Д.Ганхуяг: Хувийн мөнгөнөөс илүү улсын эрх ашиг гэж байдаг юм
2010.01.18

Д.Ганхуяг: Хувийн мөнгөнөөс илүү улсын эрх ашиг гэж байдаг юм

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, П.Алтангэрэл, С.Бямбацогт, Г.Занданшатар нар Таван толгойн ашиглалт, төмөр замын асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан билээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай уулзлаа.

-Та хэд асуулгынхаа хариултаа бичгээр авсан гэсэн. Энэ асуудал нийгмийн анхааралд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Маш товчхон байр сууриа илэрхийлбэл "Хувийн мөнгөнөөс илүү улсын эрх ашиг" гэж байдаг юм гэж хэлмээр байна. Улсын эрх ашгийн тухайд тэр мухар төмөр зам тавих нь үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой. Үүнийг нотлох хангалттай үндэслэл ч бий.

-Тэр үндэслэлээ тодотгохгүй юу?

-Таван толгойн ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн. Энэ улсын төсвийн хайгуулын зардал өнөөгийн ханшаар 250 сая ам.доллараас доошгүй гэдэг нь бараг тодорхой. Таван толгойн нөөц, коксжих нүүрс нь 1.78 тэрбум тонн, эрчим хүчний нүүрс нь 4.64 тэрбум тонн байна. Одоогийн байдлаар ийм боловч энэ нөөц 20-30 хувиар нэмэгдэх боломжтой. Нэг тонн коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ өнгөрсөн онд 150 орчим, энэ нүүрсийг боловсруулсан коксны үнэ 350 орчим ам.доллар байсан. Манайхан өнгөрсөн нэг тонн нүүрсийг үсрээд л 57 ам.доллараар гаргасан байх. Өнгөрсөн гурван жилийн дундаж үнэ 40 доллар хүрвэл их юм. Энэ нь манай нүүрсний хувьд урд хөршөөс өөр худалдан авагч одоогоор байхгүй, өрсөлдөөнгүй учраас дэлхийн зах зээлийн үнийн бараг гуравны нэгээр экспортолж байна гэсэн үг.

-Тонныг нь 57 ам.доллараар биш дэлхийн зах зээлийн үнээр борлуулбал нэлээд их хэмжээний ашиг олохоор байна?

-Өнөөгийн дэлхийн зах зээлийн үнийн гуравны нэг орчмоор энэ ордыг ашиглах хугацаанд 1.78 тэрбум тонн нүүрсийг нэг тонныг нь 57 ам.доллараар борлуулна гэвэл 101.5 тэрбум долларын борлуулалтын орлого олохоор байна. Үүнээс нэг тонноос 15 ам.доллар буюу 27 хувийн ашигтай гэвэл, нийт 27.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллах болно. Хэрэв коксжих нүүрсийг өмнөд хөршид, мөн хоёр хөршөөр дамжуулан бусад орнуудад экспортлох нөхцөл бүрдвэл өрсөлдөөн үүсэж дэлхийн зах зээлд ойрхон үнээр raprax боломжтой болно. Ингэхэд өнөөгийн гадаад зах зээлийн ханшаар буюу 150 ам.доллараар борлуулна гэж үзвэл 267.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 135 орчим тэрбум ам.долларын ашиг олох боломж бүрдэнэ. Эндээс ойролцоогоор 4.5 дахин буюу 110 орчим тэрбум ам.долларын илүү ашиг олно. Энэ нь манай улсын ДНБ-ий 5.5 тэрбум ам.доллараас 20 дахин их хөрөнгө юм. Аж үйлдвэрийн парк байгуулаад гадаад худалдааны нэгдсэн бодлого баримталж экспортолбол нэг тоннын борлуулалтын үнэ 200 орчим ам.доллараар нэмэгдэж, үүний борлуулалт нь 178 орчим тэрбум ам.доллар, эндээс ойролцоогоор 90 орчим тэрбум ам.долларын ашиг манайд үлдэнэ гэсэн уг. Энэ орлого нөгөө иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгийн амлалтын 2.6 орчим тэрбум ам.доллараас 35 дахин их байна мүү өртөг үлдэнэ. Мөн металлургийн үйлдвэр хөгжих боломж бүрэн нээгдэнэ. Гэхдээ энэ тооцоонууд нарийвчлал тийм сайн биш ч гэсэн нуруу бол байгаа.

