С.Бямбацогт: Төр арилжааны банкуудыг дэмжээд байна гэж ойлгож болохгүй
-Чуулганаар харилцах дансанд баталгаа гаргах тухай хууль батлагдлаа. Дансанд мөнгө хуримтлагдах зэргээр нааштай үр дүн гарна гэдэгт та итгэлтэй байна уу?
-Урьд нь бид хад гал амжид баталгаа гаргачихсан. Харилцах дансандаа 682 тэрбум төгрөгийн үлдэгдлээс 200 гаруй сая долларын үлдэгдэлтэй байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд харилцах данс баталгаа байхгүй болохоор эрсдэлээс сэргийлээд мөнгөө татах, эргүүлээд хадгаламжид шилжүүлэх үйлдлүүд гарч харилцах дансны үлдэгдэл багасч байгаа.
Банк санхүүгээ эрүүл байлгаж байж эдийн засгаа дэмжих ёстой. Энэ үүднээсээ ч хадгаламжид баталгаа гаргасан шигээ харилцах дансандаа баталгаа гаргаач ээ гэж Олон улсын валютын сан зөвлөсөн. Энэ ч гэсэн яг эдийн засгийн утгаараа зөв. Иймээс л харилцах
дансны үлдэгдэлд баталгаа гаргалаа.
-Асуудлын сөрөг үр дагаврыг хэр тооцоолсон бэ. Бас хэдэн сарын дараа энэ хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах гээд сууж байх юм биш биз?
-Наад асуудлыг чинь бас бодох хэрэгтэй. Ямар нэгэн эрсдэл байж болно. Нэг банкнаас зээл авчхаад нөгөө талаа харилцахдаа ч юм уу, хадгаламжиндаа хийгээд баталгаа гаргуулчих зэрэг асуудал үүсч магадгүй. Иймээс хуулийг хэрэгжүүлэх явцдаа хууль хэрэгжүүлдэг Монголбанк, Засгийн газар, арилжааны банкууд сайн анхаарч ажиллах ёстой. Хуулийг хэрэгжүүлэх журмадаа эрсдэлийн асуудлыг тодорхой суулгах хэрэгтэй.
-Харин иймээс л төр бүх хариуцлагыг өөр дээрээ авчихаж байгаа юм шиг харагдаад байна?
-Гэхдээ баталгаа гаргаж байгаа ч гэсэн арилжааны банкууд эрсдэлээ хүлээнэ шүү дээ. Харин түүнээс давсан хэмжээнд нь төр оролцоно л гэсэн утга явж байгаа. Тэр утгаараа төр бүхнийг өөр дээрээ авчихна гэж ярьж болохгүй. Нөгөө талдаа яах аргагүй ард иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн хуримтлуулсан хөрөнгө, капиталыг төр энэ хүнд үед хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ л биелүүлж байна гэж ойлгож болно. Сүүлийн 18 жилийн турш жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж ярьсан. Тэгсэн мөртлөө хөгждөггүй. Үүний гол шалтгаан нь зээлийн хүү, хадгаламжийн хүү өндөр байгаа явдал. Баталгаа гаргаж байгаа нь арилжааны банкыг дэмжээд байгаа юм биш шүү. Харин банк санхүүгийн системээ л тогтвортой байлгах гэж байгаа хэрэг. Ер нь банк санхүүгийн системээ тогтвортой, эрүүл байлгаж байж цаашдаа эдийн засгаа дэмжинэ гэсэн л агуулгаар явж байгаа юм.
Төрөөс дэмжлэг үзүүлж байхад арилжааны банкууд нийгмийн хариуцлагаа гүн ухамсарлаж зээлийн болон хадгаламжийнхаа хүүг бууруулах талаас нь ажиллах ёстой. Хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёр бол харилцан уялдаатай. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвараараа шүү дээ. Өнөөдөр банкууд бодлогогүй, орон сууц, тэтгэвэр, цалин, мал барьцаалан зээл олгох гэхчлэн дандаа хөнгөн хэлбэрээр ашиг олох талд нэлээд ажилласан. Энэ бодлогоо ч өөрчлөх хэрэгтэй. Үнэхээр үйлдвэрлэлийг дэмжсэн бага хүүтэй зээл гаргаж эхлэх цаг болсон. Бага хүүтэй зээл гаргаад эхэлбэл бага хүүтэй хадгаламжийг татах ёстой.
Харин өндөр хүүтэй хадгаламж татаад байвал тэр хэмжээгээр зээл өгөх асуудал бол үргэлжилнэ. Энд бас төрийн оролцоо хэрэгтэй. Үүнийг бид ярьж байгаа.