Д.Ганхуяг: Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах нь чухал
Ээлжит бус чуулганы хуралдаан завсарлаж зарим гишүүн тойрогтоо ажиллаж байгаа. Харин УИХ дахь Монгол-Японы парламөнтын бүлгийн гишүүн 3. Энхболд, Д. Ганхуяг, Г. Зандаишатар, Я.Батсуурь, Ж.Сүхбаатар нар Япон улсад айлчлаад иржээ. Айлчлалын зорилго, үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд томилолтоор ажиллаад ирсэн байна. Ямар шугамаар яваад ирэв ээ?
-Япон улсын энхтайвны "Сасакава" сангийн шугамаар яваад ирлээ. Парламентын бүлгийн энэ айлчлал цаашид жил бүр зохиогдох юм. Бид энэ үеэр Япон улсын парламентын хоёр танхим дахь Япон-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй хэд хэдэн удаа ажил хэргийн уулзалт хийсэн. Уулзалтын зорилго нь 2004-2008 онд хийгдсэн болон үргэлжилж байгаа ажлын явцыг дүгнэх, 2008-2012 онд парламентын зүгээс ямар ажил санаачлан хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Өөрөөр хэлбэл, энэ дөрвөн жилийн хугацаанд хийх ажил тодорхой болсон гэсэн үг. Түүнчлэн бидний ярилцаж тохирсон зүйл хоёр орны парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар, Гадаад харилцааны яамдад хүргэгдсэн байх ёстой.
-Тухайлбал, ямар ажил санаачилсан талаар товчхон танилцуулахгүй юу?
-2005 онд Японы Гадаад хэргийн яамны урилгаар парламентын бүлгийн гишүүд Японд айлчлах үеэр зарчмын дөрвөн асуудлыг ярьж тохирсон юм. Үүнд, жил бүр парламентын бүлгийн гишүүд харилцан айлчлах, иргэд хувийн хэвшилд суурилсан харилцааг идэвхжүүлэх тухай тусгасан байсан. Түүнээс гадна, Японы шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2004 оноос эхлэн манай парламентын бүлгээс Японы талд чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ( ЭЗТХ) байгуулах санал тавьсан. Харин тэд хоёр орны хооронд хувийн хэвшилд суурилсан шууд хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ бага байгаа учраас хөтөлбөр байгуулсан нь дээр гэсэн.
-Тэгвэл ирэх дөрвөн жилд ямар ажил хэрэгжүүлэхээр хэлэлцэв?
-Монгол Улсын шилжилтийн үе үндсэндээ дуусч, тогтвортой хөгжлийн шат эхэлж буйтай холбогдуулан Засгийн газрын шугамаар зээл, тусламж олгохын зэрэгцээ хувийн хэвшилд суурилсан харилцан ашигтай хамтын ажиллагаанд шилжихийг зорьж байна. Дэлхийн санхүүгийн хямралын нөлөөллөөс Монголын эдийн засагг гарч буй хүндрэлийг гэтлэн давах хийгээд нэгэнт хамтын хүчээр буй болгосон ардчиллыг улам бэхжүүлэхэд манай орны хувьд гурав дахь хөрш болох Япон улсаас дэмжлэг авах асуудлыг ч ярилцсан.
-Тодорхой санаачилсан төсөл, арга хэмжээнүүд мэдээж бий байх?
-Цөмийн энергийг эрчим хүчинд ашиглах асуудал бий. Тухайлбал, ураны ордуудыг ашиглах тал дээр ОХУ, Япон, Монгол гурав хамтарч ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм. Япон улс эрчим хүчнийхээ 35-40 хувийг цөмийн энергийн эрчим хүчээр хангадаг. Цөмийн энергийг ашиглах атомын цахилгаан станцын технологиороо дэлхийд тэргүүлж яваа шүү дээ. Үүнээс гадна, газрын ховор элемент, зэс, төмрийн хүдэр, нүүрс зэргийг эхний ээлжинд олборлох, улмаар Японы өндөр технологид тулгуурлан хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тус улсын үндэстэн дамжсан корпорациудын борлуулалт худалдааны сүлжээнд оролцох нөхцөлийг судална.
Японы хувьд кокс, зэс, газрын ховор элемент, ураны шар нунтагын дэлхийн хамгийн том хэрэглэгч. Коксын хэрэгцээ нь Хятадынхаас 13, Солонгосоос 4-5 дахин илүү. Ер нь түүхий эд экспортлох нь эрсдэлтэйгээс гадна, буурай хөгжилтэй орнуудын хийж байгаа ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
Мөн уул уурхайн салбарын хөгжлийн угтвар Hex-Lien болох ОХУ-аар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцлийг нэн яаралтай хугацаанд сайжруулах чиглэлээр ОХУ, Япон улстай хамтарч ажиллах хэрэгтэй. Хятадын дотоодын тээврийн ачаалал их байгаагаас шалтгаалан Монгол Улс тэднээр дамжуулан ашигт малтмалаа бусад орон руу тээвэрлэх боломжгүй байгаа. Тийм ч учраас маш хямдхан үнээр хоёр хөрш рүүгээ гаргасаар байна. Харин Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга энэ чиглэлд сайн ажиллаж байна. Би энэ талаар Японд явахаасаа өмнө уулзаж санал, солилцож даалгавар авсан л даа.
-Цахилгаан станцын талаар яригдсан зүйл байгаа талаар та дурьдаж байсан. Үүнийг тодруулахгүй юу?
