Транзит тээврээс жилдээ 600 сая ам.долларын ашиг хүртэнэ
Монгол Улсын хөгжлийн гарц транзит тээвэр гэж дүгнэж байна. Яагаад гэвэл, аливаа улс оронд дэд бүтэц тэр дундаа зам хөгжлийн түлхүүр нь. Гол нь олон улсын чанартай болгон хөгжүүлбэл эдийн засагт том түлхэц өгнө гэж “Транзит Монгол” олон улсын чуулганд оролцсон Солонгос, Япон, Орос, Герман, Канад, Хятад, Казахстан зэрэг зургаан орны зам тээвэр, барилга хот, байгуулалтын салбарын төлөөлөгчид дүгнэж байсан юм. Монголд анх удаа болж буй энэхүү чуулганыг нээж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Ази Европыг холбосон худалдааны томоохон “торгоны зам” гэж байсан шиг өнөө үед эдийн засгийн хувьд ашигтай, цаг хугацаанд хэмнэлттэй нь транзит тээвэр юм. Дэлхий дахин даяаршиж буй үед транзит тээврийг хөгжүүлбэл уул уурхайн бүтээгдэхүүнийг авто зам, төмөр замаар тээвэрлэх боломжтой болж байгаа юм” гэв.
Чуулганаар Монгол Улсын зам тээврийн салбарын хөгжлийг тодорхойлох, үнийг бууруулах, Ази Европыг холбосон хамгийн дөт маршрут гаргах зорилготой гэнэ. Өнөөгийн байдлаар Азиас Европ руу, Европоос Ази руу чиглэсэн тээврийн дийлэнх хувь нь 45 хоногийн хугацаагаар далайн замаар тээвэрлэдгээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг аж. Харин Азиас Европ руу төмөр замаар ачаа тээвэрлэн туршиж үзэхэд 12 хоногийн хугацаа зарцуулагдсан аж. Төлөөлөгчдийн хувьд Монголд транзит тээвэр хэрхэн хөгжих, хөрөнгө оруулалтыг хаана хийвэл харилцан ашигтай байх, өөрсдийн зүгээс үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар халуухан яриа өрнүүлэх гэж зорьж ирсэн нь илт байлаа. Учир нь, хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд ашигт малтмалын их нөөцтэй ч тээвэрлэх талдаа “тааруухан”. Тиймээс Зүүн Ази-Европыг холбосон тээвэр хөгжүүлбэл дан Хятадад экспортлохоос Солонгос, ОХУ, Какахстан улсад ч нийлүүлэх боломж гарч байгаа юм. Энэ бол дан ганц Монгол Улс гэлтгүй энэ бүс нутагт оршин буй бүх улсад хамаатай юм хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд хэлж байсан юм.
Транзит хөтөлбөр монголчуудад боломж олгоно
“Транзит Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд манай улс аймаг, сумдыг таван бүсэд багтаан бүсчилсэн. Энэ бүсчилсэн аймгуудад худалдаа, тээвэр хөгжихөд гол үүрэгтэй авто замыг тавьсны хамгийн алдартай нь бидний мэдэх Мянганы зам. Энэ нь транзит тээврийн гол зам гэсэн. Эхний ээлжинд бодлогыг нь зангидан, чиглэлийг нь гаргах “Худалдаа, тээвэр хөгжүүлэх үндэсний хороо”-г байгуулан Засгийн газраар өнгөрсөн тавдугаар сард батлуулаад авч. Энэ хорооны үүрэг нь худалдааны тээврийг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаадынхны давуу талыг ашиглах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 2008-2010 онд судалгаа, шинжилгээ хийж, 2012-2015 бодит ажил болгоно гэж төлөвлөж байгаагаа дуулгаж байв. Харин хөрөнгө оруулалтын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хандивлагч, донор орнудын зээл, тусламжаар бүтээх гэнэ. Монгол Улсын хувьд олон улсын шинж чанартай 49250 км авто зам байдгаас хатуу хучилттай зам нь 2597 км байдаг аж. Үүнээс сайжруулсан нь 1902 км. Энэ замаар жилдээ 210 мянган тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн судалгаа ч байдаг аж. Цаашдаа бүх замаа хатуу хучилттай болгон хөгжүүлбэл транизит тээврийн эхлэлээ тавьсан гэсэн үг. Эхний ээлжинд Ази-Европыг холбосон А4, А3, Ан32 зам, дараа нь үлдснийг нь хатуу хучилттай болгоно гэж ЗТБХБЯ-хан төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, 1100 км урттай А3 замыг хурдны зам болгон өөрчлөхөд 228 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах хэдий ч жилдээ 30-40 сая тн ачаа тээвэрлэвэл зардлаа төвөггүйхэн нөхчих гэнэ. Хоёр их гүрний дунд орших манай улсын хувьд энэ том боломж. Хурдны замаа таван жилийн хуга¬цаанд барин, зам дагуу амралт, худалдааны 20 цэг байгуулах аж. Ямар ч гэсэн хэтийн төлөвлөгөөгөөр авто замын хувьд 2015 он гэхэд 2,5 сая тн ачаа тээвэрлэнэ гэж үзэж.
