Дэлхийд данстай дорнын их говиор 1380 км аялсан нь
2009.08.06

Дэлхийд данстай дорнын их говиор 1380 км аялсан нь

Шивээ-Овоо ба “Куба” ямаа
Аяллын эхний маршрут маань Говьсүмбэр аймгийн Баянтал сум байлаа. Дэлхийд данстай дорнын их говьчуудыг төрд төлөөлж буй
хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурь. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэг тойрог болгож байсан юм. Тиймээс эрхэм гишүүн хаврын чуулган завсарламагц тойргоо зорьж, хамгийн түрүүнд Говьсүмбэрт хөл тавьсан. Баянтал сумын удирдлага түүнийг элдэв хүсэлтээр угтсан гэхэд болно. Сумын Засаг дарга нь “Бидэнд ажилтнуудынхаа цалинг тавих зардлаас өөр юу ч алга” хэмээн гомдоллоход Ж.Батсуурь гишүүн “Төр захиргааны байгууллагад цалингийн зардлаас өөр юу хэрэгтэй юм бэ. Хөрөнгө оруулалтын төсвийг тусад нь баталдаг” гэв.

Харин сумын ЗДТГ-ын Иргэний бүртгэл, мэдээллийн ажилтан Ц.Урангоогийн үг парламентчийг нэлээд гайхшруулав. Тамгын газрын ажилтан бүсгүй “Хүн амын мэдээллийн сантай болохын тулд “толгой” компьютертэй болох гэсэн юм. Бидэнд компьютер бэлэглэвэл баярлах байна. Манайхан Pentium-3-аар л хамаг ажлаа амжуулдаг” гэхэд Ж.Батсуурь гишүүн “Би их гайхаж байна. Одоо ийм зүйл ярих сумын ЗДТГ-ын ажилтан бараг байхгүй. Монголын бүх аймаг, сумыг компьютерээр хангаж, интернэтэд холбосон шүү дээ. Компьютерүүдэд нь маш үнэтэй программ суулгаж өгсөн. Гэтэл та нар яагаад иргэний бүртгэл, мэдээллийн программтай болж болдоггүй юм бэ. Өнгөрсөн 2007 онд нийт 330 сумыг шилэн кабельд холбоход улсын төсвөөс нийт 27 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Танай сум ч үүнд хамрагдсан. Та бүхэнд мэргэжлийн ур чадвар дутаж байна. Юун хоёр километр кабель татах вэ. Гар утасны сүлжээтэй газар интернэтгүй гэж ярьж болохгүй” гэлээ. 

Аймгийн төвтэй хаяа залган орших Баянтал сумынхан өвөлжилтийн бэлтгэл ажлаа үндсэндээ эхэлжээ. Уурын зуухаа хүчин чадал сайтай хоёр зуухаар сольж байгаа аж. Өмнө нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, захиргааны байрыг халаалтаар хангадаг байсан бол шинэ уурын зуухтай болсноор орон сууцнуудыг ч халаах боломжтой болох юм байна. Сумын удирдлагууд бидэнд “Баянталд найман орон сууц бий. Үүнээс хоёрыг нь ашиглалтад оруулсан. Хуучнаар ЗХУ-ын цэргүүд амьдарч байсан орон сууцнуудыг хувьчилсан. Зах зээлийн үед тоногдсон эдгээр байрыг хувь хүмүүсийн мэдэлд өгснөөр дахин ашиглах боломж бүрдлээ. Гэхдээ орон сууцны зөвхөн нэг орцыг засварлахад 115-165 сая төгрөг шаардлагатай” гэсэн юм.

Бид Говьсүмбэр аймгийн төвд ирмэгцээ зарим сумын Засаг даргыг өөрчлөх гэж буйг дууллаа. Баянтал болон Сүмбэр сумын Засаг ноёдыг өөрчлөхөөр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх шийдвэрлэжээ. Огцорсон Засаг дарга нарын оронд н.Хишигтийг Баянталын, Т.Батсайханыг Сүмбэр сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг нийслэлд ирсэн хойноо сонссон юм. Эдгээр хүнийг албан тушаалд нь албан ёсоор баталгаажуулах эсэхээ нэг сарын дараа шийднэ. Эрхэм гишүүн аймгийн төвд очсон даруйдаа аймгийн удирдлагатай уулзаж, Эрүүл мэндийн яам болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засварлах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд оролцлоо. Ж.Батсуурь гишүүний зочилсон дөрөв дэх газар нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс юм. Тус хэлтсийн дарга Д.Гансүх “Ажлын байр маань өвөлдөө их хүйтэн. Зун нь дээврээс бороо гоождог. Үйлчлүүлэгчид маань суух сандал ч үгүй байна” хэмээн эрхэм гишүүнд уламжиллаа.