-Улаанбаатар хот орчмын бүс нутгийн эрчим хүчний тогтвортой хангалтыг сайжруулах, Хятадад эрчим хүч экспортлох зэрэг зорилгоор Японы хөгжлийн албан ёсны тусламж болон хувийн хэвшлийн оролцоотойгоор дулааны цахилгаан станц барих боломжийг судална. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал юм. Манайд ажиллаж байгаа цахилгаан станцуудын техник, технологи үнэхээр хоцрогдсон. Бүтээмж нь Австрали, Япон зэрэг хөгжилтэй орнуудынхаас 2-3 дахин дор байна шүү дээ. Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийд дээгүүрт орж байна. Иймээс хүнд хоргүй, байгаль орчинд халгүй, хаягдал гаргадаггүй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх нь юунаас ч чухал. Ашигт малтмал ихтэй мөртлөө хөгжөөгүй орны гол алдаа нь тэргүүний технологи, менежмент нэвтрээгүйгээс гадна олон улсын илдод хариуцлагатай уул уурхайн зарчмаар яваагүйтэй холбоотой.
-Японы хөнгөлөлттэй зээлээр олон улсын онгоцны буудал баригдахаар болсон. Энэ ажил юу болж байгаа вэ?
-Барих нь ч яах вэ, барьдаг байж. Анхаарах зүйл бий л дээ. Уг буудлын орчныг Улаанбаатар хотын дагуул хот болгон хөгжүүлэх, ирээдүйн бүс нутгийн зангилаа нисэх буудал, олон улсын хамтын ажиллагааны төв болгох чиглэлээр тогтмол санал солилцож байхаар ярилцсан байгаа. Барьсны дараахь ашиглалт, түүний менежментийг одооноос бодох нь чухал. Одоогийн МИАТ-ийнхээр бол хол явахгүй байж магадгүй. Тиймээс хөгжилтэй орнуудын иргэний агаарын тээврийн компаниудыг хувь эзэмшүүлж нээлттэй компанийн хэлбэрээр зохион байгуулж чадвал мөн ч сайнсан. Энэ нь хаанахын ч менежментийн багаар удирдуулснаас хамаагүй дээр хувилбар.
-Мэдээж нисэх онгоцны буудал баригдсан тохиолдолд аялал жуулчлалын асуудал ч хамт яригдах байх?
-Тийм ээ, үүнтэй холбогдуулан Монголын Дорнод бүс нутагт органик хүнсний том масштабын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамтран зохион байгуулах тухай асуудал бий. Том онгоцны буудал баригдахтай холбогдуулж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зохистой бодлого ч үгүйлэгдсээр байна. Бас нэг жижиг гэмээр боловч том асуудал нь 00-ийн асуудал. Үүнийг орон даяар зохистой шийдмээр байгаа юм. Аялал, жуулчлал хариуцсан яам нь хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажилламаар байна. Энэ асуудал үнэхээр гадны жуулчид төдийгүй Монголчуудыг ч хүндрүүлж байгаа. Ер нь энэ дөрвөн жилд гадаадаас дэвшилтэд техник, технологийг Монголд нутагшуулах зорилтыг хэрэгжүүлэх нь чухал.
-Саяхан болсон түншлэгч орнуудын уулзалтын үеэр Япон улс манай opонд зээл тусламж олгох тухай амласан байгаа. Энэ асуудлаар ярилцсан зүйл бий юу?
-Жижиг дунд үйлдвэрт зориулсан хоёр шаттай зээлийн хоёр дахь ээлж 150-200 сая ам.долларын асуудлыг нилээд их хөөцөлдсөн. Тэгээд ч өнгөрсөн долоо хоногт Японы талаас өмнөх зээлийнхээ үр дүнг дүгнэхээр албаны хүмүүс нь ирсэн. Жилийн 0.75 хүүтэй, 40 жилийн хугацаатай уг зээл арилжааны банкаар дамжих учраас улсын төсөвт ачаалал өгөхгүй. Өмнө нь ийм нөхцөлтэй зээлийг УИХ-аас шахсаар байж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд жилийн 12 хувийн хүүтэй олгуулахаар болсон. Ойролцоогоор 15 дахин өндөр хүүтэй гэсэн үг. Ингэхээр л дотор эвгүй оргидог юм. Хурдхан тэр хөгжлийн банкийг байгуулмаар байдаг. Одоо энэ зээлийг Засгийн газрын зүгээс Японд хурдхан шиг айлчлаад гарын үсэг зураад авах нь зүйтэй. Өдрөөс өдөрт зээл олдох нь хомсдоод, хүү нь өндөр болоод иргэд, компаниуд хэцүүдлээ гээд яриад л байгаа. Бас дээр нь төгрөгийн ханш унаад байна.
-Эцсийн дүндээ Япон улстай ЭЗТХ байгуулах нь танай бүлгийн гишүүдийн хувьд чухалд үзэж байгаа асуудал гэж ойлгож болох уу?
-Хэрэв хоёр орны хооронд ЭЗТХ байгуулагдвал арван жилийн үндсэн хөтөлбөр болон дээр дурьдсан бүх зорилтуудыг агуулах учир энэ нь хамгийн том зорилт юм. Монгол Улс хөгжилтэй орнуудтай ЭЗТХ байгуулах нь хөгжлийн гарц. Ингэснээр тэргүүний, технологи, менежмент гээд бүхий л сайн зүйл манайд нэвтэрнэ. Үндэсний аюулгүй байдалд ч томоохон ач тустай.