Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийг батлуулахын тулд Ц.Мөнхбаяртай хамтдаа дуу хоолойгоо өргөж явсан
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.02.11

Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийг батлуулахын тулд Ц.Мөнхбаяртай хамтдаа дуу хоолойгоо өргөж явсан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-Танай байнгын хорооны гишүүд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

- Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас боловсруулж өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг боловсруулах УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг, дэд хэсгүүд байгуулсан. Ажлын дэд хэсэг 70 гаруй удаа хуралдсан байна. Газар бол улс орны оршин тогтнох үндэс гэдэг утгаараа энэ хуульд маш их анхаарал хандуулж байгаа.  Уг хуулийг цаг хугацаанд баригдахгүйгээр чанартай боловсруулах нь хамгийн чухал. Зөрчилтэй асуудал цөөнгүй бий. Жишээ нь,  бэлчээрийг өмчлүүлэх үү, ашиглуулах үү  гэдэгт гишүүдийн санал зөрүүтэй байна. Мөн газар тариалангийн талбайг цаашид ямар хугацаагаар ашиглуулахыг шийдээгүй байна. Тиймээс хуулийг төслийг хэлэлцэж, болохгүй бол Засгийн газарт буцаах эсэхийг байнгын хорооны гишүүд ярилцана. Түүнчлэн манай байнгын хороо улаанбуудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжсэн. Өмнө нь хэрэгжүүлж байсан ажлын үргэлжлэл гэж хүлээж авах хэрэгтэй. Атрын аяныг хэрэгжүүлэх явцад гаднаас импорт зогсоогүй байсан. Газрын тухай хуулийг намрын чуулганы жагсаалтад оруулсан байсан. Хэлэлцэх асуудал олон учраас хойшлуулсан. Хаврын чуулганы хэлэлцэх асуултын жагсаалтад энэ хууль багтсан.

-Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бэлчээртэй холбоотой заалтыг хэрхэн оруулж байна вэ?

-Бэлчээрийг хэрхэн зохицуулах нь маш чухал. УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд бэлчээрийн асуудлыг нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор бэлчээрийг хувьчлахаас илүүтэй ашиглуулаад явсан нь дээр байх.

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлд байнгын хорооны гишүүд ямар үүрэг оролцоотой байна вэ?

-Энэ хуулийн төслийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар А.Бакей гишүүн ажиллаж байгаа. Зах зээлийн харилцаанд шилжснээс хойш даатгалын харилцаа хүрээгээ тэлж байна. Тээврийн хэрэгслээ даатгуулдаг шигээ л малчид малаа даатгуулдаг болох юм.

-Урт нэртэй хууль хэрэгжилтэд байнгын хороо ямар хяналт тавьж байна вэ. Энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу?

-Ой , усны сав газар ашигт малтмал эрж хайхыг хориглох тухай хуулийн тухай асууж байна. УИХ хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Энэ хуулийн төслийг санаачилж УИХ-аар батлуулсан гишүүний нэг нь би. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж би хувьдаа үздэг. Хууль хэрэгжиж эхэлснээр эерэг өөрчлөлтүүд маш олон гарсан. Тухайлбал, хууль хэрэгжиж эхэлснээр ширгэсэн олон гол, горхи сэргэсэн гэх мэдээллийг байгаль орчны чиглэлийн байгууллагууд өгч байна. Үүнээс харахад зөв хууль гэдэг нь тодорхой байна. Бид хэрэгжүүлээд явах ёстой. Компаниудад нөхөн төлбөр төлөх мөнгөтэй холбоотой асуудлууд бий. Ардаа олон тэг дагуулсан тоо байгаа.

Тиймээс тухайн компанийн нэхэмжлээд байгаа мөнгө бодитой юу, улсад хэр хэмжээний татвар төлсөн байгууллага вэ гэдгийг судлах шаардлагатай. Урт нэртэй хуульд хилийн зааг тогтоох  асуудлыг шийдвэрлээгүй байгаа. Намрын чуулган завсарлахын өмнөхөн Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа. Ингэснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ ихэсч валютын нөөцтэй болно. Нэгэнт эдийн засгийн хувьд сайжрах боломж гарчихсан учраас Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд заавал өөрчлөлт оруулах шаардлага байна уу үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа.

-Та сая компаниудад нөхөн төлбөр олгох тухай ярилаа. Зарим компани олборлолт явуулсан газраа нөхөн сэргээлт явуулаагүй учраас мөнгөн төлбөр төлөх ёстой гэж ярих хүн ч байна. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?

-Манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниуд тайлангаа гаргаж өгдөг. Их хэмжээний нөхөн төлбөр төрөөс шаардаж байгаа компаниудыг төлсөн татвартай нь харьцуулах нь зүйтэй гэсэн санал гарч байгаа. Компаниуд нөхөн сэргээлтээ зайлшгүй хийсэн байх шаардлагатай. Хэрвээ хийгээгүй бол нөхөн сэргээлтийн мөнгийг тухайн компанид өгч буй мөнгөнөөс суутгаж авах ёстой л доо.

-Урт нэртэй хуулийг санаачилсан гишүүний хувьд энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байгаад 21 жилийн ял авсан Ц.Мөнхбаярын хэрэгт ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн гаргасан шийдвэрт УИХ-ын гишүүд нөлөөлөх бололцоо байхгүй. Өмнөх Засгийн газрын үед Урт нэртэй хуулийг батлуулахын тулд Ц.Мөнхбаяртай хамтдаа дуу хоолойгоо өргөж явсан. Байгаль хамгаалахын төлөө дуугарч тэмцэж байгааг нь иргэд дэмжиж байгаа байх. Гэхдээ тэмцлээ ямар хэлбэрээр илэрхийлж байгаа нь өөр асуудал  л даа.  Хүчирхийллийн замаар  үзэл бодлоо илэрхийлэхийг би хувьдаа дэмжихгүй.