Д.Ганхуяг: Энэ нийгэм хүн чаддаг юмаа л хийх ёстой
УИХ-ын гишүүн Ц.Ганхуягтай ярилцлаа.
-Та нэр бүхий гишүүдийн хамт "Өрсөлдөөний хууль" өргөн барьсан байна. Шинэчилсэн найруулгын ач холбогдлыг тодруулахаар таныг зорьж ирлээ?
-Өнөөдөр мөрдөгдөж байгаа "Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай" 1993 оны хууль маш олон өрөөсгөл, доголдолтой байгааг бид шүүмжилсээр ирлээ. Тэр үед өрсөлдөөн, зах зээлийн харилцаа сул байсан байх л даа. Өнөөдөр огт өөр түвшинд очсон. Тэгэхээр цаг тутам өөрчлөх ёстой хууль юм. Тэгээгүйн хохирлыг ард түмэн л амсана.
-Өнөөх шударга бусаар өрсөлдсөн бизнесийн байууллагыг 250 мянган төгрөгөөр торгодог мэтээс тэр хуулийн хоцрогдол эхэлнэ биз?
-Яг тийм, тэр үеийн 250 мянган төгрөг өнөөдрийн шийтгэл, алдаа дутагдал гаргахгүй байя гэж ухамсарлаж, ойлгох хэмжээний торгууль биш л байхгүй юу. Энэ хууль бол нэгдүгээрт, шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжье, хоёрдугаарт, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан шиг хязгаарлая, гуравдугаарт, нийт хэрэглэгчийнхээ эрх ашгийг дээдэлье гэсэн эрх ашиг агуулсан.
-Энэ гурван зорилго хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн хангагдах вэ, тухайлбал?
-Зах зээл бол байгалийн хууль, юмны үнэ бол эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Хамгийн их хэрэглээтэй бараа түлш шатахуун, мах, гурил, будаа, гар утасны төлбөр гээд бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг зохистой харьцаанд байлгахад нэгдсэн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн нь төрөөс шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгыг хангана. Шударга бус өрсөлдөөнийг гурван ойлголтоор үзэж болно. Зүй ёсны монололийн хүлээх үүрэг нь хэрэглэгчдэд хамгийн хямдаар бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх. Энэ чиглэлд архи спиртийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ орж болно.
Давамгай байдалтай аж ахуйн нэгж буюу тухайн зах зээлд ямарваа бүтээгдэхүүний гуравны нэг буюу түүнээс дээш хувийн эрэлтийг хангадаг тохиолдол гэсэн үг. Ийм үйлдвэрлэл бас зах зээлийн хамгийн зохистой маркетингаар ажиллах ёстой гэсэн шаардлага. Гэтэл манай зах зээлд дээрх ангиллууд хэрэглэгчийг огт бодохгүй байна. Үнийг зохиомлоор нэмэгдүүлж, хоорондоо хуйвалдаж, үгсэн тохирох, албаар хомсдол үүсгэж, буцаагаад зах зээлд тавихдаа үнэтэйгээр цацаж байна. Үүнийг шударга байлгаж зохицуулна гэдэг нь чухал хууль юм.
-Хаанаас зохицуулах вэ?
-Эрх мэдэл, үйл ажиллагаа нь тодорхой байгууллага байх ёстой юм. Мөн шударга бус өрсөлдөөний талаарх үнэн бодит мэдээллийг худалдаж авах чадвартай байх ёстой. Урамшууллын чадвар гэсэн үг л дээ. Дээр дурдсанаар зах зээлд монополи, давамгай байдалтай үйл ажиллагаа явуулдаг компаниудад худалдагдахааргүй орчинд ажиллах ёстой. Энэ хэрээр хариуцлага өндөр байх ёстой. Мөн шударга бус өрсөлдөөнийг чөдөрлөх нь зөвхөн төрийн байгууллагын ч биш иргэд, нийтийн үүрэг байх ёстой юм. Тухайлбал, бизнесийн шударга бус харилцаанд хэн нэг ажилтан, албан хаагч оролцсон байвал цалинг нь арав дахин өсгөж торгох мэтээр тусгасан байгаа. Энэ чухал хууль УИХ-ын хаврын чуулганы хэлэлцүүлэгт орно гэж бодож байгаа. иргэдэд хүрэх мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар сайн байршуулаарай, тэдний саналыг авах хэрэгтэй гэж би холбогдох газруудад нь захисан.
