2009.05.14

Монгол Улс ачааны 1000 галт тэрэгтэй болов

ОХУ-ын Төмөр замын нээлттэй хувьцаат нийгэмлэгийн дарга И.В.Якунин өчигдөр манай улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирлээ. Энэ үеэр Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай «Монголиан транс ложистик» компанийн ОХУ-аас өөрийн хөрөнгөөр худалдаж авсан 1000 ачааны галт тэргийг хүлээж авах ёслолын ажиллагаа болсон юм.

Ёслолын ажиллагаанд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, ОХУ-ын Төмөр замын нээлттэй хувьцаат нийгэмлэгийн дарга И.В.Якунин, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын дарга В.Отгондэмбэрэл, «Монголиан транс ложистик» компанийн захирал М.Сүхбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга «...Энэхүү 1000 ачааны галт тэрэг орж ирснээр Улаанбаатар төмөр замын транзит тээврийн ачааллыг багасгах төдийгүй ажлын бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн эдгээр галт тэрэг нь Улаанбаатар төмөр замыг ашиглан уул уурхайн компаниудад транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ нь Улаанбаатар төмөр замаар хувийн компанийн галт тэрэг явах боломжтой гэдгийг харуулж байгаа явдал юм» хэмээн онцоллоо. Салбарын холбогдох удирдлагууд үг хэлж, тууз хайчилснаар ёслолын ажиллагаа эхэлж, 1000 галт тэрэгний төлөөлөл Улаанбаатар төмөр замын зорчигчдын тавцангаас хөдлөв.

Ёслолын ажиллагааны дараа ОХУ-ын Төмөр замын нээлттэй хувьцаат нийгэмлэгийн дарга И.В.Якунин Улаанбаатар төмөр замын тусгай өрөөнд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр «...Манай хоёр улсын Засгийн газар хоорондын төмөр замын хамтарсан компани байгуулах шийдвэр нэгэнт гарсан. Монгол Улс, ОХУ-ын хамтарсан энэхүү компани нь шинээр байгуулагдаж байгаа учир одоо байгаа дэд бүтцийг хөгжүүлэх, шинээр байгуулах ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай. Мөн удахгүй болох Улаанбаатар төмөр замын 60 жилийн ойн баярт манай тал бэлдэж байна» хэмээн ярьсан. Мөн «Мянганы сорилтын сангаас Улаанбаатар төмөр замд өгөх гэж байсан 188.38 сая ам.долларын буцалтгүй тусламжийг танай тал авахгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ» гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр «Орост нэг сайхан зүйр цэцэн үг байдаг. «Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг» гэж. Үнэгүй юм авна гэдэг хэзээд дараа нь түүнээс илүүг өгдөг. Би хувьдаа хэзээ ч хүнээс үнэгүй юм авдаггүй. Тэгэхээр танд ч гэсэн ингэхийг зөвлөе» гэсэн. Харин «Монгол Улс 1990-ээд оноос Улаанбаатар төмөр замд 130-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Харин танай талаас дээрх мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөөр дүрмийн санг нь зузаатгана гэсэн яриа бий. Ийм боломж бий юу» гэсэн асуултад «Манай улсад бас нэгэн зүйр цэцэн үг байдаг. «Хүсэл гэдэг бол мянган боломж, татгалзал бол мянган шалтгаан» гэдэг үг бий. Энэ талаар Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай ярилцаад цаашид харилцан тэнцүү хөрөнгө оруулалттай байхаар тохиролцсон. Манай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ч гэсэн үндсэн хөрөнгийг хоёр талаас гаргаж байхаар шийдвэрлэсэн. Өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтууд дараа дараагийн хэлэлцээрээр тодорхой болно. Хэрэв үнэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдвол нэг талаас ярина, үгүй бол нөгөө талаас ярих болно» гэсэн ширүүхэн хариултыг өгсөн юм. ОХУ-аас худалдаж авсан дээрх 1000 ачааны галт тэрэг нь нийтдээ долоон сая ам.лолларьш өртөгтэй бөгөөд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дэмжлэгтэйгээр зах зээлийн боломжит ханшаар авсан гэдгийг «Монголиан транс ложистик» компанийн захирал М.Сүхбаатар мэдэгдсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.