300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг сайжруулна
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга саяхан БНХАУ-ын Төмөр замын сайд Лю Жизюниний урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, БНХАУ-ын Төмөр замын яам, Зам, тээврийн яамны сайд, удирдлагууд, Хятадын Экспорт, импортын банкны удирдлагуудтай уулзаж хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын төмөр замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, уул уурхайн орд газруудыг түшиглэсэн төмөр замын шинэ шугам барих төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын төмөр замын хөгжлийн хандлагатай хэрхэн уялдуулах, хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцлээ. Хятадын тал Замын-Үүд-Эрээний боомтоос гадна ашигт малтмалын орд газруудыг Цэхэ-Шивээхүрэн, Ганц мод, Гашуунсухайтын боомттой холбох нь тээврийн зардлыг багасгаж, гадаад зах зээлд гарах илүү боломжтой болгоно хэмээн ярьж байв. Харин Монголын тал орд газруудыг эхний ээлжид төмөр замын үндсэн шугамтай холбох замаар хөрш хоёр орны зах зээлээр дамжин тээвэрлэх барааны хэмжээг нэмэгдүүлэх, цаашдаа орд газруудыг холбосон төмөр замыг хилийн боомтуудтай холбох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийн дүнд хоёр талын ажлын хэсгүүд энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэхээр боллоо.
Мөн ажлын хэсгийн хэмжээнд дамжин өнгөрөх барааны эргэлт, Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.
БНХАУ-ын Засгийн газраас олгож буй 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлэх асуудлыг Хятадын Экспорт, импортын банктай хэлэлцэж ажлыг түргэтгэх талаар санал солилцов.
Монгол, Хятадын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1991 онд байгуулсан Авто тээврийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хэлэлцээ хийж нэгдмэл ойлголтод хүрээд байгааг талууд тэмдэглээд ажлын хэсгийн ээлжит уулзалтыг энэ сард Хөх хотноо хийж тохиролцохоор болов. Монгол, Хятад нь нийт автозамын 13 боомтоор хил залгадаг бөгөөд жилд таван сая тонн ачаа, зорчигч тээвэр 1.7 саяд хүрээд байна.
Мөн Улаанбаатар хотын авто замыг шинэчлэн засварлах, Замын-Үүд -Алтанбулагийн чиглэлийн АН-3 хурдны автозамыг барих төслүүд дээр Хятадын аж ахуйн нэгж, компаниуд ажиллах сонирхлоо илэрхийлж, хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж байгаа тул хоёр талын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаар болов.