-Сайн хууль болно байх гэдэгт итгэлтэй байна. Ажлаас өөр, чөлөөт асуултууд байна. Та нэгэнтээ Булганы Гурванбулагийг "Хуучнаар Архангайн, манай аймгийн сум юм шүү” гэж байсан. Архангайн аль суманд өсч төрөв, аавын гэр, хүү-хэд насаа дурсахгүй юу?
-Би Цахир сумын буюу хуучнаар Далай Чонхор вангийн хошууны хүү дээ. Ер нь Хангайн нурууны төгсгөл, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймагтай хиллэдэг. Архангай аймгийн хамгийн хойд талын сум. 18 нас хүртэл нутаг усандаа өсч, бойжлоо. Аав, ээжээсээ арвуулаа, би малчны хүүхэд. Дээрээсээ гурав дахь нь. Ах маань Хангайн бүстээ аваагүй шагналгүй, алдарт малчин бий.
-Дүү нарыгаа та хэрхэн залав даа?
-Бид заавал нэгнээсээ хараат биш, тус тусдаа биеэ дааж явах хүмүүжилтэй өссөн шиг санагддаг. Ерөнхийдөө амьдралаа хэрхэн өрнүүлэх талд ах нартайгаа зөвлөлдөөд гаргасан чиг бидэнд байдаг л даа. Арван хүүхдийн тав нь дээд боловсролтой. Бусад нь хөдөө. Энэ нийгэмд хүн чаддаг юмаа л хийх ёстой гэж би боддог. Хөдөө байгаа ах дүү нар маань фермерийн аж ахуйтай. Тэд бүгд малаа нийлүүлээд, толгойгоор нь хувилаад ашиг шимээ авч, амьжиргаагаа залгуулах хэрэгтэй юм байна гэж аль 1995, 96 оноос шийдээд ажилласан. Нутаг маань Тэрхийн голын эх учраас жалга болгоноосоо устай тул мал их сайхан өссөн. Зарим хэсгийг хүмүүсээр маллуулна. Өөрсдөө ч бага хэсгийг нь анхаарч, өсгөж бойжуулдагдаа.
-Ямар тохиолдлоор Японд сурахаар болсон бэ?
-Би 1989 онд Японд, 1996 онд АНУ-д сураад ирж байлаа. Жилд хоёрхон хүүхэд Япон руу сургуульд явуулах боломжийн нэг л надад олдсон юм. Японд очоод буутал таксины нь хаалга автоматаар онгойгоод, ороод суутал цагаан бээлийтэй, халзан толгойтой жолооч байлаа. "За энэ ч явдалтай нөхөр байна даа..." гэж бодоод л... Цуг очсон нөхөртэй маань бид-нийг хүлээж авсан Монгол талын хүн дагуулж дэлгүүр хоршоо орж, хувцсыг маань нимгэлж, тэнд сурч мэдэх аянаа эхлүүлэв. Ингээд ерөнхийдөө их онигоо багатай, би бол. Тэнд сурахаар очсон хүмүүс хэрхэн будилж байсан талаар зөндөө л юм бий, бид ярилцаж хөхрөлддөг юм. "Говь" үйлдвэр ашиглалтад орж байлаа. Ноолуурын-хаа будгийг нефтиэс гаргаж авдаг юм шүү дээ. Энэ учраас би нефтийн химийн чиглэлээр сурсан юм. Хүрч ирээд дамжлагын ажилтнаас эхлээд л явсан. Тэр үеэр Монголд ардчилсан хувьсгал өрнөж байлаа. Эхнээс нь л би оролцож байлаа. "Говь" дээр Монголын ардчилсан холбоо-ны салбарыг байгуулаад даргыгаа уурлуулж байв. Талбай дээр Баабарын "Бүү март,
мартвал сөнөнө" гэсэн нийтлэлийг хэвлэсэн танилцуулгыг нөхөдтэйгөө зөөж гүйгээд л, тараагаад л явж байлаа.
