УИХ-ын дэд дарга Тажикистаны Ерөнхийлөгчид бараалхав
2009.03.30

УИХ-ын дэд дарга Тажикистаны Ерөнхийлөгчид бараалхав

УИХ-ын дэд дарга Н.Энхболд манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд өнөөдөр үдээс хойш бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тажикистаны Ерөнхийлөгчийн манай улсад хийж байгаа энэхүү анхны айлчлал нь Монгол, Тажикистаны олон жилийн уламжлалт найрсан харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхижүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дэд дарга илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дэлхий нийтийн өнөөгийн хөгжил, зах зээлийн харилцааны шинэ шатанд тууштай хөгжүүлэх чиг шугамыг Монголын тал баримталж байдгийг онцоллоо. Тэрбээр, манай хоёр орон нэг ижил төстэй гараанаас зах зээлийн эдийн засагт шилжсэн Иймээс энэ талаар явуулж байгаа бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлж буй үйл явцын талаар харилцан туршлага солилцох нь аль аль талдаа ашигтай гэж үзэж буйгаа илэрхийлээд хоёр орны хууль  тогтоох байгууллагуудын хооронд туршлага солилцох, бие биеэсээ суралцах нь харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд ач тустай юм гээд ноён Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаас эхтэйгээр хоёр орны парламент хоорондын харилцаа цаашид улам идэвхижинэ гэдэг итгэж байгаагаа онцлон дурдлаа. Мөн Бүгд Найрамдах Тажикистан Улсын  тогтвортой хөгжил нь Төв Ази, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд, тэр дундаа Тажикистан Улс нь тус байгууллагыг бүс нутагт энхийг сахиулах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой хөгжлийн нөлөө бүхий байгууллага болгох чиглэлээр хүчин чармайлт гаргаж буйг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Монголын ард түмэн эртнээс Тажикистаны ард түмэнд хүндэтгэлтэй хандаж, түүхэн харилцаатай явж ирсэнд ноён Ерөнхийлөгч Э.Рахмон сэтгэл ханамжтай байдгаа дурьдаад энэхүү айлчлалын хүрээнд байгуулсан баримт бичгүүд нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техник, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах боломжтойг тэрбээр онцлон тэмдэглэв.

Хоёр орны хооронд бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ дэмжиж улам гүнзгийрүүлэхэд парламент хоорондын харилцаа ихээхэн үүрэгтэй юм гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд уулзалт ярианы үеэр тэмдэглэлээ.
Манай хоёр орны хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.