Говийн бүсэд байгуулах дэд бүтцийн асуудлаар мэдээлэл авах зорилготой иржээ
УИХ-ын дэд дарга Г.Батхүү Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жим Райкертийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Монгол Улс 360 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй, нүүрс, эрчим хүчний салбарын байдал хүндрэн сургууль, цэцэрлэг, орон сууц хөлдөх аюул нүүрлэж байсан хүнд үед Дэлхийн банкны үзүүлсэн тусламж, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр үр дүнгээ өгсөн тухай дурьдаад цаг үеэ олсон төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэнд үргэлж талархаж явдгаа илэрхийлэв. Дэд бүтцийн салбарын сайдаар хоёр удаа ажиллаж байсан тэрбээр тус салбарын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
Ноён Жим Райкерт УИХ-ын дэд даргаас говийн бүсэд байгуулах дэд бүтцийн асуудлаар мэдээлэл авах зорилготой ирснээ дурьдаад дэд дарга Г.Батхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм.
УИХ-ын дэд дарга “Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан манай ажлын хэсэг говийн бүсэд дэд бүтэц байгуулах асуудлыг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгох зорилготой ажиллаж байгаа. УИХ асуудлаа ойлгомжтой болгоод Засгийн газарт чиглэл өгөх болно. Ажлын хэсэг наадмын өмнө байгуулагдсан. Гол гол асуудлаар санал солилцсон. Удахгүй шийдвэрээ гаргаж байнгын хороондоо танилцуулан УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.
Дэлхийн банкнаас Монгол Улсын Сангийн яамны захиалгаар өмнөд бүсэд дэд бүтэц байгуулах асуудлаар судалгаа хийж төсөл боловсруулж байгаа аж. Дэд бүтцийг хөгжүүлэх хэд хэдэн хувилбарыг боловсруулахын зэрэгцээ эдийн засгийн үзүүлэлтийг нь бас бэлтгээд байгаа юм байна. Дэлхийн банкны мэргэжилтнүүд дэд бүтцийг байгуулахад шаардагдах асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг сувгаар татах бодлого баримталж байгаа хэмээн Жим Райкерт танилцуулж байв.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү говийн бүсэд төмөр зам байгуулах асуудлаар хувийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төмөр замын маршрут сүлжээг нэгдсэн бодлогоор төр тодорхойлох ёстой гэж би боддог. Төмөр замын олон уурхайд ашиглаж болох сүлжээг бий болгож, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж буй компаниуд хөрөнгөө гарган төмөр замыг барих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ. Дэлхийн банкны мэргэжилтан Жим Райкерт ч түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.