Шинэ жарны бүтээн байгуулалт эхэллээ
Ачааны хүндийг үүрч ирсэн төмөр замчид 60 насны ойтойгоо золгов
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Гэхдээ энэ ой баяр цэнгэл гэхээсээ илүүтэй хийж бүтээх, цаашид хэрхэн хөгжих арга замаа тодорхойлсон онцлог арга хэмжээ байсан юм. 1949 онд хоёр улсын хэлэлцээр, хамтын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан УБТЗ нийгэмлэгт эдүгээ 16 мянга гаруй хүн ажиллаж, Монгол Улсын дотоодын тээврийн 80 гаруй хувийг, экспорт, импортын тээврийн дийлэнх хэсгийг дангаараа гүйцэтгэж байна. Энэ их айлын 60 насны ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ОХУ-ын тээврийн сайд И.Е.Левитин, Оросын төмөр замууд НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин нарын хүндтэй зочид оролцлоо. Мөн баярын арга хэмжээнд оролцохоор Эрхүүгийн ахмад төмөр замчид хүрэлцэн ирэв. Тэд Монгол Оросын хамтарсан нийгэмлэгийн тулгын чулууг тавилцаж байсан гавьяатай хүмүүс юм.
60 жилийн нөр их хөдөлмөр бүтээлээ дүгнэж, ирэх жарны их бүтээн байгуулалтаа эхэлж буй түүхт энэ өдрөөр Улаанбаатар өртөө буюу нийслэлийн галт тэрэгний буудалд дурсгалын самбар байрлууллаа. Самбар байрлуулах арга хэмжээ бямба гаригийн өглөөний 08:00 цагт ёслол төгөлдөр болж, үе үеийн төмөр замчид оролцлоо.
108 км замыг шинэчлэхээр ажилдаа оров
Төмөр замчид өдөр шөнийг үл ажран галт тэрэгний буухиаг ган замаар тасралтгүй хөврүүлэх их ажилдаа шамдаж байдаг хүмүүс. Тэр л ажилса, хөдөлмөрч зангаараа баярын өдрөө нэгэн их ажлын эхлэлийг тавьсан юм. Энэ нь Мандал-Давааны өртөөний 108 км замыг сэргээн засах их ажил. Энэ ажлыг ОХУ, Монголын төмөр замчид хамтран гүйцэтгэхээр ажилдаа гарч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга В.Отгондэмбэрэл, Оросын төмөр замууд НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин нар гэрээнд гарын үсэг зурав. Улаанбаатараас 30-аад км-т оршин Давааны зөрлөг дээр болсон ёслолын арга хэмжээнд оролцох хүндэт зочид ган замаар, галт тэрэг хөлөглөн хүрэлцэн очсон нь ойг сурвалжлахаар ирсэн гадаад, дотоодын сэтгүүлчдийн анхаарлыг татав. Монгол Улсын төмөр замын нийт урт 1800 гаруй км, үүний 60-аад хувийг нь шинэчилж засч сайжруулах шаардлагатай байгааг төмөр замчид ярьж байсан юм. Энэ их ажлын эхлэл болгож 108 км замыг ийнхүү сэргээн засч байгаа нь Монголын төмөр замчид, монголчууд бидэнд үр өгөөжтэй ажил болж байна.
Эрхүүгийн төмөр замын их сургуулийн салбар Монголд
Манай төмөр замын мэргэжилтнүүдийн олонхи нь ОХУ-д сурч төгссөн инженер техникийн ажилтнууд байдаг. Харин одоо тэр боловсролыг эзэшихийн тулд Монголдоо сурах боломжтой боллоо. Төмөр замын дээд сургууль дээр Эрхүүгийн төмөр замын Улсын их сургуулийн салбарын нээлт болж, төр засгийн удирдлагууд, Эрхүүгийн төлөөлөгчид, тус сургуулийн оюутнууд оролцов.
Шинээр нээгдэж байгаа энэ сургуульд төмөр замын техник, үйл ажиллагаа, удирдлага, төмөр замын засвар үйлчилгээ зэрэгт сургахаар Эрхүүгийн төмөр замын Улсын их сургуулийн багш, эрдэмтэд ирж хичээл заах юм байна.
Хамтарсан компанийн гүйцэтгэх захирал нь В.Морозов
Монголын төмөр замыг хөгжүүлэх хамтарсан аж ахуйн нэгж байгуулагдсан юм.”Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийн дүрмийн сан нь 2,526 тэрбум төгрөгийн буюу ойролцоогоор 1,8 сая ам.доллар байх юм. Тус компанийн хувьцааны 50 хувийг Оросын төмөр замууд, 25 хувийг “Эрдэнэс МГЛ” ХХК, 25 хувийг “Монголын төмөр зам” ХК нийлүүлж байгаа ажээ. Оросын төмөр зам өөрийн гаргах 50 хувиа бэлэн мөнгөөр, Монголын хоёр компани үүнтэй тэнцэх эд хөрөнгө гаргах юм. Эд хөрөнгийн үнэлгээг ОХУ-ын тал биш хөндлөнгийн, олон улсын үнэлгээчид хийх ажээ. Тус компани Монгол Улсын нутгаар явж байгаа одоогийн төмөр замыг сэргээн засч, сайжруулах, салаа төмөр зам, хос төмөр зам барих, галт тэрэгний дугйг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Мөн Мманай улсын нутаг дахь эрдэс баялгийн нөөцийг эргэлтэд оруулахын тулд орд газруудыг төмөр замаар холбох юм. Тухайлбал, Тавантолгойн орд газраас БНХАУ, ОХУ-ын хил залган орших номхон далайн боомт руу нүүрс экспортлоын тулд Ззнбаянгаас Тавантолгой хүртэл төмөр замын шугам барина. Мөн Баянтүмэнгээс Бор-Өндөр хүртэл төмөр замын шинэ шугам барих юм. Ингэснээр манай улсын зүүн бүс нутагт байгаа эрдэс баялгийн нөөцийг олон улсын зах зээлд борлуулахад илүү боломжтой болох юм.
Хоёр улсын хамтарсан ”Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Оросын төмөр замууд НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунины зөвлөх В.Морозов томилогджээ. Тэрээр БНБУ-ын Ардын хурлын гишүүн, тус улсын Засгийн газрын гадаад эдийн засгийн бодлогыг хариуцан ажилаж байжээ.