Шивээговь сум. Аймгийн төвийн зүүн урдхантаа орших тус суманд алдарт Шивээ-Овоогийн нүүрсний уурхай бий. Тус сумынхан 20 жилийн ойгоо тэмдэглэх гээд огтхон ч чөлөө завгүй. Хуучнаар ЗХУ-ын цэргүүд нутаг буцах болсонтой холбогдуулж тухайн үеийн Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яам, Дорноговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хамтарсан улсын комисс Зөвлөлтийн цэргийн ангиас үлдэж буй барилга, объектийг 1989 оны 6-7 дугаар сард хүлээн авчээ. Уг асуудлын хүрээнд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1989 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 127 дугаар зарлигаар тус хотхоныг Дорноговийн харъяанд шилжүүлэн Шивээговь хороог байгуулсан аж. Хожим нь Шивээговийг Говьсүмбэр аймгийн нэгэн сум болгосон түүхтэй. Шивээговьчуудын бахархал болсон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнхан жилд 1.3 сая тонн нүүрс олборлон борлуулдаг. Сүүлийн таван жилд 37.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 6.0 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин Говьсүмбэр аймгийн төсвийн 87 хувийг хангадаг. Монголын нүүрсний хоёр дахь том уурхай ийм арвин “үүц”-тэй байхаас ч яах вэ.

Шивээговийн тухай муу мэдээ бараг дуулддаггүй. Гэтэл өнгөрсөн өвөл “Шивээговь хөлдүүс боллоо” гэх мэдээлэл улс даяар цацагдсан. Энэ талаар тус сумын Засаг дарга Б.Даваадолгороос тодруулахад “Ташаа мэдээлэл байсан” хэмээн хариулсан юм. Нүүрсний уурхайтай газар хөлдөнө гэдэг ч дээ… Гэхдээ тус аймгийн нутаг сүүлийн 3-4 жил их гандуу байсан талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Сайнбаяр хэлэв. Тэрээр “Ангасан газар сэргэхдээ амаргүй” хэмээн сэтгэл зовиносон шинжтэй өгүүлсэн юм. Г.Сайнбаяр дарга аяны туршид бидэнд газарчлахдаа нэгэн хүний тухай сонирхолтой мэдээ дуулгалаа. Говьсүмбэрт Ж.Сүрэн-Ухна хэмээх 60 гаруй настай нэгэн эрхэм бий. ИТХ-ын дарга түүний тухай ярихдаа “Цөлжилттэй тэмцэгч” хэмээн хошигносон юм. Ж.Сүрэн-Ухна гуай хэдэн хүүхэдтэйгээ хамжиж, 20 гаруй га газарт ногоо тарьдаг. Түүний ногооны талбайн хажуугаар өнгөрөхөд трактор, хадуур, дориухан усжуулалтын систем нүдэнд содон туслаа.

Бидний “газарч” Г.Сайнбаяр өөр нэгэн мэдээлэл дуулгасан нь тулман хөхт “Куба” ямааны тухай байв. ХХААХҮЯ-наас төслийн шугамаар үржүүлж буй уг ямааг монгол ямаатай эрлийзжүүлэн 26 ишиг гарган авчээ. Тулман хөхт ямаанаас нэг удаад гурван литр сүү саадаг гэсэн. Мөн каракуль хоньтой ганц аймаг нь Говьсүмбэр. Аймгийн цөм сүрэгт 1000 гаруй, хувь хүмүүст 2000 гаруй каракуль хонь байдаг юм байна. Цочир сонин гэвэл, Баянтал сум онгоцны буудалтай. Даанч онгоц байхгүй.
Ноён Хутагтын нутагт дахин очсон минь
Дорноговьчууд бахархах, бардамнах зүйл олонтой хүмүүс. Өнгөрсөн намар даа. Говийн догшин Ноён Хутагт, түүний түүх, тахилчдын удмын тухай сурвалжлахаар тус аймгийг хоёр дахиа зорьсон юм. Тэгэхэд тэнгэрийн үүлс хурын дохиог сануулан бүүдгэр саарал өнгөөр үдэж байсан сан. Тиймээс ч “Маргааш бороотой байх болов уу, аль эсвэл цас орох нь уу” гэдэг бодол аяны туршид санаанаас гараагүй. Гэсэн хэдий ч Дулдуйтын хүүгийн намтартай танилцаж, Хамарын хийд, “Энергийн төв”-д очно гэхээс сэтгэл нэг л адгаж байсан юм. Харин энэ удаад… Дорнын говьчуудын өөр нэгэн бахархлыг сурвалжлахаар наран ургах зүгийг зорилоо.

“Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан дорнын их говь дэлхийд данстай”. Тийм ээ, энэ бол Дорноговь аймаг, тэндэхийн зон олны эрт үеэс улбаатай бахархал, бас бардамнал. Сүрдмээр агаад шаралхмаар ч юм шиг. Элсэн говийн их түүхийг бичилцэж буй говьчууд нутаг орноо ямар гоё, хэний ч санаанд буухааргүй уран дүрсэлдэг гээч. Тэд “Захгүй говийн энгүй дүр Зүрх шимшрэм энгийн төрх” хэмээн эх нутгаа магтан дуулдаг. Басхүү “Элс, зүлэг хоёр эмжиж айлссан говийн баянбүрд” гээд л…

“Говь гэмээнэ говь билээ” хэмээн их найрагчийн магтан дуулсанчлан говийн хүмүүс гэмээнэ говь шигээ уужуу тайван. Тийм болоод ч тэр үү Дорноговь аймгийг байгаль дэлхий ивээж, нартай, хуртай дэлгэр сайхан зун болж байна. Говьчуудын хэлдэгчлэн тэнгийн ачаанд түүртдэггүй тэмээн сүргийн бэлчээр элсэн шаргал, номин ногоон өнгөөр солонгорон харагдах нь нэн үзэсгэлэнтэй. Дорноговь аймагт 2008 оны байдлаар нийт 25100 тэмээ тоологдсон нь өмнөх оныхоос 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Их Хутагтын нутагт хөл тавимагцаа хамгийн түрүүнд очсон нь Даланжаргалан сум. Тус сум эл хульхан. Хаа нэгтээ дэлгүүр хоршоог зорих ганц, хоёрхон хүн л харагдах. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус сумын Засаг дарга Г.Мягмардорж хүлээн авч уулзан нутаг орныхоо амьдрал ахуйн талаар ярилцлаа. Засаг ноёны мэдээлснээр, даланжаргаланчууд сургууль, Соёлын төвдөө их засвар хийж буй. Мөн 6-7 настай сурагчдад зориулсан “00”-ын өрөө, халуун усны үйлчилгээ явуулах газартай болж байгаа юм байна. Тийн ярилцах зуур Г.Мягмардорж дарга эрхэм гишүүнийг Баянталын Иргэний бүртгэл, мэдээллийн ажилтан бүсгүйн адил гайхшрууллаа. Г.Мягмардорж “Олон-Овоотыг гар утасны сүлжээтэй болгож өгөөч” гэхэд Ж.Батсуурь гишүүн “Өнгөрсөн жил сүлжээтэй болох байсан. Одоо болтол сүлжээтэй болгоогүйн учир юу вэ” хэмээн асуусан юм. Харин “Мянганы зам барих санхүүжилт дууссан гэж сонссон. Чойроос нааш зам бариагүй” хэмээн сумын Засаг дарга өгүүлэхэд эрхэм гишүүн “Бид энэ талаарх асуудлыг тавьж байгаа.Удахгүй ажлаа эхлэх байлгүй” гэлээ. Сумын Засаг ноён орлогч болон бусад ажилтнаа дуудан ирүүлж, эрхэм гишүүнтэй уулзахдаа хүүхдүүдийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх боломж бий эсэхийг асуусан юм.

