Мардайн төмөр замыг УИХ-ын зөвшөөрөлгүй худалджээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Мардайн төмөр замын талаархи мэдээллийг сонслоо. Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг дахь Чингисийн далан өртөөнөөс Мардай тосгон хүртэлх төмөр замын талаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ЗТБХБ-ын сайдад асуулт тавьсны дагуу холбогдох байнгын хороодын хуралдаан дээр ТӨХ-ын мэдээллийг сонсож байгаа юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хулалдаан дээр ТӨХ-ны газрын дарга Д.Нанзаддорж Мардайн төмөр замын талаар мэдэгдэл хийв. Түүний танилцуулсчаар бол Чингисийн далан өртөөнөөс Мардай тосгон хүртэлх 128 километр төмөр замын 34 километрийг нь Дэд бүтцийн сайдын зөвшөөрлөөр хуулан авч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг сэлбэгийн зориулалтаар ашиглажээ. Үлдсэн 93 кило-метр замыг нь байнгын харуул, хамгаалалттай байлгаж байгаад 2006 онд хувийн компанид худалджээ.
Энэ хугацаанд гурван удаагийн хээрийн түймэрт уг төмөр зам өртөж дэр мод нь бүрэн шатаж, рейс, бэхэлгээ, холбогч төмрүүд нь гулзайсан гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс уг төмөр замыг ашиглах боломжгүй гэж үзэн хувьчилсан гэж ТӨХ-ны түшмэл тайлбарлалаа.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув. Л.Гүндалай гишүүн ТӨХ-ны мэдээллийг хангалтгүй байна хэмээн шүүмжлээд, Мардайн төмөр замын юу нь болохгүй болоод худалдсан юм, энэ нь зөв байсан юм уу гэдэгт хариулт өгсөнгүй гэлээ.
ТӨХ-ын бэлтгэсэн албаны танилцуулгаасаа илүү мэдээлэл өгч чадсангүй. 4 километр төмөр замыг хуулж төмөр рейс, бэхэлгээний материалыг нь Оросын нут-гаар дамжуулан Салхит өртөөнд авчирсан, уг төмөр зам гурван газраар түймэрт шатсан, харуул хамгаалалтад их зардал гаргасан тул зарсан гэсэн үгээ л давтаж байв.
УИХ-ын гишүун П Алтангэрэл хэдхэн хоногийн өмнө Дорнод аймагт ажиллаж Мардай тосгоноос Чингисийн далан өртөө хүртэлх төмөр замыг нүдээр үзсэн бөгөөд 2006 онд хувьчлах үеийн тодорхойлолт шиг гулзайн, ашиглах аргагүй болж чанар нь муудсан зүйл огт байхгүй байгааг хэллээ. Тэрээр, 93 километр төмөр зам гэдэг хоёр давхар байшин биш. Ийм том объектийг 440 сая төгрөгөөр зарах ямар үндэслэл байв, үнэлгээг нь хэрхэн хийв гэдгийг ТӨХ-ны газрын дарга Д.Нанзаддоржоос тодруулав.
Уг төмөр замын үнэлгээг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэсэн гэхээс өөр хариуг ТӨХ-ныхон хэлсэнгүй.
Мардайн төмөр замыг хувьчлах үед ган хамгийн өндөр үнэтэй байсан гэдгийг ч П.Алтангэрэл гишүүн онцоллоо. Тиймээс 100 шахам километр төмөр замыг бодит үнэлгээгээр багаар бодоход гурван тэрбум төгрөг болно гэдгийг эрхэм гишүүн хэлэв.
Л.Гүндалай гишүүн тачир-хан ургамалтай хээрийн түймэрт төмөр замын шатаж рейс төмөр нь гулзайсан гэдэг нь үнэмшилгүй сонсогдож байна гээд энэ төмөр замыг ямар үндэслэлээр, хэрхэн худалдсаныг шалгаж нягтлах ажлын хэсэг байгуулахыг санал болголоо.
Д.Одхүү гишүүн, тухайн үед УИХ зарчмын хувьд төмөр замыг хувьчлахгүй гэсэн бодлогыг барьж байсан. Гэтэл энэ төмөр замыг хувьд худалдсан нь буруу. УИХ-аас баталсан хувьчлах обьектын жагсаалтад ороогүй байгаа нь анхаарал татаж байна гэлээ. Гурван жилийн өмнө Чингисийн далан өртөөнөөс Мардай тосгон хүртэлх төмөр замыг худалдах үед төмөр замын инженерүүд, эрдэмтэд эсэргүүцэп илэрхийлж, мөн уг төмөр замыг худалдан авах сонгон шалгаруулалтад өрсөлдсөн компаниуд ч будлиантай зүйл олон байгааг эсэргүүцэж маргаан үүсгэж байсныг Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд сануулав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, төрийн өмчийг хувьчлалаас гадуур худалдсан нь эргэлзээ төрүүлж байгааг хэллээ. Мөн энэ төмөр замыг төр эргүүлж авах боломж бий эсэхийг лавлав. Мардайн төмөр замыг эргүүлж авах тохиол-долд төр хувийн компанитай хэлэлцээний ширээний ард суух болно гэдгийг ТӨХ-ныхон хэллээ.
Дорнод аймгийн нутаг Чингисийн далан өртөөнөөс Мардай тосгон хүртэлх төмөр замыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хувийн компанид худалдсан асуудлын хууль эрх зүйн үндэслэлийг тодруулж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тогтоол гаргахаар боллоо.