-Ухаа худаг Таван Толгойн ордын нэг хэсэг. УИХ-аар тэр гэрээг нь хэлэлцүүлэх ёстой юу?

Хууль хэрэгжүүлдэгсэн бол тийм. Энержи-ресурсын Ухаа худгийн зөвхөн коксжих нүүрсний нөөц 252 сая.тонн. Энэ нь нийт коксжих нүүрсний нөөцийн 14.2 хувь, дээр нь хамгийн чанартай, зардал багатай олборлох хэсэг юм. Одоогоор энэ ордыг гадны компанид түрээсэлж нэг тонныг нь 57 ам.доллараар гаргаж, нэг тонноос найман ам.долларын ашиг авахаар гэрээ хийсэн гэсэн албан бус мэдээлэл байна.
Нэг тонноос гарах ашиг нь ойролцоогоор 15 орчим ам.доллар гэвэл, 3.78 тэрбум ам.долларын ашигтай. Энэ нь манай ДНБ-ий 70 орчим хувьтай тэнцэнэ. Ухаа худгийн лицензийг 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Энержи-ресурс компанид өгсөн. Уг нь хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордод төр 50 хүртэл хувийг эзэмших, улмаар тэр гэрээг нь УИХ-аар батлах заалттай. Улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон Таван толгойн ордын лицензийг хурааж авлаа, энэ ком-анийн эзэмших хувийг дөрвөөс хэтрүүлэхгүй гээд байсан. Гэтэл 15 хувь болоод, бараг дөрөв дахин нэмэгдчихэж. Энэ нөгөө ам ажлын зөрүү байх аа. Энэ компани лицензийн төлбөрт 2006 оны байдлаар 714.82 мянган ам.доллар төлжээ. Ашгийн 3.78 тэрбум ам.долларын 35 орчим хувийг татварт төлнө гэж тооцвол, компанид үлдэх ашиг 2.46 тэрбум ам.доллар болно. Хөрөнгө оруулалтыг хасаад хоёр тэрбум ам.долларын ашиг гэвэл өмнөх лицензийн төлбөрөөс 3600 дахин их тооцоо гараад ч байх шиг.

За энэ ч яах вэ буянаараа болог. Энэ компанийн буруу биш ээ. Ер нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын лицензийг хүмүүс яаж ийгээд авчихаад байх юм. Тэгээд дамлаж худалдаад эсвэл хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгоод тэрийг нь төр эргэж худалдаж аваад, бас зарим нь дарчихаад авах эзэн хайгаад явж байх жишээний. Төр тэр компанитай хамтраад лицензээрээ ордынхоо баялгийг үнэлж хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож болно оо доо. Ер нь ашиглалтын лицензийг үнэгүй егдөг орон ховор. Уг нь дамлан худалдаж байгаа орлого нь төрд орох ёстой юм. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудаа нээлттэй уралдаант шалгаруулалтаар төр эзэмших хувиа авч үлдээд худалдмаар байна. Энэ нь шударга ёсонд нийцнэ. Хайгуул хийж, нөөц нь тогтоогоогүй мөртлөө лиценз авчихсан компаниудад зардлыг 5, 10 дахин нугалаад, эсвэл тендерт 10, 20 хувийн хөнгөлөлт өгч болно шүү дээ.

-Энержи-ресурс компанид төмөр зам тавих зөвшөөрлийг өгчихсөн шүү дээ?