Хөдөөгийнхөн асуудалд жаахан хайнга ханддаг нь Г.Мягмардорж даргын ярианаас тодорхой харагдана. Тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж, сум бүрт 50 сая төгрөг өгнө” гэсэн яасан юм бол” хэмээн сураглахад Ж.Батсуурь гишүүн “Өгсөн шүү дээ. Та сумын Засаг дарга байж үүнийг яагаад мэдээгүй байдаг билээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2009 онд аймаг бүрт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Аймгийн Засаг даргын дэргэд ажлын хэсэг байгуулаад энэ ажлыг хэрэгжүүлээд явж байх ёстой” хэмээн тайлбарласан. Энэмэтчилэн сумын удирдлагууд “Томилолт, шатахууны мөнгө хүрэлцээгүй. Төсөвт сум, багийн цахилгааны төлбөрийг түлхүү тусгуулж өгөөч. Бичиг цаасны зардал маш их буурсан. Бид өөрсдийнхөө мөнгөөр бичгийн цаас худалдаж авдаг. “Багш нарын цалингийн зээлийн хүүг 1.5 хувь болголоо” гэж Улаанбаатарт мэдээлсэн. Гэтэл орон нутагт 2.5 хувийн хүүтэй байна. Мөн “Багш нарын ур чадварын нэмэгдлийг хас” гэж дээрээс үүрэгдсэн. Тэртэй тэргүй цалингийн сангийн зардал буурсан шүү дээ” хэмээн түмэн зүйл тоочлоо. Эрхэм гишүүн тэдэнд 2009 онд аймаг бүрт 100 сая төгрөгийн нөөц хөрөнгө баталсан. Төсвийн байгууллагын урсгал зардлыг нэмэх, орон нутагт эрх мэдэл өгөх, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийг өөрчлөх тухай ярьж байгааг дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Даланжаргалангаас холгүйхэн Айраг сум оршино. Дорноговийн Засаг дарга сумын Засаг дарга нартаа “Ирэх есдүгээр сарын нэгнээс өмнө ээлжийн амралтаа ав” хэмээн үүрэгдсэн тул Айраг сум эзгүй байсан гэхэд болно. Соёлын төвд нь хэсэг залуус чуулж, Сумын оюутан, залуусын зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаа Ж.Батсуурь гишүүнд хэлсэн юм. Мөн Айраг сумын тухай вэб хуудастай болохоор төлөвлөж буйгаа ч дуулгалаа. Эрхэм гишүүн тэдэнд “Сайн боловсрол, мэргэжилтэй байна гэдэг хүний амьдралын гэрэл гэгээ. Би Дорноговь аймгийн Засаг дарга байхдаа Хүүхдийн сангийн тэргүүнээр ажилладаг байлаа. Та бүхний юу хийж, яаж, бүр хаана амьдрах вэ гэдэг зөвхөн өөрсдөөс чинь л шалтгаална” хэмээн сургамжиллаа.
“Ж.Батсуурь гишүүнээр овоглогдсон зүйл Дорноговьд олон”
Говь нутгийн хал үзэж, хашир суусан өвгөн буурал эрхэм гишүүнийхээ барааг хармагц баярлаж хөөрсөндөө тэр үү дээрх үгийг хэлсэн юм. Үнэхээр ч Дорноговь аймаг экс Засаг ноёноо хуртай, хөөртэй угтлаа. Харин өөрсдөө “Дарга маань хур дагуулан ирлээ” хэмээн баярлацгаах. Аймгийн Цагдаагийн газрын 70 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиож, Ж.Батсуурь гишүүн алба үүргээ амжилттай гүйцэтгэж яваа цагдаагийн ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардуулав. Ж.Батсуурь гишүүний хувьд, аймгийн Засаг даргаар бүтэн найман жил ажиллахдаа хийсэн зүйл олонтой нь мэдээж. Сайншанд сумын төв талбай, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, Д.Данзанравжаагийн нэрэмжит музей, Хүүхдийн ордон, усан бассейн, 200 хүүхдийн цэцэрлэг, аймгийн Цагдаагийн газрын өмнөх цэцэрлэгт хүрээлэн… Зөвхөн аймгийн төвд хийсэн ажлуудаас цухасхан дурдахад энэ. Харин сумдад хийсэн бүтээн байгуулалтуудыг нь тоочоод ч барамгүй. Жамъянсүрэнгийн Батсуурь хэмээх нэрийг Дорноговийн найман настай балчраас 80 настай буурал ч анддаггүй юм билээ.

Эх орны өмнөд хилтэй ойрхон ирснийх бараа, бүтээгдэхүүний үнэ ханш сонирхохоор шийдлээ. “Урд хөрштэй ойр учраас эндэхийн үнэ ханш Улаанбаатарынхаас хавьгүй хямд байх” гэсэн, бараг үгүй юм. Сайншандад нэг килограмм элсэн чихэр 1200, цагаан будаа 1200, монгол төмс 800, хонины мах 2500, ямааных 2000 төгрөгийн үнэтэй байсан бол “Есийн” тос 2200 төгрөг байв. Гэхдээ дэлгүүрийн худалдагч бүсгүй “Сайншандын бараа хямд үнэтэй. Учир нь урд хөршөөс бөөний үнээр бараагаа татдаг. Бүтээгдэхүүний борлуулалтад эдийн засгийн хямрал нөлөөлсөн ч одоо арай гайгүй болж байна. Оюутан, сурагчид амарсан учраас борлуулалт сайн. Тэднийг явчихаар л хэцүү дээ. Сумдад бол бараа, бүтээгдэхүүний үнэ эндэхээс үнэтэй шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь замын туршид нэгэн дууг дахин, дахин сонссоор л явсан. “Бүүрэг намхан толгодоо хайрхан болтол саналаа. Бүжин харайх горхио мөрөн болтол саналаа” хэмээх үгтэй энэ дуу “Эх орондоо харих болтугай” жүжгийн дуу. Уг жүжгийг Найдангийн Ганхуяг найруулжээ. Эрхэм гишүүн аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа СУИС-д гэрээгээр бүхэл бүтэн нэг ангийг сургаж, зардлыг нь хариуцан “Саран хөхөө” театрт мэргэжилтэн бэлтгэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм. Тийм болохоор л говийн хашир өвгөн “Манай Ж.Батсуурьт “Энэ миний бүтээсэн зүйл шүү” гээд дэргэд нь очоод зогсох газар олон” гэж хэлсэн биз ээ. Нутгийн ард олон нь өөрийнх нь тухай ийм сэтгэгдэлтэй байлаа гээд Ж.Батсуурь гишүүн тайвширсангүй. Лав л “Эх орондоо харих болтугай” жүжгийг кино болгочих санаатай яваа юм билээ.

