Засгийн газрын тэргүүдийн гарын үсэг зурах баримт бичгүүд бэлэн болжээ
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н. Алтанхуяг, ОХУ-ын Тээврийн сайд, тус комиссын Оросын хэсгийн дарга И. Е. Левитин нар өнөөдөр ажлын уулзалт хийв.
ОХУ-ын Тээврийн сайд, комисын Оросын хэсгийн дарга И. Е. Левитин “Улаанбаатарт уулзаж байгаадаа баяртай байна. Түрүүчийн уулзалтаас хойш нэлээд олон ажлыг хийж амжууллаа. Маргааш болох хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурах баримт бичгүүд үндсэндээ бэлэн болсон. Тухайлбал Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Зам тээврийн яамны хооронд байгуулах ”Зам тээврийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, төмөр замын хамтарсан компани байгуулах хэлэлцээр бэлэн болоод байна” гэлээ.
Тэргүүн шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Н. Алтанхуяг хариу талархал илэрхийлээд “Засгийн газар хоорондын комиссын төлөвлөсөн ажлууд таны хүч зүтгэлээр амжилттай урагшилж байна. Маргааш болох айлчлал, арга хэмжээнүүдийн үеэр гарын үсэг зурах баримт бичгүүд бэлэн болсонд сэтгэл ханамжтай байна” гэв. Мөн тэрээр Путины айлчлал хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж итгэж байгаагаа онцлон тэмдэглэлээ. Тэрээр хөдөө аж ахуйн салбарт олгох 300 сая долларын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлтэй болгох боломжийн талаар лавлахад Левитин маргааш ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдыг ирэхээр ярилцаж тохирьё гэв.
Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нар төмөр замын хөрөнгө оруулалт, атомын эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэх болон ураны орд, түүний ашиглалттай холбоотой асуудлаар санал солилцлоо .
ОХУ –ын Тээврийн сайд, комиссын Оросын хэсгийн дарга И. Е. Левитин Улаанбаатар төмөр замын 60 жилийн ой оросын үндэсний баяртай давхцаж байгаа тул хойшлуулах санал тавьсан тухайгаа лавлахад Тэргүүн шадар сайд судалж үзээд ойрын үед хариу өгнө хэмээлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.