-Хоёр ч билүү лицензийг 2008 онд компаниудад өгсөн. Гэтэл Төмөр замын тухай хуулийг 2007 онд баталсан. Энэ нь хуулинд нийцэхгүй байгаа. Темер замтай холбоотой төрийн бодлогыг УИХ тогтооно, тэр тогтоосон бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ гэж заасан. УИХ-ын тодорхойлох бодлого нь олон улсын хэмжээний төмөр зам, улсын хэмжээний төмөр зам, бүсийн хэмжээний төмөр зам, нийт төмөр замын сүлжээгээ тогтоох, эндээсээ улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийн тухайд төрийн мэдэлд байлгах эсэхийг шийдвэрлэх ёстой юм. Гэтэл УИХ-аас ийм шийдвэр гаргуулалгүй Таван толгойгоос Гашуун сухайтын боомт хүртэл татах төмөр замын лицензийг Энержи-ресурс компанид зүгээр өгчихсөн. Энэ нь асуудал болоод байх шиг байна. Энэ нь мухар төмөр замаар зөвхөн өмнөд хөрш рүү манай ашигт малтмал зөөвөрлөгдөнө гэсэн үг. Эндээс гарах үр дагаврын талаар л маргаан гараад байх шиг байна. Энэ сэдвээр мэтгэлцэх нь ч зүйтэй. Хэрэв Засгийн газар энэ чиглэлд төмөр зам барихаар шийдсэн юм бол лицензийг үнэгүй егөх нь утгагүй байсан. Зөөх ачаа нь бэлэн, тиймээс орд ашигласнаас ч илүү энэ төмөр замын тээврээр хөрөнгө оруулалтаа маш богино хугацаанд нөхөж ашиг олох боломжтой.

Дээр нь энэ орлого ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хамаарахгүйгээр тогтвортой байх болно. Албан бус мэдээгээр нэг тонн нүүрсний тээврээс 5 8 ам.долларын ашиг унана гэж байгаа. Тэгэхээр Зөвхөн Ухаа худаг биш, жижиг Таван толгой, том Таван толгой нүүрсээ энэ замаар жишээлбэл 500 сая тонныг зөөлөө гэж үзэхэд дөрвөн тэрбум ам.долларын орлого олно. Тиймээс төмөр замыг барихад зориулж гадны том банкууд уралдаад зээл өгч байна. Хэрэв лицензээ үнэгүй өгөөгүй бол компанийн энэ төмөр замаас авах ашиг төрд орохоор байсан нь харагдаж байгаа биз дээ.

-Тэгэхээр яах ёстой гэсэн үг вэ?

-Эхлээд төмөр зам байх нь дээр үү, эсвэл авто зам байх уу гэдгийг шийдэх ёстой. Миний бодлоор бол маш сайн авто зам байсан ч болох л байх. Учир нь өмнөд хөрш манай хилтэй найман чиглэлээр өөрийн төмөр замаа холбохоор бэлтгэл хийсэн гэсэн мэдээлэл бий. Нэг чиглэлд нь төмөр зам татаад өгчих юм бол бусдад нь адилхан байх ёстой болно. Өнөөдөр коксжих нүүрсээ түүхийгээр нь зөвхөн өмнөд хөрш рүүгээ гаргах юм бол, хойд хөрш ч, гурав дахь хөрш АНУ, Япон, Солонгос, Европын холбоо нь Монголоос түүхий коксжих нүүрс авах шаардлага байхгүй. Хятадаас боловсруулсных нь дараа коксоор авсан нь дээр. Тэр нь хамаагүй ойрхон учраас тээврийн зардал ч хямд тусна, нөгөө талаас дэлхийн хүн амын дөрөвний нэг орчимтой тэнцэх Хүн амтай оронтой сайн харилцаатай байхыг хүсэхгүй орон гэж байхгүй биз дээ. Ганц жишээ хэлэхэд өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид манай ноолуурын салбарыг бүрэн барьж байгаа. Нийт ноолуурын 70 хувийг самнасан ноолуур болгох хүчин чадалтай өмнөд хөршийн 65100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдсан байна. Тэд ноолуурыг зах зээл дээрээс нь хямдхан авчихаад самнаад дэлхийн зах зээлээс 15 орчим ам.доллараар хямдхан өөрийн орондоо экспортолж байна. Уг нь өмнө нь Монголоос самнасан ноолуурыг Англи, Итали, Япон бусад орнууд дэлхийн зах зээлийн ханшаар авдаг байсан. Тэгэхээр түүхий ноолуурын үнэ хямд байхаас өөр аргагүй байгаа биз. Энэ нь өмнөд хөршийн буруу биш ээ.

