Европын холбооны орнуудтай холбож өгөх боломж бидэнд байна гэв
Манай оронд айлчилж байгаа Болгарын Ардын Хурлын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Соломон Пасси тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр бараалхав.
Монгол, Болгарын найрамдал өнө эртний түүхтэй, хоёр орны ард түмэн олон жилийн турш найрсаг харилцаж ирсэн. Тиймээс бие биендээ тусалж дэмжих, цаашид улам нягт хамтран ажиллах талаар аль аль тал нь хүчин чармайлт гаргаж ирсэн, гаргаж ч байгаагийн нэг тод илрэл нь өнгөрсөн хоёр жилд хоёр улсын Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны айлчлал юм гэдгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалт ярианы эхэнд тэмдэглэлээ.
Болгарын парламентын төлөөлөгчдийг Монгол оронд айлчлах боломж олгосон явдалд УИХ-ын даргад талархаж буйгаа ноён Соломон Пасси илэрхийлээд "Монгол Улс хоёр хөрштэй бол Болгар Улс Европын холбоонд гишүүнээр элссэнээр 27 шинэ хөрштэй болсон. Монгол Улс Европын холбоотой ойртон нягтрахад анхаарах хэрэгтэй юм. Олон жилийн найрсаг харилцаатай эртний андын хувьд танай орныг Европын холбооны орнуудтай холбож өгөх боломж бидэнд байна" гэхэд УИХ-ын дарга "Их сайхан санал байна. Бид боломжийг ашиглахын төлөө чармайх болно. Харин Европын холбооны өндөр шалгуурын төвшинд хүрэхэд та бүхэн туслаарай" гэлээ. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах орчин үеийн техник, технологи бүхий үйлдвэр байгуулах, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах ихээхэн боломж байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглэлээ.
Монголын 500 орчим иргэн Болгарын их, дээд сургуульд суралцаж төгссөн, 3000-аад хүн мэргэжил дээшлүүлсэн, одоо 30 орчим монгол залуу Болгарт суралцаж байгаа нь хоёр орны харилцааг улам өргөжүүлэх бааз суурь юм гэдгийг ноён Соломон Пасси онцлоод "Манайд Америкийн нэртэй сургуулиуд үүд хаалгаа нээгээд байгаа. Европын холбоонд элссэнээр манай дээд сургуулийн диплом шинэ хөрш 27 оронд хүчинтэй болсон. Иймээс манай их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг сургах өргөн боломжтой" гэдгийг дурдав.
Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлал ихээхэн үр дүнтэйг талууд уулзалт ярианы үеэр онцлоод цаашид парламентын бүлгэм, байнгын хороод, Тамгын газар хооронд мэдээлэл солилцох, ажлын арга туршлагаа хуваалцах замаар хамтын ажиллагааг улам ойртуулахад санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалт ярианы үеэр ноён Соломон Пасси УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг тааламжтай цагтаа Болгар улсад айлчлахыг урив. Болгарын парламентын төлөөлөгчдийг мөн өдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Д.Дондог, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр нар хүлээн авч уулзаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.