Засгийн газар хоорондын “Төмөр замын” гэрээг шинэчлэх ёстой
Харин төмөр замын хувьд манайх босоо ганц тэнхлэг замтайгаас гадаад худалдааны ачаа тээвэр¬лэлтээс өөр гавих зүйлгүй. Тиймээс олон улсын чанартай болгож, ачаа тээвэрлэлтийг нэмэхийн тулд хоёр урсгалтай болговол хямраад байгаа өнөө үед “хонгилын үзүүрт гэрэлтэх гэрэл” болно. Гэхдээ энэ үг биеллээ олтол бас л удна. Учир нь, манай улсын төмөр зам нийт бараа 60 гаруй хувийг гүйцэтгэдэг. Энэ нь Оростой харь¬цуулахад 20 хувиар бага хэдий ч манайдаа бол харин ч хөдөлж байгаа нь их юм гэнэ. Түүнчлэн Таван толгой, Оюутолгой, Нарийн сухайт зэрэг ордны нүүрсийг Хятад руу экспортлох боломжтой. Гэхдээ нөгөө л төмөр замын маань хүчин чадал бас нөөц чадавхи нь хүрэхгүй. Уг нь, энэ ордуудыг холбон ажиллаж чадвал жилдээ хэдэн сая ам. долларын ашиг “аваад” сууж байх юм. Энэхүү судалгаагаа ирэх сарын 14-15-нд дэлгэрэнгүй танилцуулна хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Адриан Рутенбург хэлж байсан. Түүний энэхүү санааг ч АНДЭЗНК-ын Тээврийн хэлтсийн тээврийн логистикийн асуудал хариуцсан дарга Г.Р.Карандавал дэмжин “хамгийн гол нь хөтөлбөрөө ард түмэндээ хэрхэн өгөөжтэйгээр хэрэгжүүлэх вэ гэдгээ анхаарах ёстой. Үүний жишээ Лаос улс гэхэд л далайд гарцтай хэдий ч тус улсад ядуурал буурахгүй байна” гэж зөвлөгөө өгч байв. Ер нь, Монголын төмөр замын салбарт техник технологийн шинэчлэл, уртасгах нэн шаардлагатай байна гэдгийг ч “Оросын төмөр зам” НХН-ийн дэд ерөнхийлөгч В.Н Морозов хэлж байсан юм. Тэрээр” УБТЗ-ыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг шинэчлэх, эдийн засгийн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөөн бий болгох, одоогийн сүлжээг өргөжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай юм” хэмээв.
Авто замын сүлжээ 32, төмөр зам 28 орноор дамжин өнгөрөх гэнэ
ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ хэлснээр транзит тээврийн сүлжээг бий болгохын тулд 141,0 км авто замын сүлжээгээ 32 оронтой, төмөр замын 81,0 километрийг 28 оронтой холбох гэнэ. Зөвхөн төмөр зам гэхэд л Хятад, Монгол, Орос, Белорусь, Польш, Германы гаалиар дамжин өнгөрөх аж.
Ингэснээр дэлхий дахинд жилдээ 30 тэрбум тонн ачаа тээвэрлэж байгаагийн нэг хувийг буюу 30 сая тонн нь Монгол улсаар дамжин өнгөрвөл ойролцоогоор 60 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоо гараад байгаа аж. Гэхдээ энэ “боломж”-ийг авахын тулд эхлээд тээвэрлэлтийн хугацааг богиносгох, үнэ бууруулах, худалдааны байгууллагуудад хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлаар төлөөлөгчид ярилцан зөвшилцөх юм. Тиймээс чуулганд оролцсон төлөөлөгчид “Транзит Монгол” тунхаглал гаргасан юм.
Уг тунхаглалд Ази-Европыг холбосон хуурай газрын дамжин өнгөрөх чингэлэг, тээврийн чиглэлийг Монгол Улсаар дайруулан өнгөрүүлэх, хурдын зам төмөр зам барихад хөрөнгө оруулж, хамтран ажиллах. Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг алс холын Сибирь рүү экспортлоход шаардлагатай дэд бүтцийг эдийн засгийн харилцан ашигтайгаар байгуулах гэх мэт таван зүйлийг дурдсан байлаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын худалдаа, тээврийг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх санал, санаачилгыг нь дэмжихийг ч уриалсан юм. Ямар ч гэсэн уул уурхайгаас хараат байсан манай улс транзит тээврээс дээр хэлсэнчлэн ашиг олж, эдийн засаг, нийгмийн хүндхэн асуудлаа төвөггүйхэн шийдэх бололцоо “ирээдүйн хэт”-д харагдаж байна.