-Бизнесээ хэдийнээс эхэлсэн юм бэ?
-Ардчиллыг дэмжээд явж байх тэр үед эхнэр болох хүн маань хойно сурч байлаа. Бас инженерийн мэргэжилтэй л дээ. Оюутан байхаасаа мэргэжлийн чиглэлийн хүрээний сургалт, уулзалтаар л танилцаад, дотносоод байсан хэрэг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Эхнэр авна, гэрээ бэлтгэх хэрэгтэй болно оо доо. 1991 он болтол үнэхээр инженерийн боловсролтой, япон хэлтэй хүн бараг байдаггүй байсан. Зургаа дахь нь л би байв. Хүн төрөлхтний 90 гаруй хувийнх нь замнаж байгаа зах зээл, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгмийг Монгол Улс сонгосноор Японтой харилцаа эрс сайжирсан. IV цахилгаан станц, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж бүхэнд Японоос хөрөнгө оруулахаар байлаа. Энэ ажилд цуг төгссөн хоёр нөхрийн хамт орчуулга хийсэн. Ам.доллараар хөлсөө авч байлаа. Дараахнаас нь цуг Японд сурсан дөрвөн нөхрийн хамт "Бриж групп"-ыг байгуулаад ажилласан. Өнгөрсөн хугацаанд бидэнд зарчмын том зөрчил, маргаан гарч байгаагүй. Гэхдээ бага сага үл ойлголцол байлгүй яахав. Ямартай ч, өнөөдөр хүртэл ажил маань гялалзаж байна. Энэ группэд би хувь эзэмшдэг. Бид "Хувийн эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг дээдэл" гэсэн уриатай.
-Та Ц.Сэдванчиг гишүүнтэй их найз харагддаг?
-Оюутан үеийн найз, олон жил үерхлээ дээ. Биесээ сайн мэднэ. Жинхэнэ дутуу дутуугаа нөхөж явдаг найзууд даа. Энэ парламентад байгаа хүмүүс нийтийн зүгээс ямар ч үнэлэмж авч, янз бүрээр хэлэгддэг ч салбар бүртээ л сайн ажилласан, хөдөлмөрлөсөн,түүнийхээ үнэ цэнийг мэддэг хүмүүс. Яг энэ нь миний найз, тэр нь биш гэх юм байхгүй дээ. Бид ажил хийж байгаа, ямар асуудалд хэн гишүүн илүү бодитой хандаж байна вэ, түүнийг дэмжиж, дэлгэрүүлэхийн тулд ажиллана. Түүнээс бусад шалтгаанаар тал тохой татах ёсгүй, шаардлагагүй шүү дээ.
-Улс төрд яваа хүний хувьд амьдралдаа хамгийн их гутарч, харамсаж байсан үе байх уу?
-Амьдрал өдөр тутам гэнэ сэрэггүй, алдаа оноо, болох болохгүйгээр дүүрэн байдаг. Миний өөрийн философи бол "Амьдралын болохгүйг мартаад унт, өглөө урагшаа хар" гэдэг зарчим. Гэхдээ надад дандаа бодогддог нэг зүйл байдаг юм. 2000 онд би УИХ-ын сонгуульд өрсөлдөөд уначихдаг юм аа. 13-уулаа өрсөлдөөд Т.Ганди гишүүний араас хоёрдугаарт орчихдог юм. Тэр үед нэлээд хэдэн салбар компанитай болчихсон байлаа. Тэр чиглэлээрээ дараа нь ажил, амьдралаа явуулах гэхээр энэ Төрийн албан хаагчид чинь МАХН-ын гишүүн юм уу, хаашаа ч юм. "Аа, нөгөө Соцдекийн Ганхуяг, , Ардчилсан намын Ганхуяг..." гээд л янз, янзаар дарамталдаг байлаа. Тэр үед маш хэцүү байсан. Олон хоног архи, дарс уусан даа. Ингэж бизнесийнхнийг алаг үзэж, ер нь эрх чөлөөтэй, хүнийг үзэл бодол, шашин шүтлэг, улстөрийн сонголтоор нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн заалт маань хаана ч уланд гишгэгдэж байдгийг би их боддог юм. Өнөөдөр тусламжийн бараа ирсэн ч хорооны дарга бол "Аа, тэр Ардчилсан намыг дэмждэг айл..." гээд өгөхгүй л байх жишигтэй.
