Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийг хэрэгжүүлбэл
Ой, усны сав газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хуулийг УИХ баталсан. Хууль энэ сарын 15-наас хэрэгжих учиртай ч одоо болтол бодит ажил болсонгүй. Уг хуулийг хэрэгжүүлснээр дээрх сав газарт олгоод байгаа бух лицензийг хүчингүй болгох юм. Хууль хэрэгжиж эхлэхэд эрх ашгийн зөрчил саад болсон гэх мэдээлэл байгаа. Хуулийн санаачлагчдын нэг болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.
-Уг хуулийн хамт тогтоол батлаад Засгийн газарт шилжүүлсэн. Хавсралт тогтоолын дагуу Засгийн газар хоёр журам боловсруулах ёстой. Үүнийг хүлээж байна. Хэсэг гишүүн энэ талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар сонссон. Засгийн газар "Хэрэгжүүлнэ" л гэсэн хариу өгч байгаа. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт замбараагүй олгосон лиценз, буруу үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийг хэрэгжүүлснээр арилгах боломж бүрдэнэ.
-Энэхүү хуульд шүүмжлэлтэй хавдаж буй хүмүүс бий шүү дээ?.
-Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл зогсох нь, гаднын хөрөнгө оруулагчид цөөрнө гэсэн шүүмжлэл байгаа. Гэвч үгүй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хувь нь л уг хуульд хамрагдана. Монгол хүний амьдрах, улс орон оршин тогтнохын гол үндэс болсон ой, усны сав газруудаа бид хамгаалах ёстой.
-Ой, усны сав газарт одоогийн байдлаар хэчнээн лиценз олгоод байна вэ?
-Засгийн газраас өгсөн мэдээллээр 1000 орчим хайгуулын, 280 орчим ашиглалтын лиценз олгосон байна. Хууль хэрэгжиж эхэлмэгц эдгээрийг бүгдийг нь цуцалж, үйл ажиллагааг зогсооно.
-Үүний төлөө тухайн компаниудад тодорхой хэмжээний нөхөн олговор төлөх байх хэмжээг тогтоосон уу?
-170 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор төлөхөөр байгаа. Уух ус, амьсгалах агаар, гишгэх газаргүй, байгаль орчин нь доройтоод хүн амьдрах боломж-гуй болчихвол ямар хэмжээний зардал гарах бол. Үүнийг 170 тэрбум төгрөгтэй харьцуулах ёсгүй шүү дээ.
-Хуулиар хориглосон бүсэд лиценз эзэмшиж буй компанийнхан, тэдний эрх ашгийг хамгаалдаг албан тушаалтнуудын зүгээс шахалт үзүүлж, саад хийхээр оролдож буй гэх мэдээлэл байна л даа. Танд ийм зүйл анзаарагдаж байнауу?
-Компаниуд, эрх мэдэлтнүүдийн зүгээс иймхандлага гарч байгаа, Манайд биенийгээ дэмждэг бүлэглэл бий. Тэд ч үүнийгээ ил зарлаж байгаа. Бүр чуулган дээр "Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлээд компаниудын ашигт малтмалын лицензийг хүчингүй болгох юм бол "нинжа" нарыг тийш нь оруулна шүү, бэлэн байгаа" гээд зарлаж буй гишүүн ч байна.
-Журам гаргахад саад болж буй нэг хүчин зүйл нь энэ мөн үү?
-Ингэж зарлаж байгаа нь "нэг юм" хэлж байна гэж үзэж болно биз дээ. Төр тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй байна. Тэднийг хариуцлагаас мулталж, хаацайлдаг эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүд байна. Засгийн газар усны хамгаалалтын сан бүхий газрын хилийн заагийг тодорхой болгоод дуусаж байгаа. Удахгүй журмаа батална гэж найдаж байна.