Монгол Ардын Нам нийгмийн салаа мөчир бүрт сэргэлт авчрах мөрийн хөтөлбөр боловсруулсан
2016.04.28

Монгол Ардын Нам нийгмийн салаа мөчир бүрт сэргэлт авчрах мөрийн хөтөлбөр боловсруулсан

Монгол Ардын Нам Сонгуулийн хуульд заасны дагуу энэ сарын 20-ны өдөр мөрийн хөтөлбөрөө Аудитын газар аваачиж өгсөн.

Тэгвэл өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, холбогдох албан бичиг болон мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн Ерөнхий хороонд  МАН-ын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй намын удирдлагууд хүлээлгэн өглөө. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Сонгуулийн хуульд заасны дагуу МАН сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэр, мөрийн хөтөлбөрөө хамгийн түрүүнд өргөн барилаа.

Манай нам энэ удаагийн сонгуульд Монгол орны иргэн бүрийн амьдралын үе шат бүрт зориулагдсан тодорхой бодлого боловсруулсан.  Нийгмийн амьдралын бүх салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг иж бүрэн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулж СЕХ-нд өгч байна. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуульд  орон ялалт байгуулж,  иргэдээ ядуурлаас эх орноо өрийн дарамтаас хөнгөлөх, эдийн засгийн  өнөөгийн хямралт байдлыг арилгах, төрийн дампуурлыг  засах, хүчирхэг Монгол орноо цогцлоон хөгжүүлэх зорилтыг бид  дэвшүүлж байна.

Бидний мөрийн хөтөлбөр Үндэсний Аудитын газарт өгсний дагуу дүгнэлт гаргасан. Энэ дагуу мөрийн хөтөлбөрөө эцэслэн хэлэлцэж,  СЕХ-нд өгч байгаа. Аудитын газраас энэ сарын 27-ны өдрийн 770 тоот анхны дүгнэлтийг манайд өгсөн. Бид СЕХ-нд хуульд заасан хугацааны хамгийн эхний өдөр, нэгдүгээрт бүртгүүлж байна. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж Монголыг аврах төв штабаа гүйцэтгэх дээд байгууллагаараа хэлэлцэж, намын дарга сонгуулийг удирдаж , Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежирээр ажиллахаар боллоо. Нийт 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй улс орон даяар МАН-ын сонгуулийг зохион байгуулах төв штабаа байгууллаа" хэмээн мэдэгдлээ.