2009.03.11

Ц.Даваасүрэн: Шинэ хороо чадварлаг байг бүрэлдэхүүнээс ажлаа эхлэх ёстой

Засгийн газрын бүтцэд шинээр нэмсэн үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо уржигдар нээлтээ хийсэн юм. Энэ нь улсын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийх байгууллага юм. шинэ хорооны талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар хэлэлцэх үед Үндэсний хөгжил, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн яам, агентлаг байгуулах хэрэгтэйг та санал болгож байсан. Энэ асуудал удсан ч ажил хэрэг боллоо. Удирдлага, боловсон хүчийг хир оновчтой  сонгосон гэж бодож байна вэ?

-Сүүлийн гурван жилд монголчууд бид бурханаас заяасан нутгийнхаа хишгээр мөнгөтэй байж үзлээ. Энэ мөнгөө эргээд хөгжилд түлхэц өгөх, мөнгө бий болгох чиглэлд эдийн засгийн оновчтой бодлогод зөв зар-цуулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед эдийн засгийн хөгжлийн далайц, хурдцаа төр нь гүйцэж сэтгэж, бодлогоор хөтөлж чадаагүй. Яагаад гэвэл түүнийг хийх бүтэц нь байсангүй. Эдийн засгийн бодлогыг дунд, урт хугацаанд тооцож, тодорхойлж төлөвлөх эдийн засгийн инститүсгүй явж ирсэн. Уг нь бий болох хөрөнгийг юунд зарцуулах чиглэлийг зөв гаргаад өгчихвөл хуваарилалт нь тодорхой, үр дүнтэй болох байсан. Өнгөрсөн хуга-цаанд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр нь хөгжлийн бодлогын баримт бичгээс давчхаад эдийн засаг бий болсон хөрөнгийг эцсийн үр дүнг * нь тооцоогүй чиглэлд, зөвхөн ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялалт байгуулах зорилгоор зарцуулж ирсэн гэвэл хилсдэхгүй. Уг нь улс орны урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг агуулгаар намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдвөл улс орны хөгжил, ард түмний амьдралд хэрэгтэй байх байсан. Шинээр байгуулсан хороог зөв аваад явбал алдаагаа цаашид засаж залруулахад хэрэгтэй. Зөв авч явах, удаан оршин тогтнох эсэх нь өөрийн чинь асуусан боловсон хүчний асуудалтай шууд холбоотой.

Шинэ хорооны даргатай Японд хамт сурч байсны хувьд онолын болон судалгааны арга, техник эзэмшсэн зөв хүнийг сонгосон гэж бодож байна. Удирдлага нь хамтарч ажиллах багаа өөрөө сонгох биз. Улс төрийн томилгоо, хуваарилалтад өртөхгүй гэж найдаж байна. Энэ хороо бол хөгжлийн толгой, зүтгүүр хэсэг нь байх ёстой. Цаашид гадаадын санхүү, эдийн засгийн байгууллагуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан, оюуны өндөр чадвар-тай хүмүүсийг хангамж, цалингийн асуудлыг нь тусгайлан шийдээд урьж ажиллуулах хэрэгтэй. Тэдний тус одоо хэрэгтэй, энэ боломжоо ашиглаж бид хөгжинө. Том баялгаа бид өөрсдөө ашиглаж чадахгүй, нөгөө хэд нь амьдрахын эрхээр гадаадад ажиллаж байна шүү дээ.

-Шинэ хороо ажлаа юунаас эхлэх ёстой вэ?

-Хүндхэн ажлыг хийх чадвартай, туршлагатай баг бүрдүүлэхээс ажлаа эхлэх ёстой. Хөгжлийн хорооны цаашдын хувь заяаг энэ багт ажиллах хүмүүс л шийднэ. Нийгэм.эдийн засаг, салбаруудын хөгжлийн төлөвлөлт, судалгаа хийж, санал зөвлөмж боловсруулна гэдэг тийм амар ажил биш. Сэтгэл гаргаж сайн ажиллаарай гэж захих байна. хийх ажил маш их байгаа. Ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хямрал,'валютын нөөц, ханш болон үнэ, мөнгөний асуудал гээд шийдлээ хүлээсэн маш олон зүйл бий.

-Хороо нь агентлагийн төвшнөөс яамдтай харилцахад ямар нэг хүндрэл гарах болов уу. Сайд нар нь томроод байж магадгүй шүү дээ?

-Ерөнхий сайдын дэргэдэх гэдэг утгаараа салбар хоорондын зохицуулалтаа хийж болох байх. Иймд Ерөнхий сайдын анхаарал, дэмжлэг маш чухал. Нөгөө талаар салбарын ажлын туршлагагүй, мэргэжилтний боловсруулсан саналуудаас өөртөө аятайхан сонсогдсоныг нь сонгож, ярьж суудаг мэргэжлийн бус зарим сайдын ажилд нь хэрэгтэй. Мэргэжлийн бус хүн салбарын үндсэн агуулга, ач холбогдлыг ухаарч, язгуураар нь бодож, сэтгэж алсын хараатай бодлого томъёлж салбарын хөгжлийг авч явна гэж байхгүй л дээ.

-Манай орны онцлогт тохирсон өөрийн гэсэн хөгжлийн загвар алга гэж олон хүн ярьдаг. Энэ ч тус хорооны хийх ажлын нэг байх. Ямар загвар байх ёстой юм бол?

-Өөрсдөө бодож олох гэж цаг алдаж, хөрөнгө үрж байснаас бусдын сайн туршлагыг өөрийн хөрсөнд тохируулж, зөв хуулсан нь дээр. Тухайлбал, Азийн орнуудыг харахад хөгжлийн буурай төвшиндээ улс төрийн хувьд хатуу чанга, эдийн засгийн хувьд зохицуулалттай байгаад хөгжлийн төвшин дээшлэх хэрээр улс төр, эдийн засгийн ардчиллыг хөгжүүлэх жишээтэй. Ер нь боловсролдоо хөрөнгө зарцуулсан улс орнууд л хөгжиж байна шүү дээ. Наад захын боловсрол, амьдрах арга ухаан, ур чадвар суулгаж байж мөнгө өгвөл тэр хүн мөнгийг амьдралдаа хэрэгтэй зарцуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, . эхлээд хүмүүсээ хөдөлмөрч бүтээлч сэтгэлгээтэй, амьдрах ухаантай болгож байж хийсэн бүтээснийх нь төлөө мөнгө өгдөг. Манайх шиг мөнгө амлаж, бүтээлч сэтгэлгээгүй болгож хүмүүжүүлэхгүй байна. Боловсролын нэг гол үүрэг бол амьдрах арга ухаан, ур чадварыг нь нээж өгөх байдаг. Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлагыг харахад боловсрол олгох замаар ядуурлаас гарах чиглэл рүү явж байна.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа өндөр чадвартай иргэнээ хангамж, цалингийн асуудлыг шийдэж хүчийг нь ашиглаж хөгжье гэж та ярилаа. Ийм яриа нэлээн өрнөДөг ч ажил хэрэг болж байсангүй. Үүнийг шийдэх ямар арга зам байна вэ?

-Яриагаа ажил хэрэг болгох нь амжилтад хүрэх гол үндэс гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ энэ тал дээр хүчин чармайлт дутаад байна. Удахгүй би хэдэн гишүүний хамт оюуны өндөр чадвартай, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг эх оронд нь авчирч ажиллуулахад шаардагдах хангамж, цалингийн асуудлыг нь шийдэхэд зориулсан сан байгуулах хуулийн төсөл санаачилж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Тал талаасаа хүчин чармайлт гаргаад үзэцгээе.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.