В.В.Путин УИХ-ын даргад бараалхав
Манай улсад ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр орой бараалхав.
Монгол Улс, ОХУ-ын хоорондын уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг УИХ-ын дарга тэмдэглээд “Энэ үйл хэрэгт хүндэт дарга Таны бичлэн оруулсан хувь нэмрийг манай ард түмэн өндөр үнэлдэг билээ. Монголчууд бид есийн тоог ихэд билэгшээдэг юм. Эрхэм хүндэт дарга Та ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа 2000 онд манай оронд айлчилснаас хойш есөн жилийн дараа 2009 онд ийнхүү айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны томоохон асуудлаар тохиролцож, холбогдох гэрээ хэлэлцээрүүд байгуулж байгаа нь билэгдэлтэй төдийгүй хоёр орны тодорхой салбаруудын хамтын ажиллагааны төлөвийг тодорхойлж, эрх зүйн үндсийг бататгаж байгаад бид сэтгэл нэн хангалуун байна. Айлчлалын үед тохирсон, хэлэлцэж ярилцсан зүйлүүд хоёр талын найрсаг, стратегийн түншлэлийн харилцааг улам баяжуулж, шинэ нөхцөл байдалд нийцэж биеллээ олно гэдэгт итгэл төгс байна” гэлээ. Тэрбээр 2009 он манай хоёр улс, ард түмний хувьд түүхэн онцлог үйл явдлаар дүүрэн жил болж буйг дурьдаад энэ онд тэмдэглэх Халхын голын ялалтын 70, хамтарсан төмөр зам байгуулсны 60 жилийн ой нь хоёр орны харилцааны уламжлал, түүхэн онцлогийг ард түмэндээ дахин хүргэж таниулахад ихээхэн ач холбогдолтой үйл явдал юм гэдгийг онцлов.
В.В. Путин элэгсэг дотноор хүлээн авч хүндэтгэл үзүүлж буйд нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд талархал илэрхийлэхийн сацуу хоёр орны уламжлалт харилцаа улам эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байдгаа тэмдэглээд энэ удаагийн айлчлал ихээхэн шахуу болсон ч айлчлалын үеэр гарын үсэг баримт бичгүүд нь хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал алхам болсныг онцоллоо. Тэрбээр яриа хэлэлцээний явцад хөндөгдсөн зарим асуудлыг хоёр тал нарийвчлан авч үзэх шаардлагатай юм гэдгийг дурьдав.
Хоёр орны худалдаанд Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэхийг бид эрмэлздэг. Манай мал аж ахуйн арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Оросын ард түмэн сайн мэддэг, өргөн хэрэглэдэг. Гэвч эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргахад бэрхшээлтэй, гол нь татварын хэмжээ өндөр гэж яригддаг. Иймээс манай орны экспортыг дэмжих, татварын хувь хэмжээгээ багасгах, хоёр орны харилцааны онцлогт тохирсон нөхцөлөөр ажиллахад анхаарч дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын дарга уулзалт ярианы үеэр ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээс хүслээ. Түүнчлэн хил орчмын болон бүс нутгийн уламжлалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахыг хоёр талын бүс нутгийн иргэд хүсч байдгийг УИХ-ын дарга хэлээд хоёр орны найрамдалт харилцаанд хилийн боомтуудын хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлов.
Монгол, Оросын харилцааны нэгэн бүрэлдэхүүн агаад чухал хэсэг нь болсон хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд ойр дотно харилцаатай, парламентын бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл өндөр байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд цаашид парламентын хооронд янз бүрийн түвшинд уулзаж, арга туршлага, мэдээлэл солилцох, харилцан суралцах нь чухал юм. Ялангуяа зах зээлийн эдийн засгийн нөхцөлд манай хоёр орны шийдвэрлэх асуудлууд, тулгарч байгаа зорилтууд ижил төстэй байна. Иймээс хууль боловсруулах, тогтоох салбарт бие биеэсээ суралцах зүйл их байна гэж үздэгээ онцлов.
Ноён В.В.Путин УИХ-ын даргатай санал нэгтэй байгаа, уулзалт ярианы явцад хөндсөн асуудалд анхааралтай хандахаа илэрхийлээд хоёр орны уламжлалт харилцааг улам ойртуулахад иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүнчлэн улс төрийн намуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь ихээхэн хувь нэмэртэйг онцоллоо.
Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Дүндээжанцан, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Арвин, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.