2009.03.26

Д.Ганхуяг: Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь хөгжлийн гарц

-Чуулганы завсарлагаар та Япон Улсад томилолтоор ажиллаад ирлээ. Явсан газрын сониноос сонсъё?

-УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгэмийн гишүүдтэй Япон Улсын «Сасакава» энх тайвны сангийн шугамаар яваад ирлээ. Япон Монгол хоёр улс парламентын засаглалтай орон. Тиймээс бид тус улсын парламентын хоёр танхимын гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийж, 2004-2008 онд хийгдсэн ажлаа дүгнэн, 2008-2012 онд хийх ажлын талаар санал солилцлоо. Хэд хэдэн уулзалтын үр дүнд саналаа нэгтгэж цаасан дээр буулган меморандум гаргасан. Тодруулж хэлбэл ирэх гурван жилийн хугацаанд хийх ажил тодорхой болсон гэсэн үг. Ингэснээр хангалттай ажлын сэдэвтэй боллоо.

Ер нь 2004-2008 онд хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн шинэ шатанд гарсан юм. 2005 онд парламентын бүлгэмийн гишүүд Японд айлчлах үеэрээ зарчмын дөрвөн асуудлыг ярьж тохирсон. Энэ нь жил бүр парламентын бүлгэмийн гишүүд харилцан айлчлах, иргэд, хувийн хэвшилд суурилсан харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, Японы шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,Японы Хөгжлийн албан ёсны тусламж, зээлийн хэмжээг бууруулахгүй байх зэрэг юм. Уг зорилтын хүрээнд их олон ажил хийгдсэн.

-Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх меморандумын зорилтуудаас сонирхвол?

-Энд   бид   зорилтуудаа тодорхойлоод, хэрэгжүүлэх, судлах ажлуудыг жагсаасан. Монгол Улсын шил жилийн үе үндсэндээ дуусаж, тогтвортой хөгжлийн шат эхэлж буйтай холбогдуулан зээл, тусламжийн зэрэгцээ хувийн хэвшилд суурилсан харилцан ашигтай хамтын ажиллагаанд шилжихийг зорьж байна. Түүнчлэн дэлхийн хямралын улмаас Монголын эдийн засагт гарч буй хүндрэлийг давах, нэгэнт хамтын хүчээр буй болгосон ардчиллыг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд «гуравдагч хөрш» Япон улсаас дэмжлэг авах гэх мэт чиглэл тусгасан.

-Японы Элчин сайд саяхан хандивлагчдын уулзалтаар уламжлалт харилцаагаа хэвээр хадгалж, төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж байсан. Тэгэхээр хөрөнгө оруулал-тын чиглэлийн ажлууд багагүй байгаа байх?

-Хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааны хүрээнд хоёр талын сонирхолд нийцсэн, хэрэгжих боломжтой, Монголын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр болохуйц төсөл, арга хэмжээг идэвхтэй дэмжих болсон. Тухайлбал ураны ордыг ашиглалтад оруулж, цөмийн энергийг ашиглах чиглэлээр хамтарч ажиллана. Япон улс эрчим хүчнийхээ 35-40 хувийг цөмийн энергийн эрчим хүчээр хангадаг, атомын цахилгаан станцын технологиороо дэлхийд тэргүүлдэг орон.

Мөн газрын ховор элемент, зэс, төмрийн хүдэр, нүүрс   зэргийг   олборлож, Японы өндөр технологид тулгуурлан хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тус улсын үндэстэн дамжсан корпорациудын борлуулалт худалдааны сүлжээнд оролцох зорилт тавьсан. Энэ салбарт тэд хамгийн том хэрэглэгч. Коксын хэрэгцээ нь Хятадаас 13, Солонгосоос дөрвөөс тав дахин илүү.
Ер нь ч түүхий эдийн экспорт хийх нь эрсдэлтэй байгааг бид зэсийн үнээс харж байгаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ хоёроос гурав дахин уначихсан байхад, зэс их ордог япон машины үнэ дөнгөж 10-15 хувиар буурч байх жишээтэй. Эндээс харахад зөвхөн буурай хөгжилтэй орнууд түүхий эдийн экспорт хийж, эрсдэлтэй тулж байна. Тиймээс боловсруулсан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөсөн байгаа.

-Гэхдээ уул уурхайгаас түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүн Япон руу гаргах хүртэл багагүй дамжлага байх болов уу?

