“Microsoft”  ДНК-д мэдээлэл хадгалах технологийн туршилтыг эхлүүллээ
Эрдэмтдийн тооцоолсноор нэг грамм ДНК дотор нэг зетабайт буюу 1 000 000 000 000 GB өгөгдөл хадгалах боломжтой.
2016.04.29

“Microsoft” ДНК-д мэдээлэл хадгалах технологийн туршилтыг эхлүүллээ

“Microsoft” компани судалгаанд зориулж олон сая ДНК-гийн гинжин хэлхээ худалдаж авчээ. Тус компаний инженерүүд ДНК-гийн мөнхийн шинж чанарыг ашиглаж ДНК-д мэдээлэл хадгалах технологи боловсруулахыг зорьж байгаа аж.

ДНК-гийн мөнхийн шинж чанар олон мянган жилийн өмнө устаж үгүй болсон амьтныг ч үлдэгдлээр нь судалж тогтоох боломжийг олгодог. Жишээ нь ДНК-гийн тусламжтай 7 мянган жилийн өмнө амьдарч асан агуйн хүн цэнхэр нүдтэй байсныг тогтоожээ.

ДНК-г мэдээллийн сан болгож ашиглах санаа хэний толгойд анх төрсөн нь тодорхойгүй. Харин өнөөдөр энэ санаа хэрэгцээ шаардлагын түвшинд яригдаж байна. Учир нь өдөр бүр хэдэн сая гигабайтаар өсч буй өгөгдлийн хэмжээ нь нэг л өдөр дэлхийн сүлжээг доголдуулж мэдээлэл алдагдахад хүргэх аюултай. Тиймээс “Microsoft” компани ДНК-гийн мөнхийн эсүүдийг үлэмж том мэдээллийн сан болгон ашиглахыг хүсч байна.

2012 онд Харвардын Их сургуулийн генетикч Жорж Черч ДНК-д бүтэн ном байршуулснаар мөрөөдөл бодит амьдрал болж эхэлжээ.

... Эрдэмтдийн тооцоолсноор нэг грамм ДНК дотор нэг зетабайт буюу 1 000 000 000 000 GB өгөгдөл хадгалах боломжтой. Ийм том мэдээллийн сан дэлхийд өнөөдөр хаана ч байхгүй ..

ДНК-гийн хамгийн гол давуу тал бол мөнхийн шинж чанар.

... Мэргэжилтнүүдийн тогтоосноор ДНК-д мэдээллийг хамгийн багаар бодоход 2000 жил хадгалах бололцоотой ажээ ...

ДНК-д мэдээлэл хадгалах туршилтын ажлыг Сан-Франциско хотын биотехнологийн гарааны компани “Twist Bioscience” хариуцаж байна. Уг компани мэдээллийг As, Cs, Gs, Ts гэсэн кодуудаар шифрлэсэн 10 сая нийлэгжсэн ДНК гаргаж авчээ.

“Independent” сонинд бичсэнээр ДНК-д мэдээлэл хадгалах технологийн эхний туршилтууд амжилттай болж кодчлогдсон бүх өгөгдлийг бүрэн бүтнээр нь ДНК-аас хуулж авч чадсан тухай “Microsoft” мэдээлжээ.

Гэвч ийм технологи хэрэглээнд ортол нэлээд хэдэн жил болно. Түүнээс гадна энэ технологид сул тал бий. ДНК маш өндөр үнэтэй. Гэхдээ “Microsoft”-ийнхон цагийн аясаар үнэ буурна гэж үзэж байна. 2001онд хүний геномыг тодорхойлоход нэг тэрбум ам.доллар шаардлагатай байсан бол одоо нэг мянга болж буурчээ.