-Та архи хэр хэрэглэдэг вэ?
-Бизнес хийхэд, залуу явахад шаардлага гарна даа. Тэр үед ажлын нөхцөл маш хүнд байлаа. Тааруухан үед хэрэглэчихдэг тохиолдол байлгүй яахав. Ер нь зохих хэмжээнд л хэрэглэнэ.
-Япон боловсролтой залуусын тоог нэмэх хүрээнд та санаачилж, ажиллаж байна уу?
-Миний ажлын чиглэлийн нэг нь энэ зорилго юм шүү. Баянзүрх дүүргээс арав гаруй залууг тийш сургасан. Төрийн ажлын хүрээнд бол 2007 онд Ерөнхийлөгчийг Японд айлчлахад 100 хүүхэд сургах асуудлыг шийдүүлсэн. Одоо хэрэгжээд явж байгаа байх. Сая Элчин сайдын яамтай хамтраад Байгалийн шинжлэх ухаан, техник технологийн чиглэлээр суралцагсдын тоог нэмэх шийдвэр гаргаад, "Шинэ Монгоп" сургуульд түрүүчийг нь бэлдээд эхэллээ. 2008-2012 онд парламентын хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргаад ирлээ. Энэ хугацаанд Японы техник, технологиор дэлхийн том худалдан авагчдын нарыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан. Үүнтэй холбоотой гэрээг, хоёр улсын Засгийн газар хийх ёстой. Технологийн хөгжил бол өөрөө хүний хөгжил юм шүү дээ
-Р.Буд гишүүний саналаар замын компаниудад олгохоор УИХ-аас дэмжсэн 11.5 тэрбумыг сая Төсвийн байнгын хорооны хуралдаанаар буцаахад та "Тэр саналыг дэмжсэн гишүүн, татгалзсан гишүүний нэрсийг сонинд дурайтал гаргасан байна лээ. Ер нь нууцлал байх ёстой" гэсэн. Яагаад тэгж хэлсэн бэ?
-Тийм ээ, би тэгж хэлсэн. Энэ бол хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хаалттай байя гэсэн ухагдахуун биш. Яахав, бид ард түмний дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс. Гэтэл дөнгөж маргааш нь л Р.Буд гишүүний саналыг дэмжсэн 26 гишүүний нэр гараад л, Авлигатай тэмцэх газраар шалгуулъя гэж байгаа юм. Хамгийн гол нь би дөрөв, таван ч удаа зам тавьж үзсэн. Том машин механизмаар доод талыг нь ухна, шороо чулуугаа мөн л том машин механизмаар зөөнө. Ерөөсөө л замыг бензинээр тавьж байна гэсэн үг. Гэтэл үнэндээ бензиний үнэ өссөн л байхгүй юу. Яахав ээ, төсөв хүнд хэцүү үед хойшлуулж, хасч бололгүй л яахав. Гэтэл энэ компаниуд 10-20 жил явчхаад өнөөдөр дампуурчихвал Монголд асар их гарз хохирол гэдгийг би мэдэж байна. Дарга нар очоод зам тавьж чадахгүй. 2007, 2008 онд манайд нэг ч мм зам тавиагүй. Төр нэг гараараа дэмжинэ гэчхээд нөгөө гараараа дампууруулаад байна гэдэг чинь өчигдөр хийсэн ажлынхаа үнэ цэнийг баллаж байгаа дүн юм. Би өөрөө энэ салбарыг мэддэг, олон сайхан аавын хүүг барилга, зам дээр ажиллуулж байсан хүний хувьд зовлон нь нүдэнд харагдаад л байсан. Түүнээс надад өөр шалтаг, шалтгаан байхгүй ээ.