-Тиймээс л уул уурхайн салбарын хөгжлийн угтвар нөхцөл болох ОХУ-аар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцөлийг нэн яаралтай хугацаанд сайжруулах хэрэгтэй байна. Энэ чиглэлд Монгол, ОХУ, Япон Улс хамтарч ажиллана. Өнөөдөр Монгол улс коксжих нүүрсээ зөвхөн Хятад руу гаргаж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 120 орчим ам.долларын үнэтэй коксжих нүүрсээ 30 ам.доллараар гаргаад сууж байна. Жоншыг хоёр, гурав дахин хямд үнээр гаргасаар байгаа. Хятадын дотоодын тээврийн ачаалал их учраас Монгол Улс урд хөршөөрөө дамжуулан их хэмжээний ашигт малтмал бусад оронд гаргах боломжгүй байна. Энэ байдлаас болж Монголын ашигт малтмал худалдан авагчид өрсөлдөөнгүй худалдаа хийдэг. Ингэж болохгүй юм.

-Мөн Японы хөнгөлөлттэй зээлээр олон улсын нисэх онгоцны буудал барих ажил хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан. Ямар шатандаа яваа вэ?

-Энэ буудал баригдахаар болсон. Нисэх буудлын орчмыг Улаанбаатар хотын да-гуул хот болгон хөгжүүлэх, ирээдүйн бүс нутгийн зангилаа нисэх буудал, олон улсын хамтын ажиллагааны төв болгох чиглэлээр тогтмол санал солилцож ажиллах юм. Энд анхаарах зүйл нь барилга барьсны дараах ашиглалт, менежментийн асуудал. Үүнийг одооноос бодох нь чухал байна. МИАТ шиг бол хол явахгүй байж мэднэ. Мөн нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбогдуулан Монголын дорнод бүс нутагт органик хүнсний хөдөө аж ахуйн том үйлдвэрлэлийг хамтран байгуулахаар ярилцсан.

-Манай улс мал аж ахуйн орон учраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл байгуулах нь хамгийн ач холбогдолтой хамтын ажиллагаа ч байж болох юм. Тодруулбал?

-Энэ салбарт хамтран ажилласнаас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг Японы тэргүүний технологиор боловсруулах юм. Япон Улс хүнсний ногооны нэлээд их хувийг гаднаас экспортолдог учраас энэ тал дээр хамтарч ажиллахад анхаарах хэрэгтэй байна. Монгол Улс хүн ам цөөтэй учраас хоёр хөрштэйгөө өргөн хэрэглээний, их хэмжээний барааны үйлдвэрлэлээр үнийн хувьд өрсөлдөх боломжгүй. Тиймээс хамгийн сайн технологиор чанартай цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг барих нь чухал юм. Өнөөдөр тэргүүний технологиор үйлдвэрлэгдсэн ямар ч бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байна.

-Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа түншлэлийн шинэ шатанд гарсныг та түрүүн хэлсэн. Хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ?

-Бид 2004 оноос хойш Японтой чөлөөт худалдааны буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах санал тавьсан. Гэхдээ хоёр орны хооронд хувийн хэвшилд суурилсан шууд хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ харьцангуй бага байгаа учраас ийм хэлэлцээрийн оронд бэлтгэл болгож хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэдний тал үзэж байгаа. Япон Улс Вьетнамтай ийм хөтөлбөр байгуулсан туршлагатай юм билээ. Тэд хөтөлбөр байгуулж байх үед хоёр орны худалдаа 300-400 сая ам.доллар байсан бол сүүлийн жилүүдэд 30-40 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад бэлэн болсон байна.

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийвэл манайд ямар давуу тал бий болно гэж үзэж байгаа юм бэ?

-Япон Улс 2001 оноос хойш Сингапур, Мексик, Малайз, Чили, Тайланд, Бруней, Индонез, Филиппин зэрэг улстай энэ хэлэлцээрийг байгуулсан.. Мөн 2007-2008 оны хооронд ASEAN, Вьетнам, Швейцарь, Энэтхэг зэрэг улсуудтай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрсэн. Япон Чилийн хэлэлцээрээр гэхэд Япон Улс зэсийн баяжмал, вино зэргийг гаалийн татвараас чөлөөлж, Чили Улс автомашиныг гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон байх жишээтэй. Хэрэв манай хоёр орны хооронд энэ хэлэлцээрийг байгуулбал 10 жилийн үндсэн хөтөлбөр болон хамтын ажиллагааны бүх зорилтыг хэрэгжүүлж чадна. Ингэснээр тэргүүний технологи, менежмент нэвтэрнэ. Япон Улсын зүгээс Монголыг ASEAN ы гишүүнээр элсэхэд ч дэмжлэг үзүүлэх юм. Энэ бол манай хөгжлийн гарц гэж хэлж болно.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.