-Геополитик, даяаршил, интеграцчлал гээд яриад байгаа шүү дээ?

-Геополитик гэж газарзүйн байршлаа улсынхаа эрх ашигт нийцүүлж ашиглахыг хэлнэ байх. Дэлхийн интеграцийн бодлогод тав, зургаан орон л оролцож ирсэн. Тухайлбал АНУ, Хятад, Орос, Япон, Европын холбоо байна. Монголын хувьд энэ интеграцийн бодлогыг өөртөө тустай байдлаар ашиглах боломжтой. Энэ нь хоёр хөрш, нөгөө гурав дахь хөршүүдтэйгээ харилцах бодлого бага ч гэсэн ялгаатай байх ёстойг хэлээд байна. Монголын хувьд хоёр хөршийнхөө аль нэгээс эдийн засгийн хэтэрхий их хараат байх нь зохимжгүй. Өнөөдрийн байдлаар илэрхий хараат болсныг бид мэдэж байгаа. Хараат болохгүйн тулд гурав дахь хөршүүдийн хөрөнгө оруулалт чухал. Өмнөд хөршийн хувьд дэлхийн хэмжээнд нэр хүнд нь өсөж байна. Энэ нь ч тэдний бодлого. Тиймээс ашигт малтмалаа боловсруулж гаргасан нь дээр үү эсвэл түүхий эд бэлтгэлийн орон байх уу гэдгээ шийдмээр байна. Дээрх хоёр орноор дамжуулж коксжих нүүрсээ экспортлоход дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах боломж нээгдэнэ. Мөн боловсруулаад кокс үйлдвэрлэж экспортлохын эдийн засгийн ач холбогдлыг дээр хангалттай дурдсан. Ер нь ямар ч түүхий эдээс илүү улс орны хөгжилд, дэд бүтэц, эрчим хүчний нэгдсэн бодлого амин сүнс нь байдаг.

Тиймээс үүнийг хурдан хэрэгжүүлмээр байна. Боловсруулах аж үйлдвэрийн парк барихдаа хоёр хөршийн болон гурав дахь хөршийнхөө хөрөнгө оруулалтыг хамтатган татах ёстой. Үндэсний компаниудаа ч аль болох сайн оролцуулах хэрэгтэй. Эндээс Ашигт малтмалаа түүхийгээр нь зөөж болохгүй. Хэрэв аль нэг төмөр замаар зөвхөн өмнөд хөрш рүү зөөж эхлэх юм бол бусад боомтуудаар ч түүхийгээрээ урсана. Үүнийг зогсоох боломжгүй болно. Хэрэв Монголын хаа нэгтээ боловсруулах аж үйлдвэрийн парк байгуулбал Хятад, Оросын хөрөнгө оруулалт аяндаа ороод ирнэ. Гурав дахь хөршүүд ч хөрөнгөө уухайн тас оруулаад ороод ирнэ. Ингэснээр Монгол Улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдал баталгаажна гэж бодож байна.

Дахин хэлэхэд хэрэв коксжих нүүрсээ боловсруулахгүй зөвхөн урагшаа экспортлоод эхэлбэл манай боловсруулах аж үйлдвэрт бараг л гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхгүй болов уу. Өмнөд хөрш рүүгээ хямдхан гаргасаар байгаад л дуусна. Иймд улстөрчид Монгол Улсыг хөгжүүлж сүйд болдоггүй юмаа гэхэд энэ асуудлыг улс орондоо ашигтай байдлаар шийдэх хэрэгтэй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.