Д.Ганбатыг санагалзсан өдрүүд
2016.05.02

Д.Ганбатыг санагалзсан өдрүүд

УИХ-д цаг наргүй нойр хоолоо хумслан зүтгэн ажиллах гишүүд бий. Хийгээд л байна гэвч хийсэн нэр зүүхгүй, дандаа л баалуулна.

Ийм гишүүний нэг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гэж хэлж болно. Гэвч түүнийг эзгүйд санагалзах гишүүн олон аж. Өнгөрч буй долоо хоногийн пүрэв, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат байгаагүйд олон гишүүн үгүйлэв. Байхдаа нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзэгдэх шахам Ц.Нямдорж нараас зэмлэл хүлээн аавдаа загнуулсан хүүхэд шиг гоморхонгуй суудаг Д.Ганбат гишүүнийг нутгийн зүг хүлгийн жолоо залсныг УИХ-ын даргаас сонссон гишүүд “Байхгүй болохоор ч бас үгүйлэгдээд байна шүү” гэцгээн инээлдэх.

Айл гэрт ч хамаг ажлаа хийдэг хүүхэд байх ч бүтэлгүйг нь дуудан эцэг, эхээсэээ зэмлэл сонсох нь олонтаа. Гэвч гудийхгүй гэрийнхээ хамаг ажлыг нугалаад л байдаг. УИХ-д тийм нэг орон зайг Д.Ганбат гишүүн хэдийнэ бий болгожээ.

Өнгөрсөн жилийн зун УИХ-аар Өршөөлийн хууль батлахад хамгийн их зэмлэл хүртсэн хүн нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат. Эрүүгийн хуулийг хэлэлцэн батлахад Хууль зүйн байнгын хороо өглөөнөөс үдэш болтол хуралдаж, мөн ч олон өдрийг ардаа хийсэн. Тус байнгын хороонд архаг хуульч гишүүд олон тул байнгын хорооны даргадаа удирдагдахаасаа илүү заах нь олонтаа. Зарим үед Дэгийн хууль зөрчихийг шаардах шахам тулгалт хийх тохиолдол ч бий. Тэр бүрт байнгын хорооны Д.Ганбат дэг сануулна, зарим үед шаардлага тавина, зандарна, заримд нь бууж өгнө. Хэрэлдэнэ, хэлцэнэ. Ингэж явсаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороог сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд удирджээ.