Транзит тээврээс жилдээ 600 сая ам.долларын ашиг хүртэнэ
Монгол Улсын хөгжлийн гарц транзит тээвэр гэж дүгнэж байна. Яагаад гэвэл, аливаа улс оронд дэд бүтэц тэр дундаа зам хөгжлийн түлхүүр нь.
Гол нь олон улсын чанартай болгон хөгжүүлбэл эдийн засагт том түлхэц өгнө гэж “Транзит Монгол” олон улсын чуулганд оролцсон Солонгос, Япон, Орос, Герман, Канад, Хятад, Казахстан зэрэг зургаан орны зам тээвэр, барилга хот, байгуулалтын салбарын төлөөлөгчид дүгнэж байсан юм. Монголд анх удаа болж буй энэхүү чуулганыг нээж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Ази Европыг холбосон худалдааны томоохон “торгоны зам” гэж байсан шиг өнөө үед эдийн засгийн хувьд ашигтай, цаг хугацаанд хэмнэлттэй нь транзит тээвэр юм. Дэлхий дахин даяаршиж буй үед транзит тээврийг хөгжүүлбэл уул уурхайн бүтээгдэхүүнийг авто зам, төмөр замаар тээвэрлэх боломжтой болж байгаа юм” гэв.
Чуулганаар Монгол Улсын зам тээврийн салбарын хөгжлийг тодоройлох, үнийг бууруулах, Ази Европыг холбосон хамгийн дөт маршрут гаргах зорилготой гэнэ. Өнөөгийн байдлаар Азиас Европ руу, Европоос Ази руу чиглэсэн тээврийн дийлэнх хувь нь 45 хоногийн хугацаагаар далайн замаар тээвэрлэд¬гээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг аж. Харин Азиас Европ руу төмөр замаар ачаа тээвэрлэн туршиж үзэхэд 12 хоногийн хугацаа зарцуулагдсан аж. Төлөөлөгчдийн хувьд Монголд транзит тээвэр хэрхэн хөгжих, хөрөнгө оруулалтыг хаана хийвэл харилцан ашигтай байх, өөрсдийн зүгээс үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар халуухан яриа өрнүүлэх гэж зорьж ирсэн нь илт байлаа. Учир нь, хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд ашигт малтмалын их нөөцтэй ч тээвэрлэх талдаа “тааруухан”. Тиймээс Зүүн Ази- Европыг холбосон тээвэр хөгжүүлбэл дан Хятадад экспортлохоос Солонгос, ОХУ, Какахстан улсад ч нийлүүлэх боломж гарч байгаа юм. Энэ бол дан ганц Монгол Улс гэлтгүй энэ бүс нутагт оршин буй бүх улсад хамаатай юм хэмээн Дэлхийн банкны мэргэжилт¬нүүд хэлж байсан юм.