5-р сард В.В.Путин Монгол Улсад айлчилна
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчОХУ-ын ерөнхий сайд В.В.Путин монгол улсад айлчлах тухай мэдэгдэл гарсан байна. Тэрхүү мэдэгдлийг хүргэж байна.
Монгол Улс ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш бие даасан, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн бөгөөд олон улсын харилцаа, түүний дотор бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд: “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт мөн ...”. Чингэхдээ энэ хоёр оронтой харилцаж ирсэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана” гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол Улс, ОХУ-ын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” 1993 оны Гэрээ, 2000 оны Улаанбаатарын тунхаглал болон 2006 оны Москвагийн тунхаглалын зарчим, үзэл санааны дагуу идэвхтэй хөгжиж байна. Манай хоёр улсын хооронд дээд, өндөр хэмжээнд болон бусад түвшинд хийж буй харилцан айлчлал, яриа хэлэлцээ идэвхтэй явагдаж, энэ нь хоёр талын нийт харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн 2008 оны хувьд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар 2008 оны 5 дугаар сард ажлын айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оросын Холбооны Улсын Засгийн газрын даргын урилгаар 2008 оны 4 дүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын даргатай хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг нааштай шийдвэрлэсэн билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын даргыг манай улсад хариу айлчлал хийхийг урьсан билээ.
2009 он гарсаар хоёр талын улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд 1 дүгээр сард ОХУ-ын Эрхүү мужид, 3 дугаар сард Москвад тус тус ажлын айлчлал хийж хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцон хөдөө аж ахуй, тээвэр, цөмийн эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах тухай 4 чухал баримт бичиг байгуулсан. Хоёр тал тохиролцсон ёсоор ОХУ-ын Засгийн газрын дарга энэ оны 5 дугаар сард манай оронд хариу айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар ярилцаж байна.
Энэхүү хариу айлчлал нь хоёр улсын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээний үргэлжлэл бөгөөд өнгөрсөн оноос яригдаж, бэлтгэгдсэн айлчлал юм. Гэтэл манай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уг айлчлалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбон улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор айлчлалын агуулгыг мушгин гуйвуулсан янз бүрийн мэдээллийг зориуд зохион байгуулалттай хийж байгаа нь Монголын төрийн гадаад бодлогын нэгдмэл, тогтвортой, залгамж чанар болон үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж байх зарчмыг үгүйсгэсэн, гадаад бодлого улс төрийн аль нэг хүчинд үйлчлэх ёсгүй гэсэн зарчимд харшилсан явуургүй үйлдэл бөгөөд Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаанд сэв суулгах, хоёр орны олон нийтэд буруу ташаа ойлголт өгөх уршигтай гэж Монгол Улсын Гадаад харилцааны яам үзэж байна.
Улаанбаатар хот,
2009 оны 4 дүгээр сарын “23”-ны өдөр