өгвөл өнөөдрийнхөөс 100 дахин томрох боломжтой.
Цахим газар олголт бол газрын наймааг таслан зогсоосон. Хүн болгонд хүртээлтэй, нээлттэй ажил болсон. Цаашид өргөжүүлээд явна.
Ингээд НИТХ-ын дарга танилцуулгынхаа төгсгөлд иргэдийнхээ гаргасан саналыг нэгтгээд намын мөрийн хөтөлбөр, цаашид авах арга хэмжээ, үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн тэрээр “Аливаа юмыг хийе, бүтээе гэвэл болдог юм байна. Аливаа ажлыг нийтээрээ хэлэлцүүлээд, асуугаад дэмжих юм бол ямар ч хүнд ажлын ард гарч болдог юм байна. Нийслэлд маань хийх ажил их байгаа. Бид хийх ажлаа дуусгасан гэж үзэхгүй байна. Цаашид хийх, эрчимжүүлэх ажил маш их байна. Үүний төлөө зүтгэнэ” гэсэн юм.