128 км төмөр замын талаар дахин хэлэлцэнэ
2009.07.09

128 км төмөр замын талаар дахин хэлэлцэнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гаригийн хуралдаан боллоо. /2009.07.08./


Хуралдаанаар Дорнод аймгийн нутагт байдаг Мардай-Чингисийн далангийн хооронд оршдог
 Мардайгаас ураны хүдэр тээвэрлэж байсан 128 км төмөр замыг хэзээ, хэнд худалдаж, хувьчилсан талаар Төрийн өмчийн хорооны мэдээллийг сонссон юм. Энэ талаарх асуулгыг Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Шинэбаяр тавьсан байв.

Төрийн өмчийн хорооны газрын дарга Нанзаддорж Мардайн төмөр замын асуудлаар гишүүдэд доорхи мэдээллийг хүргэлээ.
Мардай-Чингисийн далангийн төмөр замыг Засгийн газрын 1999 оны арваннэгдүгээр сарын 17-ны 180 дугаар тогтоолоор татан буулгаж хуулж авах шийдвэр гаргасан байна. Ашиглалтгүй удсан төмөр замаас 37 км нь хээрийн түймэрт өртөж, холбоос төмрүүд нь гулзайн муудаж, ашиглах боломжгүй болсон байна. Мөн нэлээд хэсэг нь хулгайд алдагдсан гэнэ. Иймд огт үр ашиггүй алдсанаас худалдах нь дээр гэж үзээд, төмөр замыг буулгахаар болсон аж. Тухайн үеийн Дэд бүтцийн сайдын тушаалаар 2000-2002 онд УБТЗ-ын Баянтүмэн тасгаас зам хуулах ажил хийжээ. УБ Төмөр зам 131-134 км зам, салаа замыг хуулан авч 4000 гаруй тонн зам төмрийг ОХУ-ын хилээр гаргаж, буцаагаад Салхит өртөө рүү шилжүүлсэн байна. Ер нь нийт 240 сая төгрөгөөр замыг хуулжээ. Дээрх төмөр замыг тавиад 23 жил болсон, дэр модны эдэлгээний хугацаа 2001 онд аль хэдийнэ дууссан байж. Тиймээс модыг дахин ашиглах боломжгүй болсон байна. Түймэрт өртсөн 37 км замыг хуулах гэхээр крантай вагон явах боломжгүй байсан тул 34 км-ийг хуулж, үлдсэнийг ашиглах аргагүй гээд үлдээжээ. 2006 оны гуравдугаар сард Ажлын хэсэг гарч, Чингисийн далан өртөөний барилга, дамжуулах хэсгийг төрийн өмчид шилжүүлсэн байна. Нийт 160 сая төгрөгөөр үнэлсэн аж. Түүнчлэн 93 км төмөр замыг 430 сая төгрөгөөр үнэлж ашиглах боломжтой хэсгийг худалджээ. Харуул хамгаалалтын цалин, бусад өртгийг хасч 78 сая төгрөгийг улсын төсөвт тусгахаар болсон байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр Дорнод аймгаас сонгогдсон гишүүн П.Алтангэрэл саяхан газар дээр нь очоод ирсэн тухайгаа ярьж байв. Тэрээр, яг үнэндээ болохоо больсон зүйл бараг үгүй. Хадаас, холбоосны 30 орчим хувь нь л алга болсон гэнэ. “Төрийн өмчийн хорооноос хийж байгаа мэдээллээс газар дээрээ бол байдал хамаагүй дээр байсан” гэж тэрээр хэлж байлаа. Төмөр замыг дахин ашиглах боломжтой байсан гэж тэрээр үзэж буйгаа ч мэдэгдсэн.
Харин “Төмөр замын даланг худалдаагүй, зөвхөн дэр мод, хадаас, рейлс төмрийг зарсан. Төмөр замыг сэргээхэд 17 сая төгрөг хэрэгтэй. Өртөө, зангилааг сэргээж, дэр мод зэргийг шинэчлэх шаардлагатай” гэж Төрийн өмчийн хорооныхон үзэж байна.
Энэ бүх нөхцөл байдлыг цаашид нэмж тодруулах шаардлагатай тул асуудлыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.