Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал барих төслийн ажил эхэллээ
2009.06.19

Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал барих төслийн ажил эхэллээ

Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих барилгын ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанитай өчигдөр гэрээ байгуулав. Гэрээнд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, зөвлөх талаас “Oriental Consultants” компанийн төлөөлөгч Нисэх буудлын төслийн ахлах менежер Кекуо Ватанабе, Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Мөнхжаргал, “Azusa Sekkei” компанийн төлөөлөгч Oсаму Харагучи нар өчигдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсад шинэ нисэх буудал барих талаар өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш ярьсан. Тэгээд Монгол Улсын засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны банктай “Улаанбаатар хотод олон улсын нисэх буудал байгуулах төсөл” хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр тус банкнаас 28 тэрбум 807 сая иений хөнгөлттэй зээл авахаар болсон. Уг зээл 40 жилийн хугацаатай бөгөөд эхний 10 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм байна. Зээлийн хүү нь жилийн 0.2 хувь байх гэнэ. Шинэ нисэх буудал байгуулахад Японы “Azusa Sekkei”, “Oriental Consultants” компаниуд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажээ. Тэд эхлээд шинэ нисэх буудлын зураг төсөл гаргана. Мөн барилгын ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендрийн бичиг баримтыг боловсруулах юм. Үүнээс гадна барилга барих үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавих ажээ. Зөвлөх үйлчилгээ энэ оны наймдугаар сард эхэлнэ. Тэгээд ондоо багтааж бичиг баримт боловсруулах, зураг төслийн ажлаа хийх аж. Ингээд ирэх жил гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж 2015 оны наймдугаар сарын сүүлч гэхэд шинэ нисэх буудал ашиглалтад орох юм байна. Хэрэв үр бүтээлтэй шуурхай ажиллаж чадвал 2-6 сарын хугацаа хожих боломжтой ажээ. Шинэ нисэх буудал барих төсөл удааширсан шалтгаан нь УИХ-ын сонгууль, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөс болсон байна. Энэ нисэх буудал хүчин чадлын хувьд “Чингис хаан” нисэх буудлаас дөрөв дахин их, жилд 1.7 сая зорчигч хүлээн авч 18100 нислэгт үйлчлэх ажээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хоёр компанийн төлөөлөгч “Бид бусад оронд хэрэгжүүлж ирсэн өөрийн дадлага туршлагыг бүрэн гаргаж ажиллахаа та бүхэнд амлаж байна” хэмээн мэдэгдэв.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан нисэх буудлын аэрдром ашиглалт, цаг агаарын ямар ч нөхцөлд бэлэн байдал 95 хувиас дээш байхаар зохион байгуулахыг зөвлөдөг. “Чингис хаан” нисэх буудалд хийсэн судалгаанаас үзэхэд агаарын хөлгийн буулт, хөөрөлт зөвхөн нэг талаас нь гүйцэтгэж байгаа. Энэ нь нисэх буудлын урд талын өндөр уулс, салхины чиглэлтэй холбоотой ажээ. Мөн өвөл арван хоёр, нэгдүгээр сард утаанаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж нисэх буудлын бэлэн байдал 80-83 хувь болон буурдаг байна. Бас хаврын улиралд болон 4-7 сар хүртэл салхи баруун хойноос нисэх буудлын зурвасын дагуу хүчтэй салхилж нисэх буудлын ашиглалт буурдаг ажээ. Ингээд Улаанбаатараас 50 км зайд Хөшигтийн хөндийд шинэ нисэх буудал барих болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.