“Тахилчийн удам ба элсэн дор замхраагүй түүх” хөрөг тэмдэглэлээ өнгөрсөн намар Хамарын хийд, Д.Данзанравжаагийн музейг сонирхсоныхоо дараа бичсэн юм. Эрхэм гишүүн аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ноён Хутагтын эд өлгийн дурсгалт зүйлсийг хамгаалан үлдэхэд сэтгэл гарган зүтгэж, Д.Данзанравжаагийн нэрэмжит музейг байгуулахад ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Тус музейгээр хоёр дахиа зочлоход АНУ-ын Буддын шашинтнууд музейн үзмэрүүдийг маш их сонирхож байсан. Ер энд олны хөл тасардаггүй бололтой. Музейг ажиллуулж буй З.Алтангэрэл гуай Ноён Хутагтын зургаа дахь тахилч асан өвөөгийнхөө элсэн дор нууж үлдээсэн хэдэн авдраас шинэ үзмэр гаргаж иржээ. Ноён Хутагт нууц тарнийн ном уншихдаа тусгай хувцас өмсдөг байж. Музейнхэн уг хувцсыг дуурайлган сэргээсэн нь содон харагдлаа. Мөн 1830-аад оны үед Ноён Хутагтын шашны зан үйл гүйцэтгэхдээ өмсч байсан мөнгөн малгайг хүндэтгэн залжээ. Өөр нэгэн шинэ үзмэр нүдэнд туссан нь мөнгөн мандал юм. Дулдуйтын хүүг Ноён Хутагтын ширээнд 1811 онд залахад мөнгөн мандал өргөж байсан гэдэг.

Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд наадамлаж өнжлөө. Алтанширээ сумынхан Баянбуурал хайрхандаа хүндэтгэл үзүүлсэн бол Дэлгэрэхийнхэн бөхийн эр бяр, морьдын хурдыг сонжиж наадсан юм. Алтанширээ сумын “Баянбуурал” хүндэтгэлийн наадмын бөхийн барилдаанд аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүллээ. Сум, сумын наадмаар сонин юу эс мундах вэ дээ. Дэлгэрэх сумын наадмын үеэр малчин П.Содбаяр, Д.Жаргалсайхан нар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Тайж угшлын хурдан хүлэг бэлэглэв.

Аяллын хамгийн сүүлчийн маршрут маань Иххэт сум байлаа. Иххэт хэмээх уулаар нэрлэгдсэн тус сум нийслэлтэй 600 гаруй километр төмөр замаар холбогдсон. Тус сумынхан эрхэм гишүүнээ бас л “Хийсэн ажил ихтэй хүн” хэмээн найрсгаар угтлаа. Сумын Засаг дарга Х.Нэмэхийн хэлснээр Ж.Батсуурь гишүүн өнгөрсөн дөрвөн жилд Иххэт сумын дунд сургуулийн засварт зарцуулах 150 сая төгрөгийг гадаадын төслийн шугамаар шийдвэрлүүлж өгсөн. Соёлын төвийг 40 сая, цэцэрлэгийг 35 сая, уурын зуух, шугам сүлжээг 80 сая төгрөгөөр засварлах хөрөнгийн асуудлыг шийдэж өгчээ. Энэмэтчилэн Дорноговийн сум бүрээр сонин ихтэй. Сонирхох зүйл ч олон байлаа. Аялал маань говь, хээр хосолсон Иххэт суманд очсоноор өндөрлөсөн юм. Нийслэлээс хөдөлснөөс хойш нийт 1380 километр замыг туулжээ. Дахиад очно оо, дорнын их говьчууд аа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.