О.Баасанхүү: Их мөнгөөр ядуу иргэдийг айлгаж, эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө лоббиг явуулна гэвэл хатуу тэмцэнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.11.06

О.Баасанхүү: Их мөнгөөр ядуу иргэдийг айлгаж, эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө лоббиг явуулна гэвэл хатуу тэмцэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй Урт нэртэй хуулийн талаар ярилцлаа.

Урт нэртэй хуулийн дагаж мөрдөн журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “Дараагийн чуулганаар хэлэлцэхээр хойшлуулъя. Мөн нарийн судалж, орон нутагт ажиллах хэрэгтэй” гэдэг санал гаргасан юм. Тэгвэл энэ дагуу гурван ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна.

-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар байгуулагдсан гурван ажлын хэсэг орон нутагт ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр таны хувьд Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгаар ажиллахад байдал ямар байсан бэ?

-Аймшигтай байдалтай байлаа. Дайны дараах үеийн нөхөн сэргээлт гэдэг шиг юм байна. Тухайн үед алтыг нь хангалттай авсан байна билээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт “Эрэл” компанийнхан, дараа нь чехүүд алтны хайгуул хийж, 20 жилийн хугацаанд газар нутгийг нь сэндийчсэн байна. Харин нэг ч ширхэг мод ургуулсан юм алга.

Биологийн нөхөн сэргээлт байтугай техникийн сэргээлт хийгээгүй байсан. Онги гол нь ширгэх түвшинд очсон байдалтай байлаа. Миний хувьд үүнийг харж явахад сэтгэлээр унасан. Гэхдээ очсон газар бүрт ийм байдалтай байгаагүй. Өвөрхангайн Бөмбөгөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа компани нь голын ойролцоо алт олборлохын зэрэгцээ биологийн нөхөн сэргээлт, бүх зүйлээ хийсэн байсан.

Нөгөөтэйгүүр хашаа татсан, үлгэр жишээ нөхөн сэргээлттэй таарсан. Гэтэл наад талд нь гол бохирдуулж байгаа компани байх жишээтэй. Тэгэхээр нөхөн сэргээлт хийх нь тухайн хүнээсээ, мөн сэтгэлээс болдог юм байна гэдэг дүр зураг харагдаж байлаа. Тэр утгаараа Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудал дээр бодох, харах зүйл байна.

Яагаад гэвэл, ард иргэдийн хувьд байгалийн баялгаа ухаад амьдрал нь дээшилсэн юм алга. Байдгаараа л байж байна. Мөн аймаг, сум нь дээшилсэн үү гэвэл харьцангуй зүйл харагдсангүй. Үнэндээ хөгжил нь 20 дахин нэмэгдсэн зүйл байхгүй байна. Тэр утгаараа нөхөн сэргээлтийг хийлгэх нь чухал.

-Иргэний хөдөлгөөнүүд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа. Гэтэл ажлын хэсгүүд гаргаад энэ хуульд өөрчлөлт оруулах талаар судалж байна. Магадгүй өөрчлөлт оруулснаар эх хуультайгаа зөрчилдөх асуудал гарахвий гэсэн болгоомжлол байна?

Хууль хэрэгжих, хэрэгжихгүй гэдэг нэг л асуудал бий. Өөрөөр хэлбэл, хуулийг хүчингүй болгож, зарим тохиолдолд хуулийн үйлчилгээг зогсоож болно. Харин хууль дотор журам гаргаад түүнийгээ хууль гэж нэрлээд хэсэг бүлэг хүний ашиг сонирхлыг дэмжинэ гэвэл би эсрэг байна. Үнэхээр хуулийн дотор журам гаргаад тэр нь Монгол Улсын байгалийн нөхцөл байдалд сайнаар нөлөөлбөл дэмжих асуудал.

-Урт нэртэй хуулийн хүрээнд 600 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс олгоно гээд заачихсан. Харин энэ мөнгийг олгох нь эргэлзээтэй, бас төрд алдагдалтай зүйл болно гэж үзэж байгаа шүү дээ?

-Их мөнгөөр ард иргэдийг айлгахаа болих хэрэгтэй. Хуульд нэг л үг бий. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтээ хий, тэгээд мөнгөө нэх гэж байгаа. Тэгэхээр нөхөн сэргээлтээ хийгээгүй байж мөнгө нэхэх тухай яривал инээдэм. “Би алтаа ухаж байсан чинь ажилчдынхаа цалинг өгөх гэсэн мөнгөгүй болсон.

Аймшигтай байдалтай, дайны дараах үеийн нөхөн сэргээлт гэдэг шиг юм байна.

Мөнгийг минь өг” гэвэл бид өгөхгүй. Харин “Техник, биологийн нөхөн сэргээлтээ хийчихлээ. Мод ургуулчихлаа. Алтаа авах ёстой байсан чинь асар их зардал гарлаа” гэвэл мөнгийг нь өгч болно. Харин их мөнгөөр ядуур иргэдийг айлгаж, эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө лоббиг явуулна гэвэл би хатуу тэмцэнэ.

Хэзээ ч зөвшөөрөхгүй. Ерөнхийдөө айлгах байдал мэдрэгдсэн. Яагаад гэвэл “Сэтгэлгүй компанийн эзэд алтаа ухчихвал байгалийг чинь сэргээе” гэж байгаа. Харин байгалиа сэргээсэн, мод ургамал барьсан байвал нэхэж байсан мөнгийг нь өгч болно. Монгол дампуурчихсан орон биш. 600 тэрбум бол төрийн хэмжээнд юу ч биш мөнгө.

-Журмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар алтны худалдааг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Таны хувьд энэ хуулийг юу гэж үзэж байна вэ?

-Алт авах гэж газар шороогоо ухсанаар хэдхэн бүлэглэл хөрөнгөжсөн. Хууль бус алтны наймаа гарч, хил гаалиар давлаа гэж яригдсан. Алт төлбөрийг хэрэгжүүлье гэвэл ард иргэдтэйгээ яриад, байгалийн нөхөн сэргээлтийг төр засаг нь хянасан шиг хянаад, хийлгэсэн шиг хийлгэх хэрэгтэй байсан.

Харамсалтай нь алт хар мөртэй гэдгээр хүний шунал мундахгүйгээр барахгүй аймшигтай зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, Архангай аймагт хиймэл нуур үүсгэснээс болж 5-6 хүн шивээд нас барсан байгаа юм. Дээрээс нь Өгий нуур ширгэж байна. Учир нь Өгий нуурын эхэд байсан голыг нь шороогоор дарснаас болоод өнөөдөр ийм байдалтай болсон.

Гэхдээ хэн нэгнийг зөвтгөж, буруутгах нь миний зорилго биш. Гол нь Монгол Улс хойч үеийнхээ өмнөөс хулгай хийхгүй гэдэг зарчмыг барих хэрэгтэй. Хойч үе гарч ирээд байгаль орчноо хэрхэн хамгаалах нь тэдний асуудал. Гэвч бид хойч үедээ зөв зүйлийг үлдээх нь чухал.