“Ард Аюушийн алдар гавьяа, нэр төр бүдгэрэх ёсгүй”
“Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл” эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Монголын үндэсний музейд болж, эх оронч тэмцэгчийн амьдрал, үйлсийн тухай олон чухал илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг хурлыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээсэн нь учиртай. Тэрбээр Ард Аюушийн тав дахь үеийн хүн бөгөөд түүний нэрэмжит сангийн тэргүүн юм. “Монголчууд бид нийтээрээ харийн эрхшээлд толгой гудайн явсан харуусалт цаг эдүгээгээс тийм ч хол биш билээ. Гэвч өнөөдрөөс 100 гаруй жилийн өмнө шударга ёс, тэгш эрхийн төлөө тэмцэнэ гэдэг хялбар зүйл байгаагүй.Тэгвэл Ард Аюуш тэр бэрх цагт алсын хараатай хөдөлж, зөвхөн хуулийн заалт ярьж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хамжлагат ёсны хязгаарлагдмал эрх зүйн зохицуулалтын хүрээнд зохицон тэмцэж, улмаар ялж чадсанаараа гайхагддаг. Түүний амьдрал тэмцлийн түүхэн сургамж өнөөдөр улам бүр үнэ цэнэтэй болж байна. Аюушийн алдар гавьяа, нэр төр бүдгэрэх ёсгүй” хэмээн Г.Баярсайхан нээлтийн үеэр онцлов.
Ард Аюушийн хэрэглэж байсан мөнгөний түрийвч
Ард Аюуш судлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт хийгээд “Ард” хэмээх алдрын талаар, үр хойчсынх нь тухай, түүний удирдсан хөдөлгөөний заргын бичгүүдийг мөшгисөн талаар олон илтгэл тавигдсанаас Монголын үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч Б.Ууганбаярынх илүүтэй сонирхол татлаа. Аюушийн эдэлж хэрэглэж байсан гэх нэгэн түрийвч тус музейд хадгалагдаж байдаг бөгөөд Б.Ууганбаярын илтгэлд дурдсанаар энэ нь XX зууны эхний хагаст ОХУ юм уу, Европын оронд үйлдвэрлэгдсэн байх магаддалтай гэнэ. Монголын үндэсний музейн сан хөмрөгт энэхүү мөнгөний түрийвчийг хэн, хэзээ авчирч хадгалуулсан нь тодорхойгүй ч 1960-аад онд авчирсан болов уу гэж таамаглаж буй юм билээ. Түрийвчийг дагалдаж ирсэн худам монгол бичгээс харахад Думаагийн Наваан гэдэг хүн өгсөн байх магаддалтай гэсэн. ТУс музейн сан хөмрөгт түрийвч тун ховор байдгийн нэг нь энэ аж.